Төрийн шагналт хөгжмийн зохиолч Бирваагийн Мөнхболдын нэгэн шинэлэг тоглолт даваа гаригийн үдэш ДБЭТ-ыг “эзэгнэв”. Тэрбээр хэд хоногийн өмнөөс симфони, кино концертын зараа түгээсэн билээ. Симфони кино концерт гэж чухам юу байдгийг мэдэж ядан тоглолтын танхимд ороод урьдчилан бэлтгэсэн дэлгэцээр хөгжмийн зохиолчийн ярилцлага гарч байхыг харав.
Тэрбээр Ойрадын Галдан бошигт болон түүний хатан Ану нарын эх орноо гэсэн тэмцэгч үзэл санаа болон үнэнч хайр дурлалын тухай өгүүлээд энэ бүхнийг хөгжмийн хэлээр илэрхийлсэн симфони сюит буюу хөгжмийн чуулбарыг дэлгэцээр гарах дүрстэй хоршуулан үзэж, сонсохыг урив. “Галдан бошигт” симфони сюитийг өнгөрсөн жил улсын хөгжмийн санд бүртгэн авсан юм.
Энэ зохиолын нэгдүгээр анги болох “Өндөр Алтай нутаг”-ийг урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Н.Туулайхүүгийн удирдлагаар ДБЭТ-ын симфони найрал хөгжим тоглож сонирхууллаа. Дэлгэцээр гарах байгалийн үзэсгэлэнт байдал намуухан уянгалах хөгжмийн аялгуутай хоршиж, сэтгэлд баруун Монголын хязгаар нутаг буюу эртнээс нааш Ойрад түмний нутаглаж ирсэн сүрлэг уулс, байгалийн өвөр мөц тогтоцыг сэтгэлд “зурсан” юм. “Ол гой нуурын дэргэдэх тулаан” хэмээх хоёр дугаар ангийн хөгжим нэлээд хурдан хэмнэлтэй, түгшүүртэй аялгуутай байв.
Энэ үед дэлгэцээр дайн, байлдаан гарч, үзэгчдийг эртний түүхээр аялуулсан. Харин энэ ангийн хоёр дахь хэсэгт Галдан, Ану нарын хайр сэтгэлийн тухай өгүүлэн үзэгчдийг уяраав. Төгсгөлийн ангид Манжийн дарлалд 200 жилийг өнгөрүүлсэн монголчуудын эмгэнэлт ялагдлыг сануулах “Тэрэлжийн 100 модны дэргэдэх тулаан”-ыг өгүүлжээ. Нэг цагийн турш Монголын эртний түүхээр аялуулан их хүмүүний ялалт, ялагдал, хайр дурлал, эх нутгаа өмгөөлсөн тэмцлийг өгүүлсний дараа тоглолт хэсэг завсарласан юм.
Завсарлагааны үеэр үзэгчид гайхамшигтай уран бүтээлийг шагшин магтаж, Монголын хөгжмийн ертөнцөд өмнө нь байгаагүй, ойлгомжтой энгийн хэлбэрээр туурвисан дан хөгжмийн бүтээл үзэж, сонссондоо талархаж байлаа. Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Мөнхболдын “Галдан бошигт” симфони сюит уртын дуу, морин хуурын эгшгээр эхэлж, ерөөл, магтаалтай цуурын аялгуугаар өндөрлөсөн юм.
Энэ үдэш тоглолт үзэхээр ирсэн үзэгчдэд хөгжмийн зохиолч маань ганцхан бүтээлээ сонсгоод үдэхийг хүсээгүй учраас “Галдан бошигт”- ыг үргэлжлүүлэн “Баян Монгол” жааз найрлаар “Удиртгал”, “Мишээл” хамтлагаар “Намрын дурдатгал”, “Бөртэ” хамтлагийн хөгжимчин Ч.Мөнх-Эрдэнээр “Ятгын концерт”-оо тоглууллаа.
Ж.СОЛОНГО