Хятадад байгаа төр, засгийн албаны хүмүүс, тэдний гэр бүлийнхэн, нууц мэдээлэлд ойр байдаг ажилтнуудаа ажиллаж байгаа улсынхаа иргэдтэй ойр дотно юм уу, бэлгийн харилцаанд орохыг АНУ-ын эрх баригчид хоригложээ хэмээн дөрөвдүгээр сарын 3-нд “Associated press” агентлаг мэдээлж байв. Бээжинд сууж байсан АНУ-ын элчин сайд Николас Бёрнс Хятадаас буцахынхаа өмнөхөн ийм шийдвэр гаргажээ. Энэ хориог хүмүүстээ амаар дуулгаж, цахим шуудангаар хүргэснээс биш, албан ёсоор зарлаж мэдээлсэнгүй. Хоригийг эх газрын Хятадад байгаа АНУ-ын бүх төлөөлөгчдийн газрууд, түүний дотор Бээжин дэх ЭСЯ, Гуанжоу, Шэньжин, Ухань болон Хонконгод байдаг консулын газруудад түгээжээ. Хятадын хилийн гадна ажиллаж буй америк хүмүүст энэ тухай дуулгасангүй.
Хятадын иргэнтэй нэгэнт харилцаатай болчихсон америк хүмүүсийг үүнд хамруулсангүй. Хэрэв ийм америкчуудыг уг хоригт хамруулбал тэд харилцаагаа таслах, эсвэл ажлаа орхиход хүрнэ, хоригийг зөрчвөл даруй Хятадаас явуулна. “Associated Press” агентлагийн тэмдэглэснээр Хятадад ажиллаж буй америк албан хаагчдыг АНУ-ын ЭСЯ болон таван консулын газарт хамгаалалтын алба болон бусад туслах чанартай ажил эрхэлж буй хятад иргэдтэй дотно, бэлгийн харилцаанд орохыг 2024 оны зун хоригложээ. Гадаадын хүмүүстэй харилцах талаар “үл ойртох бодлого” нэртэй хатуу дэг журам хүйтэн дайны үед ихээхэн түгээмэл байв. Зөвлөлт, Хятад болон зөвлөлтийн эвслийн орнуудад ажилладаг төрийн албан хаагчдаа тэндхийн хүмүүстэй уулзах, нөхөрлөх, энгэр зөрүүлэхийг АНУ-ын эрх баригчид 1987 онд хорьж байсныг нууцлалаас гаргасан Төрийн департаментын баримтууд нотолдог. Москвад зөвлөлтийн тагнуулч эмэгтэй Америкийн тэнгисийн нэгэн явган цэргийн толгойг эргүүлэх гэж оролдсоны дараа ийм хорио тогтоосон байна. 1991 онд ЗХУ задарснаар хязгаарлалт сулрав. Харин Хятадад элдэв хорио олон жил байсангүй. 2025 оны нэгдүгээр сард АНУ-ын эрх баригчид хориг тавихаас өмнө бол Хятадад ажиллаж буй Америкийн төрийн ажилтнууд Хятадын иргэдтэй энгэр зөрүүлснээ илтгэх ёстой байсан бөгөөд дотно харилцаанд орохыг шууд хориглоогүй байжээ.
Нууц мэдээлэл олж авахын тулд хэрэгтэй гэсэн хүнтэйгээ энгэр зөрүүлэх “амттай урхи” гэж нэрлэдэг аргыг Бээжин идэвхтэй хэрэглэдэг байсныг Америкийн дипломат ажилтнууд болон тагнуулын байгууллагын шинжээчид нотолдог байна. Тиймээс Хятадад ажиллахаар явж буй хүмүүстээ урьдчилан анхааруулдаг байв. АНУ-ын дипломат ажилтнуудын толгойг эргүүлэхийн тулд Хятадын тусгай албад аятайхан хүүхнүүдийг зориуд ашигласан тодорхой тохиолдлуудыг өгүүлсэн тусгай мэдээлэл тэдэнд бэлтгэж өгдөг байж.
