Нийслэлд барьсан гүүрэн гарцууд бүгд шахам явган зорчигчдод ээлгүй. Гүүрэн гарц гэхээсээ илүүтэй ямар ч гоо зүйгүй, яг л төмөр гяндан шиг эдгээр нүсэр байгууламжийг одоогоор Сансарын шатахуун түгээх станцын автобусны буудал, Зуун айл, “Бөмбөгөр” худалдааны төв, 19-ийн үйлчилгээний төв орчимд бариад буй. Нэмээд хэд хэдэн байршилд гүүрэн гарц барихаар нийслэлээс мэдээлсэн билээ. Тэгвэл хамгийн сүүлд буюу өнгөрсөн баасан гарагт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нарны хорооллоос хотын төв хүрэх боломжтой төмөр зам дээгүүрх явган хүний гүүрэн гарцыг ашиглалтад оруулаад байна. Уг гүүрэн гарцыг нийслэлийн төсвөөс 2.8 тэрбум төгрөгөөр барьсан бөгөөд хийц нь бүхэлдээ угсармал металл, Хятадад хэсэг бүрийг нь бэлтгүүлж, энд авчирч угсарсан гэнэ.
Нийслэлийн Замын хөгжлийн газрынхан “Гүүрэн гарцын барилгын ажлыг өнгөрсөн онд эхлүүлж, өдгөө ашиглалтад оруулаад байна. Зорчих хэсгийн өргөн нь 3.6, урт нь 100, өндөр нь найман метр. Тэргэнцэртэй болон дугуйтай иргэд зорчиход саадгүй, налуу замтай. 124 ширхэг гэрэлтүүлэгтэй, мөн саравчтай барьсан” гэв. Албаныхан хэдийгээр ийм тайлбар өгч буй ч иргэд уг гүүрэн гарцыг социализм ханхлуулсан брута лист архитектур хэмээн шүүмжилсээр байгаа юм. Хийц загварын хувьд өмнөх гүүрэн гарцуудаасаа ялгарах зүйлгүй, хэт эгц, нүсэр, шат хоорондын зай хол, өнгө үзэмжгүй, сараалжилсан төмрүүдтэй яг л шорон шиг барьчихсан, явган зорчигчдод, тэр дундаа хөгшид, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлгүй бүтээн байгуулалт ийнхүү нэгээр нэмэгдсэн нь энэ.
Брутализмыг архитектурын хувьд загвар хийцлэлд бус, зөвхөн геометрийн дүрс, тэгш хэмт байдлыг чухалчилдаг, 1950-1970 оны буюу хэт хуучны бохир шийдэл ч гэж үздэг. Нөгөө талаар энэ хэллэг нь хувь, эсвэл бүлэг хүнд хор хөнөөл учруулдаг туйлын харгис хэрцгий үйлдэл гэдэг утгаараа ч хэрэглэгддэг аж. Өөрөөр хэлбэл, хүний эрх, ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн үйлдлүүдийг үүнд багтаадаг бөгөөд иргэд дээрх гүүрэн гарцыг загвар хийцийнх нь хувьд ч, хэрэглээ талаас нь ч ийнхүү монгол маягийн бруталист шийдэл гэж тодорхойлоод байна.
О.Ундрах