Тэрбээр БНСУ дахь “хар” ажил хийдэг монголчуудтай уулзаж, ярилцлагын бүтээл гаргах бодолтой байсан ч алсдаа энэ нь “Харынхан” хэмээх тууж болсон юм. Үүгээр тогтохгүй “Надад хувилсан усны чимээ” шүлгийн түүврээ тус номтойгоо зэрэгцүүлэн олон нийтэд хүргэсэн. Х.Умаахан эл яруу найргийн бүтээлээсээ хамгийн гэгээн сайхныг “Өнөөдөр” сонины уншигчдад сонгон хүргэлээ.
СЭТГҮҮЛЧ М.ТЭНГИС НАЙЗДАА ЗОРИУЛАВ
Чамайг,
Нэг л өдөр чихээ перетикээр тайрчхаад
Ван Гог шиг бариад ирж мэдэх хүн гэж боддог.
Галзуугийн эмнэлгийн цонхоор харж суухдаа, Бетховен сонсож
Гагцхүү өөртэйгөө хийсэн “гаж” ярилцлага чинь алдаршина гэж боддог.
Адууны дэлэнд ороолдсон, хаврын хөх салхи шиг эрх чөлөөтэй ч
Адагтаа тулсан эмгэний сүнс дотроос чинь амьсгалаад байх шиг болдог.
Үгшмэл, амь тавьж буй тэр эмгэний сүнс
Үгэн мэнгэ хацар дээр чинь ургуулаад
Үсээр чинь хуруугаа ороож, тоглох шиг санагддаг.
Амгалан шөнийн нойрноос минь сэрээж
Адарсүрэн та хоёр тагш архи нэхээд байх шиг санагддаг
Ахиад юу ч бичихгүй гэж өөртөө амласан өдрүүдэд минь
Ардын дуу шиг чи намайг тайтгаруулаад байдаг.
Ганцаардаж, гараа базалж явсан амьдралд минь
Ганц улаан, шүүслэг тоорын амт амтагдах адил
Ганьхарч, гиюүрсэн ийм нэгэн хүн надтай учирсан байдаг.
ХАЙРЫН ХЭЛ
Хамт цээжлэхээр наасан шинэ үгс
Хөргөгчийн хаалга, орны толгой, ханын цаасыг бүчжээ хайрт минь
Хамгийн түрүүнд хайр, халамж, итгэл гэх үгсийг бичээд
Хаалганы хажууд наахад, нэр цохох дорвитойхон хогшил бидэнд үгүй байлаа.
Хоёр давхар ширмэл гудас, хоёр чемодан, хоёр сойз, хоёр углааш, хоёр аяга,
Ганц хөнжил, ганц будаа агшаагч, ганцхан чамайг гэсэн сэтгэл,
Чиний авчирсан философийн ном, миний унших дуртай Мө, Тө-гийн номууд
“Лонхонд үлдсэн шүлгүүд”-ээс өөр тулж түших ширээ сандал үгүй байлаа.
Холын холоос эцэг минь хүрэн хамбан дээлдээ боож, боож явуулсан хонины махыг
Хажуу айлдаа гуйж, гуйж хадгалуулаад эргэхдээ
“Харж байна уу нүүрийн буян гэж энэ дээ” гээд инээлддэг байлаа
Энхэр хоёр гараараа цамцны толбыг минь үрж суухад чинь
Энэ цалингаас л угаалгын машин авдаг юм шүү хэмээн өөрийгөө зэмлэдэг байлаа
Одоо бид ядарч, ядарч ирээд ойчоод өгөх ортой ч болсон, үртэй ч болсон
“Хайрын хэл” гэдэг харийн энэ хэлээр ярьж сурахдаа
Хайрлах, халамжлах, итгэх гэдэг үгсийг л хамгийн түрүүнд хэлж сурцгаасан минь энэ.
ЧАМААР ХООЛ ХИЙЛГЭМЭЭРГҮЙ
Өнөөдөр ямар хоол хийх вэ?
Өөрөө л мэд!!
Өдөр бүхэн бидний дунд өрнөх ийм халуун ярианы цаадах эмзэглэл
Өсөж томорсоор шүлэг болно чинээ санасангүй.
Хэчнээн хэрэлдсэн ч чамаар
Хөлдүү мах зоруулахгүй л гэж боддог
Хуруу гарт чинь хутга, заадуурын ором тогтож үлдэхээс би айдаг.
Хэчнээн залхуурлаа ч чамаар
Сонгино хэрчүүлэхгүй л гэж боддог
Уйлах гэдэг угтаа ав адилхан
Учир шалтгаанаа сонгинынаагт нуух вий гэж айдаг!
Цаг хугацаа манай хоолны цэс шиг л эргэлдэж
Цуйван, будаатай хуурга, лапша, чанасан мах,
Нэг л мэдэхэд чи бид хөгширсөн байна.
Харин түүнээс урьтаж
Өнөөдөр чамд хайргүй болчихлоо. Яах вэ? хэмээн асуувал чинь
Өөрөө л мэд!! гэж хариулах тийм л өр зөөлөн хүн болсон би
АРИУН ЦЭВРИЙН ХЭРЭГЛЭЛ
Амьдралд тохиолдох өчнөөн сонирхолтой зүйлсийн эхнийх нь
Ариун цэврийн хэрэглэл авахаар дэлгүүр орох.
Алийг нь гэдгээ мэдэхгүй чам руу залган
Өдрийнх үү, шөнийнх үү гэж чангаар асуугаад
Бусдаас ичингүйрэн толгойгоо илэх.
Өдрийнх, шөнийнх, өдөр тутам
Өмсдөг, тампон, аяган гэх төрөлтэйг мэдэж аваад
Өөрийгөө шоолж баахан хөхрөх.
Амьдралд тохиолдох өчнөөн сонирхолтой зүйлсийн удаах нь
Анхны үрдээ живх авахаар дэлгүүр орох.
Алийг нь гэдгээ мэдэхгүй ахиад л чам руу залган
“Aiwibi” юу, “Huggies”-уу гэж чангаар асуугаад
Бусдад гайхуулахдаа толгой дээгүүр алхах.
“Маамий поко”, “Тоди”, наадаг живх гэхчлэн олон төрөлтэйг мэдэж аваад
Мартаж л болохгүй юм шүү гэж өөртөө хэлэх.
Амьдралд тохиолдох өчнөөн сонирхолтой зүйлсийн сүүлийнх нь
Ахиад л чам руу залгаад
Ариун цэврийн хэрэглэл, живхний тухай асуух биш
Аз жаргалтай амьдарч чадсан уу хэмээгээд
Утсаа салгах.