Завхан аймгийн Алдархаан сумын сургуулийн анхны сурагчдын нэг, эдүгээ 101 настай С.Жигмэдсүрэн гуайг уншигчидтайгаа уулзуулж байна. Хэдхэн хоногийн өмнө Гавьяат багш цол хүртээд буй тэрбээр үндэсний монгол бичгээ олон нийтэд сурталчлан таниулах, хүүхэд, залууст заан сургах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд амьдралынхаа ихэнх хугацааг зориулжээ. Өдгөө ч энэ үйл хэргээ үргэлжлүүлж, “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаанд жил бүр оролцсоор байгаа юм. Уг уралдааны хамгийн ахмад настай оролцогчоор сүүлийн жилүүдэд тогтмол шалгарч буй гэдгээр нь зарим уншигч маань түүнийг эчнээ таних биз ээ.
-Сар шинийн баярын босгон дээр бид уулзаж байна. Та болон таны гэр бүлийнхэн Цагаан сараа хэрхэн тэмдэглэдэг вэ. Энэ нь таны хувьд ямар утга учиртай баяр бол?
-Цагаан сар бол монгол үндэстний хамгийн сайхан баяр. Тиймээс ёс уламжлалынхаа дагуу тэмдэглэж байх нь зүйтэй. Манайх ч жил бүр гэр бүлээрээ тэмдэглэдэг. Би 1949 онд гэр бүл болж, эхнэртэйгээ 75 жил хамт амьдарсан юм. Хөгшин минь өнгөрсөн жил 90 настайдаа бурхан боллоо. Манайх таван охин, нэг хүүтэй. Тэднээс минь улбаалсан 18 ач, зээ, 22 гуч бий. Бид бүгдээрээ цуглаад Цагаан сараа тэмдэглэнэ дээ. Энэ ташрамд, нийт монгол түмэндээ үндэсний баярын мэнд хүргэж, сайхан шинэлэхийг ерөөе.
-Гавьяат багш цол хүртсэнд тань баяр хүргэе. Та бол нэгэн зуунаар тоологдох настай хүн. Энэ хугацааныхаа хэдэн жилийг багшлахад зориулав?
-Улаанбаатар хотын Багшийн дээд сургуулийг 1940 онд төгсөөд, бага ангийн багш мэргэжил эзэмшсэн. 1951 онд Архангай аймагт байгуулсан, багшийн анхны сургуульд эчнээгээр суралцаж, 1954 онд төгсөөд, дунд ангийн багш болж байлаа. 1992 онд Боловсролын яамны дэргэд уйгаржин монгол бичгийн багш нарын түр курс хичээллүүлэхэд нь суралцаж, их, дээд сургуулиудад монгол бичгийн хичээл заах эрхийн үнэмлэх авсан юм. Ингээд 1940 оноос хойш бага, дунд, их, дээд сургуульд нийт 46 жил багшилж, монгол бичиг заажээ. Энэ хугацаандаа 40 100 хүнийг монгол бичигт сургасан байна.
-“Монголын сайхан бичигтэн” улсын уралдааныг 1996 оноос хойш жил бүр зохион байгуулж буй юм билээ. Үүнээс та хэдэд нь өрсөлдсөн бэ. Шагнал хүртэж байв уу?
-“Хүмүүн бичиг” сониноос сайхан бичигтний уралдааныг 27 удаа зохион байгуулжээ. Энэ уралдааны анхныхад нь би орж чадаагүй юм. Хоёр дахь удаагийнхаас нь эхлээд 26 жил тасралтгүй оролцлоо. Өнгөрсөн намар зохион байгуулсанд нь ч бүтээлээ илгээсэн. 2016 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулсан уралдаанд түрүүлж байв. Ер нь 26 жил оролцохдоо 5-6 удаад нь шагналт байрт шалгарчээ. Гэхдээ би шагнал авах гэж л уралдаанд өрсөлдөөд байдаг юм биш ээ. 40 100 гаруй хүнийг сургасны хувьд үндэсний бичгээ монгол хүн болгонд эзэмшүүлэхийн төлөө л зүтгэдэг. Залуу хойч үе минь монгол бичгээ сураасай, надаас үлгэр дуурайл аваасай гэсний үндсэн дээр 100 нас хүрсэн ч уралдаанд оролцсоор байгаа. Монгол угсаатан түүхийнхээ турш 10 гаруй бичиг зохиож хэрэглэсэн юм. Тэдгээрээс өдий хүртэл хадгалагдан үлдсэн нь монгол бичиг шүү дээ. 2000 гаруй жилийн түүхтэй. Тиймээс монгол угсаатан үндэсний бичгээ заавал сурах ёстой гэж боддог. Энэ тухай “Монгол угсаатны хэл аялгуу, үсэг бичгийн хөгжлийн түүх” нэртэй номдоо ч оруулсан. Би монгол бичигтэй холбоотой 40 орчим ном бичсэн хүнл дээ.