“Амттай урхи”-ийг бас “амттай суултуур” гэж ч нэрлэдэг, улс төрийн түүний дотор тагнах зорилгоор эмэгтэйчүүдийг ашигладаг энэ аргыг тусгай албад түгээмэл хэрэглэдэг аж. Ижил хүйстнээ сонирхдог хүнд бол эрэгтэй хүнийг ашиглах нь ч бий гэдэг.
Америкийн Тагнуулын төв газар (ТТГ)-ын ажилтан асан Жейсон Мэтьюзийн ярьснаар эмэгтэй тагнуулуудыг ЗХУ-д Казань хот дахь тусгай сургуульд бэлтгэж байжээ. Энэ сургуулийн тухай Мэтьюз “Улаан бялзуухай” гэдэг роман бичсэнээр 2018 онд түүгээр кино бүтээсэн байна. Хүйтэн дайны үед Зөвлөлтийн Аюулаас хамгаалах хорооны ашиглаж байсан ийм хүүхнүүдийг Өрнөдөд “уриалгахан бүсгүйчүүд” гэж нэрлэдэг байв. Гадаад өнгө үзэмж сайтай жүжигчин, загвар өмсөгч болон бусад мэргэжлийн хүүхнүүдээс Аюулаас хамгаалах хороо өөрийн зорилгод ашиглахаар сонгож авна. Чекистүүд өөр хоорондоо тэднийг “хараацай” гэж нэрлэнэ. Сайн “хараацайнуудын” тоонд жүжигчин Лариса Кронберг орж байсан бөгөөд 1958 онд түүний тусалснаар Зөвлөлтөд сууж байсан Францын элчин сайд Морис Дежаныг элсүүлж авч байжээ.
Британийн элчин сайдаар Москвад сууж байсан Жэффри Харрисон 1968 онд Аюулаас хамгаалах хорооны анхааралд өртсөнөөр Галя гэдэг аятайхан үйлчлэгчийг түүн рүү явуулж мань дипломатч ч урхинд даруй орох нь тэр. Улсыг аюулаас хамгаалах хороотой хамтарч ажиллахгүй бол өөрийг чинь илчлэх фото зураг байгаа шүү гэж Галя хэлжээ. Хэл ам дэгдсэн ч Жеффри шийтгэл хүлээсэнгүй, удалгүй тэтгэвэрт гарчээ. Москва дахь Шведийн ЭСЯ-нд нэвтрэхийн тулд “амттай урхи” хэрэглэсэн талаар Юрий Носенко гэдэг хүн тодорхой бичсэн байна. Уг ажиллагаанд 12 хүнтэй бүлэг оролцсоны дотор сейф онгойлгогч байжээ. Носенкогийн өгүүлснээр Аюулаас хамгаалах хорооны нэг ажилтан ЭСЯ-ны шөнийн харуулыг саатуулж, өөр нэг ажилтан харуулын нохойд мах өгч аргалсан байна.
ТТГ-ны ахмад ажилтан Йонн Мендесийн ярьснаар Чехословакийн Аюулаас хамгаалах хорооны ажилтан Карл, Хана Кехер нар ТТГ-т нэвтэрч, онцгой нууц материал авахдаа энгэр зөрүүлэх аргыг хэрэглэжээ. Энэ хос ТТГ-ын 10-аас цөөнгүй ажилтан, нэг сенатор ирдэг Вашингтоны нэрд гарсан шөнийн нэг клубт ажилладаг байв. Зүүн Германы тануулын байгууллага Маркус Вольфын удирдлагаар “хараацайнууд”-ыг өргөн ашигладаг байсан гэдэг. ХБНГУ-д тагнуул хийсний улмаас 40 орчим эмэгтэй шийтгэл хүлээсэн байна.
