Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд 2023 онд нэмэлтээр оруулсан “үл хөдлөх хөрөнгийг авсан үнээс нь бууруулж зарах”-ыг хориглосон заалтыг УИХ хүчингүй болгожээ. Энэхүү заалт нь Үндсэн хуулиар хамгаалагдсан өмчлөгчийн болон хүнийг эрхийг ноцтойгоор зөрчсөн хэмээн нэр бүхий иргэд мэдээлэл гаргасны дагуу Үндсэн хуулийн цэц тус асуудлыг хэлэлцээд холбогдох заалтыг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан юм. Тэгвэл парламент Цэцийн дүгнэлтийг хүлээж авснаар хуулийн эл заалт албан ёсоор хүчингүй боллоо.
Энэ асуудлаар Цэцэд хандсан иргэдийн төлөөлөл өнгөрөгч долоо хоногийн лхагва гарагт хэвлэлийн хурал хийж, өмчлөх эрхэд халдсан “коммунист” хуулийг хүчингүй болгохыг УИХ-ын гишүүдэд уриалсан юм. Үүнээс хоёр хоногийн дараах буюу энэ сарын 4-ний УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар тус дүгнэлтийг хэлэлцэж, хүлээн авчээ.
Н.Буян