1973 оны зуны нэгэн сайхан орой. 1600 орчим хүн амтай буйд сумын галт тэрэгний буудалд саарал хүрэмтэй залуу хөх торгон дээлтэй, шар дурдан бүстэй, хоёр салаа урт гэзэгтэй тулгар бүсгүйг дагуулан иржээ. Ганц ч таних хүнгүй нутагт томилолт өвөртлөн очсон залуу хос бол Долгорын Цогбадрах, Мэндийн Сэртэв нар билээ. Тухайн үед бүх нийтэд бүрэн бус дунд боловсрол эзэмшүүлэх төр засгийн бодлогын хүрээнд олон сумын бага сургуулийг найман жилийн сургалттай болгож байв. Дорноговь аймгийн Даланжаргалан сумын бага сургуулийг дунд сургууль болгон өргөтгөж, шинэ, залуу боловсон хүчнээр хүч сэлбэсэн үе. Хуучнаар Улсын багшийн дээд сургуулийг эхнэр нь физик-математик, нөхөр нь биеийн тамирын багшийн мэргэжлээр төгсөж, сумын сургуульд ажиллахаар очиж буй нь тэр. Хөдөөгийн амьдрал хотынхтой адилгүй. Тухайн үед сумд орон сууц байгаагүй тул Д.Цогбадрах, М.Сэртэв нарт сургуулийн захиргаанаас гэр өгснөөр хоёр багшийн хамт дөрвүүлээ амьдрах болжээ. М.Сэртэв зургаадугаар анги дааж авсан ч удалгүй амаржихаар Улаанбаатар хотыг зорив.
Яармагийн дэнжид амьдардаг ээжийнхээ гэрт боломж л гарвал гүйгээд очих дуртай М.Сэртэв том охиноо төрүүлсний дараа сайн тэнхэрч амжаагүй ч ажилдаа яарч, нярайгаа тэврээд Даланжаргалан сум руу буцсан гэдэг. Сургуульд нь багш хүрэлцээгүй байсан тул нялх хүүхдээ аваад ажилдаа очдог байж. Багш нарын өрөө гэх гал түлж халаадаг, утаа униар болсон газарт өлгийтэй хүүхдээ ширээн дээр тавьчхаад л хичээлээ заана. Ингэхдээ ангийнхаа хүүхдүүдийг нэг нэгээр нь явуулж, охиноо ээлжээр харуулдаг байжээ. Сурлага тааруу нэгнээр хүүхдээ харуулаад байвал хичээлээсээ улам хоцрох вий гэхээс эмээж, сайн сурлагатнуудад энэ хариуцлагатай үүргийг тохооно. Багш, сурагчгүй хичээсний дүнд хүүхэд гараас гарч, ангийнхан нь ч тооны хичээлдээ толгой цохиод эхэлжээ. М.Сэртэв математикаас гадна физикийн хичээл заана. Ингэж сумын сургууль анхны физик-математикийн мэргэжлийн багштай болсон гэнэ. Тэрбээр Даланжаргалан сумын ерөнхий боловсролын сургуульд физик-математикийн багшаар 23 жил ажиллаад захирлын албан тушаалд дэвшив. Хэдийгээр хоёрхон жил захирлаар ажилласан ч сургуулийн дотуур байрны орчин нөхцөлийг сайжруулж, гэрээсээ хол амьдарч буй хүүхдүүдэд гойд анхаарал хандуулсан гэдэг. Үүний дараа Говьсүмбэр аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэст боловсрол хариуцсан түшмэл, боловсрол, соёлын хяналтын улсын байцаагч, Боловсрол, соёлын газарт математик-мэдээлэл зүйн мэргэжилтнээр буурь сэлгэв. Дорноговь, Говьсүмбэр аймгийн сумын ерөнхий боловсролын сургуулиудад зөвлөх багшаар ажиллаж, амьдралынхаа 35 жилийг боловсролын салбарт зориулсан байна. М.Сэртэв багшийн шавь нар математикийн олимпиад, элсэлтийн ерөнхий шалгалтад байнга өндөр оноо авч, улсын их, дээд сургуулийн хуваарийг “түүчихдэг” гэнэ. Түүний шавь нараас олон арван математикийн багш, эдийн засагч, инженер “төрж”, өдгөө салбар салбар түр бүтээлтэй ажиллаж байна. Сумын сургуулийн хүүхдүүдийг соён гэгээрүүлэх үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэсэн түүний хүч, хөдөлмөрийг төр засгаас өндрөөр үнэлж, хожим 2018 онд Гавьяат багш цолоор шагнажээ.