Британийн М15 байгууллага 2009 онд банк, үйлдвэр, санхүүгийн байгууллагуудад “Хятадын тагнах ажиллагааны учруулах аюул” нэртэй 14 хуудас материал тараажээ. Энгэр зөрүүлэх аргаар Өрнөдийн бизнес эрхлэгчдийг элсүүлэхээр Хятад улс өргөн цар хүрээнд ажиллагаа явуулж байсныг түүнд бичсэн байв. Хятадын тусгай албад удаан хугацааны харилцаа тогтоохыг хичээж, хамтарч ажиллахын тулд “хормой хотны үйл”-ийг ашигладагийг анхааруулсан байв. Зөвлөлтийн Аюулаас хамгаалах хорооны ажилтан, ижил хүйстэн Леонид Кутергин гэгч ХБНГУ-ын тусгай албаны ажилтнуудын урхинд орж, тэдний талд ажиллаж байжээ. Югославт Зөвлөлтийн тагнуулч Петр Поповыг элсүүлж авахдаа ТТГ-ын ажилтан Жорж Уильямс Кайзвальтер Австрийн коммунист эмэгтэйн дүрээр Гретхен Рицлерийг “амттай урхи” болгож ашигласан байна. Эцэст нь, 1954 онд мөнгө авч, ТТГ-тай хамтарч ажиллахыг Попов зөвшөөрчээ.
Израилын цөмийн зэвсгийн хөтөлбөрийн тухай мэдээллийг бусдад дамжуулах гэж байсан энэ хүний араас тус улсын тусгай албад хэд хэдэн тив дамжин хөөцөлдсөн байна. Тэрбээр “амттай урхинд” орж, улмаар эрх чөлөөгөө 18 жил хасуулжээ. Мордехай Вануну гэдэг энэ хүн дэлхий дахинд энх амгалан байдал тогтоохын төлөө л тэмцэж явсан гэдэг. Лондон хотын төвд байх сонин зардаг мухлагт дугаарлаж байхдаа тэрбээр шар үстэй үзэсгэлэнтэй бүсгүйтэй танилцсан юм санж. Тэдний харц тулгарахад бүсгүй инээвхийлэв. Израилын гол нууцыг мэдэж байсан Мордехай Вануну Холливудын жүжигчин Фарра Фоссеттэй төстэй тэр бүсгүйтэй хэдэн үг солилцохдоо “Моссад”-ыг “амттай урхиа” тавихад нь туслачих юм гэж ер бодсонгүй. Израилын тусгай албадын хамгийн дуулиантай ажиллагааны нэг төгсгөлийн шатандаа орлоо.
Мордехай Вануну шашны сургуульд сурсан ч иудей шүтлэгийг орхиж, армид яваад, дараа нь оюутан болж физик судалж байснаа сургуулиа хаяв. Негевийн цөлд байх Цөмийн судалгааны төвд ажилд орсон нь түүний амьдралд эргэлт авчирчээ. Олон шалгалт өгсний эцэст 1978 оны хоёрдугаар сард техникчийн албанд томилогдов. Нууц мэдээллийг бусдад дамжуулахгүй байхын зэрэгцээ эндээс халагдсанаасаа хойш таван жилийн хугацаанд Арабын болон социалист лагерийн орнуудад очихгүй байхаар гэрээнд нь тусгасан байлаа. Тус төвийн 2700 ажилтны ердөө 150 нь “Институт-2” хэмээх объектэд нэвтрэх эрхтэй байсны нэг нь Мордехай Вануну байв.