-Та Завхан аймгийн Алдархаан сумын анхны сурагчдын нэг юм билээ. Ийм гэрч байсаар атал тус сургуулийн түүхийг буруу бичсэн гэж хүүхдүүдээс тань сонслоо.
-Би Алдархаан сумын сургуулийн анхны сурагч юм. Хэдэн онд сургуульд орж, хэзээ төгссөнөө мэднэ. Сургуулиа төгссөний дараа тэндээ багшилж ч байлаа. Тийм учраас үүх түүхийг нь сайн мэддэг. Гэтэл нэг харамсалтай зүйл болоод байна аа. 1934 онд байгуулахад нь элсэн суралцсан сургуулийн минь түүхийг 10 жилээр урагшлуулаад, 1924 онд байгуулсан гэж яриад байх боллоо. Түүхт ойнуудаа хүртэл буруу тэмдэглээд байна. Би уг нь түүхийнх нь амьд гэрч юм. Тиймээс энэ талаар судалж, бодит үнэнийг тогтоолгох хүсэлтээ Завхан аймгийн Архивын газарт гаргасан. Ингэснээр манай сургуулийн он тоолол, санхүү бүртгэл, үйл ажиллагааны тайлан, данс тооцооны баримт бичгийг судалж, 1934 онд байгуулагдсаныг нь баталлаа. Архивын баримт бичиг бүгд монгол бичгээр байгаа. Тэгэхээр хойч үе минь үүх түүхээ бүрэн, бодитой мэдэхэд уламжлалт бичиг ямар их хэрэгтэй нь эндээс харагдана. Тэр бүхнийг судалж, бодит түүхийг баталсан Завхан аймгийн Архивын газрын хамт олонд энэ ташрамд талархлаа илэрхийлье. Мөн би Алдархаан сумын сургуулийн он тоолол, түүхийг үнэн, зөв болгон бичүүлэх хүсэлтээ Завхан аймгийн удирдлагуудад хүргүүлсэн. Үүний дагуу нутгийн удирдлагууд ажлын хэсэг байгуулж, анхаарч ажиллаж буйгаа хариу мэдэгдлээ. Хүсэлтийг минь хүлээн авсанд туйлын их баяртай байна. Ажлын хэсгийнхэн зөвхөн Алдархааны бус, бусад сумын сургуулийн он тоолол, түүхийг ч эргэн харж, судалж тогтоож байгаа талаар надад хариу албан бичиг ирүүлсэн. Тиймээс үнэн түүхийг удахгүй тэмдэглэн үлдээнэ гэж найдаж сууна.
-Монгол Улсын түүхтэй салшгүй холбоотой Ардын хувьсгалын дараахан та төржээ. Тухайн үеийн олон үйл явдлын гэрч болсон хүний хувьд сонин содон түүхүүдээс бидэнтэй хуваалцах байх.