ГЭР БҮЛЭЭРЭЭ ТООНЫ УХААНЫ ХҮМҮҮС
М.Сэртэв 1951 онд Ховд аймгийн Цэцэг сумд долоон хүүхэдтэй айлын дунд охин болж мэндэлжээ. Дүүтэй нь хань бараанд нь сургана гээд түүнийг есөн настайд аймгийн төвд, Буянт сумын бага сургуульд нэгдүгээр ангид элсүүлсэн аж. Гэвч хүүхдүүд хэн хэндээ нэмэр, нөмөр ч болж гавиагүйг хожим ээж нь дурссан гэдэг. Жил дараалан төрсөн, тэрсхэн хүүхдүүд бага балчирдаа нэгэндээ тусалж, санаа тавихаас илүүтэй маргалдаж муудалцах нь олон. Аав, ээж нь том ахыг нь эрдэм номын мөр хөөлгөж, хэдэн малаа Цэцэг сумдаа үлдээгээд аймгийн төв бараадсан гэдэг. Гэр сургуульд сурч байсан тэд ингэж байшинд хичээллэх болжээ. М.Сэртэвийн том эгч багадаа өөд болсны дараахан аав, ээж нь хүүхдүүдийнхээ нэрийг сольсон аж. Янжиндулам гэх нэрийг нь ламын хэлснээр Сэртэв болгон өөрчилсөн гэдэг. Түүний бага нас хурга, ишигний араас хөөцөлдөн, эцэг, эхийн хайр халамжид өнгөрчээ.
Тэднийх зундаа хоёр голын дунд нутагладаг байж. Дунд сургуулиа төгсдөг жил нь их бороо орж, үер буухад азаар амьд үлдсэн тухайгаа мартдаггүй гэнэ. Сургуулиа тараад гэртээ харих гэтэл гол үерлэж, гүүрээр хүн, мал дүүрэн, гарах аргагүй болжээ. Ус туулан барин гэртээ арайхийн очтол цоожтой байх нь тэр. Туургыг нь огшоож шуугаад орхичихсон гэр нь усанд автсан байжээ. “Гэр маань томоо навчтай цэцэг шиг хөвсөлзөж байхыг ихэд сониучирхан харж байснаа тод санадаг юм. Гол үерлэж буйг харах гэж яваад эгээтэйл хөл алдаад уначхаагүй. Байгалийн аюул болж байхад айж эмээхгүй, ус туулаад явсан гэхээр тэр үед тэнгэр ивээсэн хэрэг” хэмээн ахмад багш М.Сэртэв хуучилсан.
Түүний ахан дүүс бүгд л тооны ухааны хүмүүс аж. Хамтдаа сургуульд орсон дүү М.Хуягдоржоос нь эхлээд ах М.Адилбиш, бэр эгч, төрсөн эгч М.Цэнгэл нь Ардын боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулсан багш хүмүүс. Тэдний үр хойч төдийгүй М.Сэртэвийн гурван хүүхэд, ач, зээ нар нь бүгд математикт суурилан мэргэжлээ сонгосон гэнэ. Багаасаа л тоо бодлогод хорхойсож, олон тэмцээн, олимпиадад дээгүүр байр эзэлдэг байсан нь математикийн багш болоход нь хамгийн их нөлөөлсөн тухай М.Сэртэв дурсан сууна. Амьдралаа залгуулж яваа мэргэжлээ сонгоход нь ангийн багш Г.Дашдондогийнх нь хүчин чармайлт их байжээ. Түүний багш Г.Дашдондог Гавьяат цолтой бөгөөд мөн л математик заадаг. М.Сэртэв түүх, нийгэм, монгол хэлний хичээлдээ тааруу ч тоо бодох болохоор нойр, хоолыг ч умартчихдаг байсан гэнэ. Математикаар “амьсгалж” байна уу гэмээр, шөнө зүүдэндээ ч “тоогоо бодсоор”. Хэчнээн олон аргаар үзээд хариу нь гарахгүй амаргүй бодлогыг орой болтол “нухаад” суучихдаг байж. Өглөө нь өнөөхийгөө зүүдэлж сэрээд, цаас, бал шүүрээд л бодчихдог байсан тухайгаа сонирхуулан ярьсан. Заримдаа бүр хэд хоногийн дараа хариуг нь гаргах тохиолдол ч байж. Ийн дурлаж сурсан хичээлээ мэргэжлээ болгосон учир багшийн ажилдаа хайртай гэдгээ хэлсэн. Тэрбээр “Хүүхдүүдэд хичээл заах сайхан. Чаддаг зүйлээ бусдад түгээн дэлгэрүүлнэ гэдэг гайхалтай. Багш хамгийн гоё мэргэжил. Би хичээлээ сонирхолтой, үр дүнтэй байлгахын тулд тайлбартай дасгалын болон асуудал дэвшүүлж шийдвэрлүүлэх зэрэг аргыг ашигладаг байсан. Хичээлээс гадна сонгон, дугуйлан хичээллүүлж, физик, математикийн кабинет байгуулсан. Одоо үед хүүхдүүд үгэнд ордоггүй, хичээлээ хийх сонирхолгүй, ажлын ачаалал, дарамт ихтэйгээс болж залуус багшийн мэргэжил эзэмшихээс халшраад байх шиг. Хүүхдүүд ухаалаг гар утсыг урьтал болгоод ном унших нь багасжээ. Ялангуяа математикийн ном ер авч уншихгүй, бодлого бодохгүй юм. Би 2023 онд “Өгүүлбэртэй бодлогыг систем тэгшитгэлийн аргаар бодох” гэсэн сэдэвтэй ном бичсэн. Миний ах, өдгөө 82 настай, Гавьяат багш М.Адилбиш математикийн хэд хэдэн ном гаргасан. Манай улсын сургуулийн сурагчид сурлагын амжилтын олон улсын үнэлгээгээр тааруу үнэлэгдсэн байна билээ. Математикийн шалгалтад гол анхаарах зүйл нь өгүүлбэртэй бодлого байсан. Өгүүлбэртэй бодлого бодсоноор сэтгэн бодох чадвар сайжирдаг” хэмээн ярив.