Гэтэл цагийн механизмтай тэсрэх бөмбөг нэгэнт ажиллаад эхэлчихсэн байсан юм санж. Төвд ажиллахын хажуугаар Бен-Гурионы их сургуульд эдийн засаг судалж байсан Вануну радикал үзэлтэй палестин оюутнуудтай ойртож нөхөрлөснөөс Төвийн аюулгүй байдлын алба нь түүнийг “араб үзэлтэй, зүүнтэн” гэх болжээ. Төвийн төсөв хасагдсанаас Вануну 1985 оны эхээр ажлаасаа халагдав. Гэвч ҮЭ-ийн байгууллага нь түүнийг ажилд нь буцааж оруулсан ч 1985 оны аравдугаар сарын 27-ноос Израилын цөмийн хөтөлбөрийн нууцад нэвтрэх эрхгүй боллоо. Гэлээ ч Израилын хамгийн нууцалж байсан мэдээллийг Вануну гартаа оруулсныг дарга нар нь мэдсэнгүй. Тэрбээр “Институт-2”-т фото аппаратаа цүнхэнд хийж аваад орчихжээ. Хэрэв энэ нь мэдэгдээд асуугдаж байцаагдвал хэлэх үгээ бэлдсэн байв. Ингээд лаборатори, тоног төхөөрөмж зэргийн зургийг 58 удаа хальсанд буулгаж амжжээ.
Энэ зургуудаа аваад 31 настай, эрхэлсэн ажилгүй Мордехай Вануну банкны дансаа хаалгаж, машинаа зарчихаад Зүүн өмнөд Азийг зорив. Энэ аялалын эцсийн цэг нь Австрали байлаа. Сиднейд юухан хээхэн хийж аж төрөв. Гэгээн Георгийн гэх сүмийн Жон Макнайт гэдэг ламтай танилцаж, хэдэн долоо хоног өнгөрөхөд христос шүтлэгтэн болж, Жон Кроссман гэх нэр авлаа. Сиднейд танилцсан сэтгүүлч колумб эр Оскар Герреро эрдэм шинжилгээний төвд авсан зургуудыг нь сонирхох янзтай. Тэрбээр тэдгээр зургаар мөнгө олох хүсэлтэй байв. Британийн “The Sunday times” сонинд хандсан чинь гайгүй ч үнэ хэллээ.
Цөмийн хөтөлбөрийн тухай нууц мэдээллийг нь хэн нэгэн худалдах гэж буй сургийг Израил 1986 оны наймдугаар сард авчээ. Британийн дээрх сонины нэг ажилтан Димон дахь объектын тухай ном бичих гэж хэдэн жилийн өмнөөс оролдсон, тэндхийн Цөмийн судалгааны төвд ажиллаж байсан Вануну гэх хүний талаар мэдээлэл олохыг хичээн Израилын сэтгүүлч Ами Доронд хандсан байна. Чухам энэ Дроноос Израилын тусгай албад руу мэдээлэл алдагдсан аж.
Мордехай Ванунугийн хувь заяаг Израилын Ерөнхий сайд Шимон Пересийн түвшинд шийдэхээр боллоо. Түүний нэг зөвлөх Ванунуг Австралид устгахыг санал болгов. Тэгээд Израилын маш чухал нууцыг худалдах гэж буй тэр этгээдийг амьдаар нь Израилд авчрахаар шийдэв. Хилийн чанадад хүчний ажиллагаа явуулдаг “Моссад”, “Кесарин”-ийн ажилтнуудыг Австрали руу даруй илгээжээ. Гэвч тэд хождож “The Sunday times”-ийн сэтгүүлч Питер Хоунем түрүүлээд Ванунуг Лондонд аваад иржээ. Израилын шуурхай ажилтнууд ч Ванунуг хаанаас хайхаа мэдээд авав.
