“Золгүй учралаар эргэсэн гэнэн хувь заяагаа
Зогсоо чөлөөгүй дуудахыг сэтгэл өөрөө уриалж байна
Золбоот залуу насныхаа халуун сайхан дурлалтай
Золгож уулзах хүслээр өнөө би дүүрэн байна”
“Нямбуугийн Нямдорж! Энэ гайхамшигт найрагчийг би нийгэм журмын буюу социализмын гэх үеийн уран зохиолын тэнгэрт гийсэн нэгэн хурц гэрэлт од гэж боддог билээ. Нямдоржтой би сайхан нөхөрлөж явсан. Энэ нөхөрлөл удаан биш ч зузаан байсан юм. Номхон тэмээ ноолоход амар гэдэг. Нямдорж маань тэр үеийн үзэл сурталд мөн ч их ноолуулсан даа. Эдгээр шүлгээс түүний маань “үнэр” тэр чигээрээ ханхалж байнам. Өөрөөр хэлбэл, том яруу найрагч бол томоороо л байдаг ажээ” хэмээн Соёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч Г.Аким түүний “Монгол” шүлгийн түүвэрт бичжээ.
Төрийн шагналт яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан “Хавар ирэх л байх” яруу найргийн уншлагыг “Дорно” сан, “Хэрлэн тооно” утга зохиолын нэгдэл хамтран өнгөрөгч лхагва гарагт зохион байгууллаа. Их хотын нүргээнээс ангижирч, энэ л үдшээ яруу найрагт зориулахаар ирсэн найрагчид агаад сонирхогч хэн бүхэн энд цуглажээ. Дээр дурдсан “Монгол” шүлгийн түүвэрт найрагчийн өмнө нь хэвлэгдээгүй шүлгүүд багтсанаараа онцлог аж. Үүгээр тогтохгүй түүний “Онон хатан ээжий” шүлгийн түүвэр, “Хэрлэн” сэтгүүлийн ээлжит дугаар олны дунд байршсан харагдана.
Энэхүү арга хэмжээнд “Болор цом”-ын эзэн Д.Галсансүх, С.Начин, зохиолч, судлаач Я.Баяраа, Б.Батзаяа, Ц.Дэлгэрмаа, Г.Хашбаатар, Э.Булган, М.Дэвээжаргал зэрэг яруу найрагч цуглаж, шүлгээ дуудсан юм. Тэд үүнээс өмнө Н.Нямдоржийн шүлгүүдээс уншиж, түүнд хүндэтгэл үзүүлж байлаа.
Хэл бичгийн ухааны доктор, дэд профессор А.Мөнх-Оргил “1960-аад оны яруу найргийн шинэчлэл ба Нямбуугийн Нямдорж” хэмээх нийтлэлдээ “Чухам түүний яруу найргийн сэтгэл гээний хамаарах цаг үе бол XX зууны Монголын яруу найргийн хувьд нэн онцгой үе, хөгжлийн явц дахь мөчлөг, хөдөлгөөнийг илэрхийлдэг юм. Энэ үед манай яруу найраг утга агуулгаар улам гүнзгийрэн урлах эрдмийн хувьд баяжин ерөнхий тоочилтоос ангижран тодорхой дүрслэл рүү, өнгөц сэтгэгдлээс зайлсхийн гүн сэтгэмж рүү хандан, хүний сэтгэлийн дотоод ертөнцийг нээн харуулсан, уран санаа, тод дүрслэл бүхий уянгын бодол эргэцүүллийн шүлэг буй болж, сэдвийн хувьд жигдрэн хөгжиж, уран сайхны ахиц шинэчлэлт гарсан билээ. 1960-аад оны энэ шинэ шатыг засаж тэгшилсэн, барьж байгуулалцсан, зураг төслийг нь гардан урласан эрхмүүдийн нэг нь Нямбуугийн Нямдорж гарцаа байхгүй мөн” хэмээн бичжээ. Түүнийг ямархан найрагч байсныг энд цугласан хүмүүс ив илхэн хэлэхийн сацуу дурсан санах нь ч учиртай аж.
Зохиолч, судлаач Я.Баяраа “Өнгөрөгч жил би “Нямбуугийн Нямдоржийн шүлэг дэх эрх чөлөөний үзэл санаа” гэх илтгэл хэлэлцүүлсэн юм. Тэрбээр гадаадын болон Монголын үе үеийн яруу найрагчдын тухай 50 гаруй хөрөг шүлэг бичсэн. Түүний шүлгүүдэд эрх чөлөөний үзэл санаа, улс төрийн тэмцэл зангидаатай байдаг” хэмээсэн юм. Яруу найрагч Б.Батзаяа “Н.Нямдорж гуайн 90 насны ойг тэмдэглэж буйд баяртай байна. Бусдад дурсагдаж, хийсэн, бүтээсэн нь ирээдүйд үлдэх ямар сайхныг түүний шилмэл шүлгүүдийн түүврийг өглөөхөн уншихдаа бодож суулаа. Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж буй шавь нарт нь талархал илэрхийлье” гэв. Энд цугласан найрагчдын онцлох шүлгээс хүргэе.