“ДАЛАЙЛТ НЬ ИХ Ч БУУЛТ НЬ ЗӨӨЛӨН”
“Зургаадугаар ангид байхдаа хэдэн шөнө нойроо хугаслаж, тоо боддог байсан минь багшийн мэргэжилтэй золгуулж өгсөн. Сайндаа ч биш, багшаасаа айсандаа л шөнө дунд хүртэл хичээлээ хийнэ. Тэр үеийн багш нар өндөр шаардлагатай, сурагчид ч дуулгавартай байж дээ. Би сургуулийнхаа дотуур байранд амьдардаг байв. Манаач Даваа гэх өвгөн орой болохоор биднийг “унт” гэж зандарчхаад өөрөө коридорт эвхдэг ор засаад унтаад өгнө. Унтсан хойгуур нь өрөөнийхөө гэрлийг сэм асаагаад тоогоо бодно. Заримыг нь бүр барахгүй бол хариунаас нь хөөсөөр ямартай ч ард нь гардаг байсан. Галт тэрэгний дуут дохио хангинаж, түжигнэтэл явж өнгөрөхөд шөнийн 02.00 цаг болж байна гэсэн баримжаа авна. Хэдэн шөнө дараалан нойргүй тоогоо бодсоны дүнд багшдаа магтуулснаар математикийн хичээл амархан, бодлого бодох сонирхолтой санагдах болсон. Хаврын шалгалт дөхчихсөн үед үсэгт илэрхийллийг хялбарчлах сэдвийн нэг бодлогыг ер бодож чаддаггүй. Амралтын өдөр байсан тул багшаасаа очоод асуухаас эмээгээд, тоглож яваа дүр үзүүлж, гэрийнх нь гадуур хэсэг эргэлдэв. Багш анзаарсан бололтой гэрээсээ гарч ирээд намайг дуудлаа. Бэргэсээр очтол учиргүй инээд алдаж, “Аан, наад тоо чинь ийм учиртай юм” гээд бодоод тайлбарлаж өгч билээ. Хал нь гаднаа, хайр нь дотроо хүн гэж манай багшийг л хэлнэ дээ. Хүүхдүүд “хатуу” багш гэж эмээгээд тэр бүр дотносож чаддаггүй ч дотроо их зөөлөн хүн. Айраг сумд амьдардаг байсан эгч минь өөд болоход багш яаран сандран ирж байсныг одоо ч мартдаггүй. Хүрэх ёстой оргилоо танаасаа олж харсан шүү, багш минь. Гэвч хүрч чадахгүй мацаж л явна” хэмээн түүний хоёр дахь төгсөлтийн шавь, математикийн багш М.Энхсайхан ярьсан юм.