Вануну сонины сэтгүүлчдэд мэддэг бүхнээ ярьж, тэд ч мэдээлэл үнэн зөв болохыг шалгасны эцэст 100 мянган ам.доллар, ном бичвэл түүний орлогоос 25 хувийг нь өгөхөөр амлав. Израилын тусгай албад түүнийг “авлахаар” хэдийн хөдөлснийг Вануну мэдэж байсан болохоор сэтгэлийг нь санхүүгийн талын асуудал зовоосонгүй. Амьдарч буй зочид буудал, сониныхонтой тогтоосон холбоог нь “Моссад” мэдэж байсан ч Ванунуг Нэгдсэн хаант улсын газар нутгаас хулгайлах тухайд санахын ч хэрэггүй, Ерөнхий сайд Шимон Перес Британийн Ерөнхий сайд Маргарет Тэтчертэй тогтоосон харилцаагаа сэвтүүлэхийг хүсэхгүй байлаа. Тэгээд Ванунуг Италид аваачих арга сэдэхээр шийдэв. “Моссад”-ын ажилтнууд Ванунугийн сэтгэл санааны онцлогийг сайтар судлаад “амттай урхи” түүнд хэрэглэх нь зөв гэж үзлээ. Вануну ганцаардаж, эмэгтэй хүний анхаарал халамж үгүйлж буйг нь мэдээд 1986 оны есдүгээр сарын 24-нд нэгэн царайлаг “амьтан”-ыг түүнтэй уулзуулахаар болов. Сонины мухлагийн дэргэдээс эхэлсэн хоёрын яриа зоогийн газар үргэлжлэв. Эмэгтэй өөрийгөө АНУ-д төрсөн, еврей үндэстэн, гоо сайханч ажилтай, Лондонд жуулчилж ирсэн хэмээн ярив. Санамсаргүй мэт эхэлсэн тэдний харилцаа дараагийн өдрүүдэд ч үргэлжилж, зугаалж, кино үзэж, үнсэлдэж байлаа.
Сэтгүүлчид хожим нь олж мэдснээр уг бүсгүйн нэр Черил Бен-Тов, Америкийн саятны охин, 17 настайдаа Израилд очсон, армид алба хааж байхдаа армийн тагнуулын албанд ажилладаг хүнтэй танилцаж хамт амьдрах болжээ. “Моссад”-д элсээд, хоёр жилийн өмнө тусгай бэлтгэл хийсэн нэгэн байв. Ванунуг түүнээс хөндийрүүлэх гэж сэтгүүлч Питер Хоунем оролдоод чадсангүй. Ром хот руу хамт явъя гэхэд нь Вануну дуртайяа зөвшөөрдөг байгаа. Ром хотыг сонгосон нь учиртай, Итали, Израилын тусгай албад ажил төрлийн дотно холбоотой болохоор Ванунуг Италиас хулгайлахад ядах юм үгүй гэдэгт “Моссад”-ын ажилтнууд эргэлзэхгүй байлаа.
Есдүгээр сарын 30-нд Ромын онгоцны буудал дээр мань хоёрыг бууж ирэхэд Вануну руу хоёр эрэгтэй давхиж очоод гар, хөлийг нь баглаад авах нь тэр. Ямар нэг тариа хиймэгц Вануну ухаан алдав. Түүнийг Израилын усан онгоцонд аваачив. Онгоцны усан цэргүүдийн ярьснаас үзвэл олзлогдогчоос гадна “Моссад”-ын гурван ажилтан, шар үстэй сайхан эмэгтэй бас Израил руу хамт явжээ. Вануну Израилд байгааг Засгийн газар нь 1986 оны арваннэгдүгээр сарын эхээр л албан ёсоор мэдээлсэн байна. Израилын нөөцөд урьд нь үзэж байснаар цөмийн бөмбөгийн 10-20 хошуу биш, 150-200 цэнэгт хошуу байгааг дэлхий дахин мэдэж авлаа. Тэгэхлээр Израил цөмийн гүрэн болчихсон гэсэн үг.
Ванунуг улсаасаа урвасан, хүнд нөхцөл байдалд тагнуулын ажиллагаа хийж, улсынхаа аюулгүй байдалд хохирол учруулах зорилгоор нууц мэдээлэл цуглуулсан хэмээн буруутгаж шоронд 18 жил хорих ял өгөв. Тэрбээр 11 жилийг нь ганцаар хоригдох өрөөнд өнгөрүүлж, 2004 оны дөрөвдүгээр сарын 24-нд суллагдлаа. 49 настай Ванунуг шоронгийн хаалганы дэргэд угтсан хүмүүсийн зарим нь “Баатар” гэж хашгирч байхад нөгөө хэсэг нь “Урвагч” гэж орилж байлаа...
Р.Жаргалант