-Би Завхан аймгийн Алдархаан сумын Баянбулаг гэдэг газар 1923 онд төрсөн юм. Тухайн онд Завхан аймаг байгуулагдсан. Аймагтайгаа нас чацуу гэсэн үг. 11 нас хүртлээ аав, ээжтэйгээ мал маллаж байгаад 1934 онд Алдархаан сумд анхны бага сургууль байгуулахад нь элсэн суралцсан юм. Энэ сургуульдаа гурван жил сурсны дараа анги дэвшиж, аймгийн төвийн дунд сургуулийн тавдугаар ангид орсон. 1939 онд долоодугаар ангиа төгсөөд, Улаанбаатар хотын Багшийн сургуульд элссэн юм. 1940 онд сургуулиа онц төгсөөд, бага ангийн багш болж, Завхан аймагтаа ажиллахаар ирсэн. Түүнээс хойш аймагтаа нийт 17 жил ажиллалаа. Энэ хугацаанд багшлахын зэрэгцээ намын гишүүн болж, олон нийт, нийгмийн ажилд оролцож явсан. Суртал нэвтрүүлэгч, ухуулагч ч хийсэн. “Пионерийн үнэн”, “Залуучуудын үнэн” сонинд мэдээ бичдэг байлаа. Тухайн үед буюу 1943 онд цэрэгт татагдах болдог юм байна. Харин аймгийн дарга Пэлжээ, Цэргийн хэлтсийн дарга Лханаа нар намайг цэргээс чөлөөлж, дэлхийн II дайны ар талд ажиллуулахаар шийдвэрлэж байлаа. Ингээд би Завхан аймгийн “Туяа” сонины сурвалжлагч, намын ухуулагч болсон. Жишээ нь, Зөвлөлтийн улаан армид агт морь бэлэглэх, таван жилийн төлөвлөгөөг хугацаанаас нь өмнө биелүүлэх гэх мэт ажлын ухуулагчаар ажиллан, 24 сумын нутгаар морин өртөө хийж явлаа. Хоёрдугаар дайн болж байсан үе шүү дээ. Өвсөн цай ууж, хивэгтэй гурилаар хоол хийж, өдөр, шөнө, хээр, гадаа гэж ялгалгүй л ажилласан даа. Сурвалжилгынхаа ажлыг давхар хийж, сумуудын ард олны ажлын тухай сонинд бичдэг байв. 1945 онд Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө бүх ард түмний гарын үсэг зуруулах ажил үргэлжилсэн юм. Тэр үед иргэдээр гарын үсэг зуруулахаар Жавхлант сумд ажилласан. Завхан аймагтаа багшлахын зэрэгцээ нийгэм, олон нийтийн энэ мэт ажилд оролцсон. Дайн дуусаж, улс даяар ажил дүгнэж ярилцахад Завхан аймгаас намайг хүнд үед сайн ажилласан гээд шагнаж, Улсын их сургуульд суралцах эрх олгож байлаа.
-Их сургуульд монгол бичгийн чиглэлээр суралцав уу?
-1957 онд эхнэр минь Хөдөө аж ахуйн дээд сургуульд, би Улсын их сургуульд суралцах томилолт аваад Улаанбаатарт ирсэн. Уг нь би монгол хэл, утга зохиолын ангид орох санаатай байсан ч аравдугаар ангиа төгссөн хүмүүс хуваарийг нь авчихсан. Би 30 гаруй настай болохоор хасагдсан юм. Ингээд намайг манж хэлний ангид хуваариллаа. Их сургуульд манж, орос, хятад, төвөд, англи хэлний гэсэн таван шинэ анги байгуулаад байсан үе л дээ. Манай үндэсний бичигтэй төстэй учраас манж хэл надад харьцангуй ойр байв. Их сургуулиа 1962 онд манж хэлний орчуулагч, багш мэргэжлээр төгсөөд, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд хуваарилагдаж байлаа. Тэнд манж хэлний орчуулагч, эрдэм шинжилгээний туслах ажилтан болсон юм. Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, Ш.Нацагдорж, Н.Ишжамц, Г.Сүхбаатар, М.Санждорж, Ч.Далай зэрэг хэл, түүхийн эрдэмтдийн захиалгаар манж хэлний орчуулга хийдэг байв. Манж хэлээрх 100-гаад хэвлэлийн хуудас ном, материал орчуулаад, Манжийн түүхийг анх удаа монголоор бичсэн. Манж-Монгол хэлний толь бичгийг 36 000 үгтэйгээр анх удаа хоёр дэвтрээр гаргаж байлаа. Бас Манжийн утга зохиолын ном 20-иодыг орчуулсан.
-Хэлмэгдэгсдийг цагаатгах ажилд таныг оролцож явсан гэж дууллаа.
-1930-1940 онд хэлмэгдсэн хүмүүсийг цагаатгах ажилд оролцсон юм. ШУА-д ажиллаж байхад намайг гэнэт л Нийгмийг аюулаас хамгаалах яаманд шилжүүлчихэв. Би дотроо дургүй л байлаа. Яамны ажлыг огт мэдэхгүй шүү дээ. Гэтэл намайг улсын зардлаар сурсан гээд, бас намын гишүүнээ хаана ажиллуулахаа төр засаг мэднэ гээд л томилж байв. НАХЯ-ны архивт ажиллаж байхдаа Орос руу явж, тусгай курст суралцаж, ирээд ШУА-ийг хариуцсан ахлах төлөөлөгч болсон юм. Ингээд монгол бичиг, манжаар хөтөлсөн, 15 000 хүний хэргийн материалыг шинжилж, цагаатгах ажилд нь оролцсон юм. Яаманд 29 жил ажиллажээ. 1980 онд дахиад намайг Орост удирдах ажилтны дээд курст явуулж байлаа. Төгсөж ирээд хилийн цэргийн 17, 20 дугаар отрядад тусгай ангийн даргаар томилогдож, тэтгэвэрт гарах хүртлээ ажилласан даа.