М.Сэртэв зөвхөн математикийн хичээлийг урьтал болголгүй хүүхдүүдийг өв тэгш хүмүүжүүлэхийн тулд урлаг, уран сайхныг орхигдуулсангүй. Ангийнхаа хүүхдүүдээр бие даасан концерт бэлдүүлж, гурван аймгийн 10 гаруй сумд тайлан тоглолт хийж байжээ. Энэ мэтээр шавь нараа дуу, шүлэг, хөгжим, бүжигтэй ойр байлгажээ. Ямар сайндаа түүний шавь М.Энхсайхан багшийг сурагчид нь дундаршгүй уран цэцэн үгтэй, дуусашгүй их авьяастай гэж ярьцгаадаг байна. Тэрбээр тоогоо заахын зэрэгцээ онч мэргэн, зүйр цэцэн үгээр шавь нараа сургаж, амьдралын ухааныг таниулж иржээ. М.Сэр тэвийн өөр нэг шавь, 1978 оны төгсөгч, математикийн багш Н.Оюунгэрэл “Багш маань шаардлага их өндөртэй. Далайлт нь их ч буулт нь зөөлөн. Хаана ч явж байсан ойлгохгүй бодлогоо асуухад цааргалахгүй тайлбарлаж, заагаад өгнө. Гэр бүлдээ зарцуулах цагаа бидэнд зориулж, хоёргүй сэтгэлээр зүтгэсний ачаар дөнгөж байгуулагдсан хөдөөгийн найман жилийн сургуулиас олон арван математикийн багш, эрдэмтэн төрөн гарсан биз. Багшийнхаа заах арга барилаар нь шавь нараа сургаж байна” хэмээсэн. Мөн түүний шавь, 1980 оны төгсөгч О.Наранцэцэг “Багшийн хичээлд оролцдоггүй хүүхэд гэж байгаагүй. Бүх хүүхдийн оролцоог хангаж, нэг нэгээр нь самбарт бодлого бодуулна. Сахилгагүй, сурлага тааруухан нэгэн ч математикийн шалгалтыг даваад л гарна. Бодохгүй, чадахгүй байхын аргагүй хичээлээ заана. Улсын багшийн дээд сургуулиа төгсөж ирээд багшийнхаа бий болгосон материаллаг бааз дээр очсон азтай хүн дээ, би” гэж чин сэтгэлийн үгээ хуваалц сан юм.
“ШАВЬ НАР НЬ ХААНА Ч ОЧСОН МАТЕМАТИКААР ТОЛГОЙ ЦОХИДОГ БАЙСАН”
Даланжаргалангийн сургуулийн захирлаар олон жил ажилласан Д.Цогбадрах ханийнхаа тухай ийн ярив. “Сэртэв бид хоёр нялхаараа шахуу, их сургуулийн гуравдугаар дамжааны оюутан байхдаа танилцаж, амьдралаа холбосон юм. Анх Даланжаргалан сумд амьдрах байрнаас эхлээд асуудал багагүй тулгарлаа. Хэдхэн сартай хүүхдээ тэврээд хичээлээ заах манай хүнд амаргүй л байсан. Удалгүй хоёр давхар орон сууц баригдаж, нэг өрөө байранд орж, амьдралаа төвхнүүлсэн дээ. Сэртэвийг Дорноговийн шилдэг багш нарын нэг гэж ярьдаг байв. Ажил нь гарт нь орчихсон. Аймаг, нийслэлийн багш нарын ур чадварын уралдаанд өндөр үнэлгээтэй оролцдог. Шавь нар нь хаана ч очсон математикт толгой цохидог байсан. Захирлаар ажиллаж байхдаа сургуулиа “Аймгийн тэргүүний сургууль” болгож байв. Ажил мэргэжилдээ сайнаас гадна үр хүүхдэдээ их халамжтай ээж. Би сургуулийн захирлын албатай, гэрт үзэгдэх нь ховор. Манай сумд Оросын цэргийн анги байдаг байсан. Тиймээс байрны хүүхдүүд рүү их анхаарна. Тэднийг өлсгөхгүй, дааруулахгүй, хичээл сурлагыг нь хоцроохгүй, аюулгүй байдлыг нь хангахад анхаардаг байлаа. Энэ үед манай хүн ар гэрийн бүхий л ажлыг зохицуулахаас гадна ажлаа цалгардуулж байсангүй” хэмээсэн.
М.Сэртэв өдгөө 73 настай ч ач, зээ нартаа тооны хичээлийг нь зааж байна. Хүүхдүүдийнхээ ойлгохгүй бодлогыг тайлбарлах өгөх нь сайхан гэнэ. Тэд ч эмээтэйгээ хамт бодлого бодох дуртай гэнэ. Тэрбээр гурван хүүхэд, долоон ач, зээтэй. Том охин Ц.Баяржаргал, дунд охин Ц.Наранжаргал, бага хүү Ц.Энхжаргал нар нь бүгд ШУТИС-ийг төгсөж, гадаадад боловсрол эзэмшиж ирээд мэргэжлээрээ ажиллаж буй аж. Ач, зээ нарынх нь олонх мөн л АНУ-ын хэд хэдэн хотод сурч буй. Удахгүй төрөлх сургуулийнх нь 100 жилийн ой тохиох юм. Одоогоор Даланжаргалан сумын ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байсан багш нараас дөрвөн Гавьяат төржээ. Гэхдээ Даланжаргалангаас тодорхойлогдож, “овоглосон” нь ганц М.Сэртэв аж.