-Та хэдэн онд тэтгэвэрт гарсан бэ. Тэтгэвэрт гарснаасаа хойш голчлон ямар ажлууд хийж байв?
-Бид 1988 онд 65 настайдаа тэтгэвэрт гарсан. Хил хамгаалах байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэр тогтоолгосон юм. Түүнээс хойш 2016 он хүртэл их, дээд сургуулиудад монгол бичгээ заалаа. Одоо бол гэртээ ном, зохиолоо л бичиж сууна даа.
-Та хүүхдүүдэд зориулсан үлгэр зохиосон юм байна шүүдээ. Сүүлийн үед ямар ном бичиж байгаа вэ?
-Хүүхдийн үлгэрийн гурван цуврал ном бичсэн. Харин сүүлийн үед өөрийнхөө ажил, хөдөлмөрийн талаар бичиж байгаа. Би өнгөрсөн хугацаанд 75 жил хөдөлмөр эрхэлжээ. Энэ талаараа ном бичиж үлдээх зорилготой.
-Монгол Улсад 100-гаас дээш настай хүн тун цөөн буюу 100 гаруй л байна. Манай орны эрс тэс уур амьсгал, бас хүмүүсийн амьдралын хэв маяг зэргээс шалтгаалж монголчууд тийм ч өндөр наслахгүй байна гэх нь бий. Харин та монгол хүн эрүүл саруулаар урт наслах боломжтойг харуулж байна шүү дээ. Үүнд юу нөлөөлсөн бэ. Ер нь юу хүнийг урт наслуулдаг юм болоо?
-100 насалсан нь амьдралын минь хэв маягтай салшгүй холбоотой. 1940 онд багш болсноосоо хойш би өдөр бүр радио сонсож, хэвлэл уншиж байгаа юм. Түүнээс хойш 84 жил нэг ч өдөр алгасалгүйгээр радио сонсож, сонин, хэвлэлээ уншиж байна. Энэ нь урт наслах үндэс юм болов уу гэж боддог. Нэг охин минь анагаахын сургууль төгссөн юм. Идэж, уух зүйлийг минь тохируулж, эрүүл, хөдөлгөөнтэй байх талаар охин минь надад зөвлөдөг. Ингээд л би 101 насалчихлаа.
-Таны амьдралын хэмнэлийн талаар тодруулъя. Өглөө хэдэн цагт босох, орой хэдий дунтах, хэзээ хоол идэх гэх мэтийн нарийн дэглэм баримталдаг уу. Сүүлийн үед зөв хооллолтын талаар хүмүүс нэлээд ярьдаг болсон. Та хооллолтдоо хэрхэн анхаардаг вэ?
-Ер нь өглөө эрт буюу 05.00-05.30 цагийн хооронд босдог. Залуудаа ч, одоо ч тийм. Өмнө нь бол өглөө боссоны дараа гүйж, дасгал хийн, дугуй унадаг байлаа. Харин одоо дасгал хийж чадахаа больсон. Гэхдээ гүйж чадахгүй ч гэсэн өөрт тохирсон хөнгөн хөдөлгөөн, дасгалууд хийдэг. Өдрийн ихэнх хугацааг ном, сонин уншиж өнгөрөөдөг. Зурагт бас үзнэ. Голчлон мэдээ үздэг юм. Үндэсний бөхийн барилдаануудыг бас алгасахгүй шүү дээ. Хоол хүнсний хувьд бусдын хэрэглэдгийг л иддэг дээ. Нэг их онцгой зүйл байхгүй. Хамгийн гол нь хэмжээтэй, цагтай байх ёстой юм билээ. Нэг их идэж, цатгалдаад байж болохгүй. Бас их өлсөх нь тохиромжгүй. Өглөө хөнгөн, цагаан хоол иддэг. Өдөр 12.00-13.00 цагийн үед махтай хоол иднэ. 17.00 цагийн үед хөнгөн хоол иддэг. Түүнээс хойш юм иддэггүй, уудаг ч үгүй. Ерөөсөө бүх зүйл баримжаатай, хэмжээтэй. Албан ёсоор төлөвлөөгүй ч гэсэн хэдийн дадал, хэвшил болчихсон байна. Ер нь хүн багаасаа л биеэ зөв авч явах хэрэгтэй. Тэгвэл л урт насална. Хүн бүр л 100 наслах боломжтой шүү дээ. Даанч зарим нь өөрөө өөрийгөө хордуулаад байдаг.
-Хүн бүр насжилтын талаар өөр ойлголттой байдаг. Зарим нь 50 гаруй настай хүнийг залуу гэнэ. Харин зарим нь хөгшин гэж тодорхойлно. Таны хувьд хэдэн настай хүнийг хөгширсөнд тооцох вэ?
-70-80 настай хүнийг л хөгширсөн гэж үзнэ. 60 гаруй настай хүн бол залуухан шүү дээ.
-Насжилттай холбоотойгоор хүний биед эрүүл мэндийн янз бүрийн асуудлууд тулгардаг. Хараа, сонсгол муудах, даралт ихсэх гэх мэтээр. Энэ мэт шалтгаанаар манайд настай хүмүүс эмнэлэг, эмийн сангаас салдаггүй. Та эрүүл мэндээ дэмжихийн тулд эм, нэмэлт тэжээл зэргийг уух уу. Ялангуяа уламжлалт эмийн ургамлуудаасаа хэрэглэдэг үү?
-Сонсгол жаахан муудаад байна. Хараа бол зүгээр ээ. Даралт ч гайгүй. Эм уудаггүй. Барагшин хааяа уудаг л юм. Байнга бол хэрэглэхгүй. Хүүхдүүд гадаад руу яваад ирэхдээ янз бүрийн аминдэм, нэмэлт тэжээл авчирч өгдөг. Түүнээс нь хааяа ууна. Гэхдээ тогтмол хэрэглэхгүй.
-Эрүүл амьдрахад сэтгэл зүй, сэтгэцийн эрүүл мэнд чухал нөлөөтэй гэдгийг шинжлэх ухааны талаас нь хэдийн нотолсон. Гэтэл өнөө үед бухимдал, стресс маш их болчихлоо. Та эдгээрээс эрүүл мэндээ хэрхэн хамгаалдаг бол?
-Хүн ерөөсөө бусдын сайн талыг л хардаг байх ёстой юм. Бусдын гаргасан дутагдлыг өөртэйгөө харьцуулах нь чухал. Хүн ийм дутагдал гаргажээ, харин би ямар байгаа билээ гэж бодох хэрэгтэй л дээ. Бусадтай маргалдсаны хэрэг ер байхгүй ээ. Тайван амьдрах нь чухал. Үүний тулд хүнийг хүн ёсоор нь хүлээн авч, дутагдлыг нүүрэн дээр нь хэлээд өгдөг байгаарай. Нүднээс далд муулах шиг муухай зүйл үгүй. Бид энэ ертөнцөд ганцхан удаа л амьдарна. Тийм учраас хүн хүнийхээ төлөө л амьдрах хэрэгтэй.
-Төр засгаас ахмадуудаа дэмжинэ гэж янз бүрийн санал, санаачилга гаргах юм. Гэхдээ тэр бүхнээс амьдралд мэдрэгдэж, тусгалаа олдог нь цөөн юм шиг. Ялангуяа ахмадуудын хөдөлмөрлөх эрх нь хязгаарлагдмал байна. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?
-Ахмадуудаа дэмжилгүй яах вэ. Сургаалыг нь сонсох ёстой. Өндөр настны тэтгэвэрт гарлаа гээд зүгээр суух биш, хийж чадах зүйлээ аль болох амжуулах л хэрэгтэй. Эрүүл мэндээ өөрсдөө хамгаалах ёстой. Тэтгэвэрт гарчихлаа гээд идээд, хэвтээд байж болохгүй.
-Таны амьдралдаа тавьсан хамгийн том зорилго юу вэ. Түүнийгээ биелүүлж чадсан уу?
-Үр хүүхдүүдээ бүгдийг нь эрдэм боловсролтой иргэн болгоно гэж миний хань бид хоёр амьдралынхаа турш зорьсон юм. Зургаан хүүхдээ бүгдийг нь дээд боловсролтой болголоо. Тэд минь ч 18 хүүхдээ бүгдийг нь дээд боловсрол эзэмшүүлсэн. Ингээд хүүхдүүд минь 24 айл болоод, бүгд мэргэжлийнхээ дагуу ажил хөдөлмөр эрхэлж байна. Миний хийсэн хамгийн том ажил энэ л юм. Хамгийн гол нь дээд сургууль төгссөндөө биш, сайхан сэтгэлтэй, бусдыг хайрлаж энэрдэг, боловсрол мэдлэгтэй, эх орондоо хэрэгтэй, хөдөлмөрч хүн болох нь чухал шүү дээ.