“Чамайг үгүйлнэ гэдэг
Чамайг олж харсан өдрийн
Чимх гэгээг үгүй хийх бүрэнхий биш
Чамайг олж харсан өдрийн
Чимх гэгээ л үлдэх харанхуй юм.
Чам руу тэмүүлнэ гэдэг
Хэлээ огтлохоосоо өмнө
Хэлчихдэг байж гэх халаглал биш
Хэлээ огтолсон хойно олдсон үгсийн
Хэзээ ч төрөхгүй нь гэх харуусал юм.
Чамайг санана гэдэг
Чамайг мартах вий гэх айдас биш
Чи л намайг мартсаар буйд итгэх шаналан юм.
Чи одоо бол
Хурууг минь өвтгөөд эдгэчихсэн
Дурсамж төдий сорви биш
Хуруунд минь орчхоод
Хэн нэгэнд хүрэх бүр хөндүүрлэх өргөс юм.
Чи одоо бол
Хайр зөгнөх ирээдүй биш
Хайран, дутуу санагдах өнгөрсөн юм.
Харин би одоо
Чиний нэрээр хүн бүрийг дуудах зовлон
Чиний хоолойгоор хүүхэн болгон
Дуугарахыг сонсох жаргал.
Би одоо
Бичихээс өөрөөр тайвширч мэдэхгүй
Бийрийн чинээхэн ганцаардал” гэсэн нь Б.Батзаяагийн онцлох шүлэг байв.
Түүнчлэн “Гүн утга” уран бүтээлийн нэгдлийн гишүүн, яруу найрагч Г.Хашбаатар энэ үдшийн онцлох нэгэн байлаа. Тэрбээр “Ойн монолог” яруу найргийн түүврээ саяхан хэвлүүлээд буй юм.
“Уйтгартай гуравдугаар сар байсан сан...
Урт цагааны гудамжнаас Барилгачдын талбай руу,
Эхнэрийнхээ бөгжийг зээлийн газар тавьсан, согтуу эр шиг
Ичгэвтэр сар, уушийн газрын хөшиг мэт үүлсийн
Урдуур гуйвсаар зүглээд л...
Хүрээнээс явах унаа шиг үргэлж нэг хүн дутуу
Хүний энэ хотод би нэг л илүү.
Номын төвийн гаднах хана, номын хоосон тавиур дээр
Нозоором зуны, маханд шавах ялаад шиг
Ном шавах ёстой сон. Ном дагаж тэнд нь
Хүн шавах ёстой сон.
Цэрээ хаяж болохгүй олны урсгал дотор
Цэх зогсмоор аядан тамхи татахуйд
Хамт шүлсээ хаях хань болж
Хаанаас ч юм Сэмбээ ах гараад ирэх юм шиг...
Уйтгартай гуравдугаар сар байсан сан...
Ном дэлгэдэг Урт цагааны хашлага дээр
Нойрмоглон, хуучин ном шиг гандан суухуй
Худалдаж авсан эдээ дэлгүүрт мартсан хүн шиг
Хөөрхий өнөө сар яарсаар буцаж ирсэн сэн.
Дээврийн цоорхой, дөрвөлжин жаазаар халти шагайгаад
Дэмийдээ Хаш, одоо харь гэж билээ.
Уйтгартай гуравдугаар сар байсан сан...”
гэх түүний шүлэг бол шинэ үеийн өнгө төрх, чиг хандлага яах аргагүй мөн билээ.
Уг арга хэмжээг зохион байгуулагч Н.Нямдоржийн нэрэмжит “Дорно” сангийн гүйцэтгэх захирал Г.Сонинбаяр “Н.Нямдорж найрагч “Үүлэн бор” хэмээх анхны бүтээлээ 1959 онд хэвлүүлсэн. 1962 онд удаах ном болох “Онон хатан ээжий”-г нийтэд хүргэсэн түүхтэй. Эдгээр бүтээл бол Н.Нямдорж гуайн сонгодгуудын оргил. Түүнд алдар хүндийг авчирсан ч үзэл суртлын хатуу шүүмжлэлд өртөх шалтгаан болсон. Тэрбээр амьд сэрүүндээ яруу найргийн 14 ном гаргасан. Тэр бол энэ зуунд зайлшгүй уншигдах ёстой, үл мартагдах уран бүтээлч юм. Түүнд 1992 онд Төрийн шагнал цол хүртээсэн байдаг. Н.Нямдорж судлалд олон улсын судлаачдыг татан оролцуулахаар хүсэлт тавьсаар буй. Тэд ч нааштайгаар хүлээн авч байна. Цаашид бид түүний бүтээлийн шүүмж, судлалыг олон улсад гаргах хүсэлтэй. Түүнчлэн утга зохиол, шүүмж судлалын чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд сургалтын тэтгэлэг зарлаж, залууст бодитой дэмжлэг үзүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэхүү үйл ажиллагаанд өнөө цагт ид уран бүтээлээ туурвиж байгаа шинэ, залуу яруу найрагчдыг урьж, нэгэн үдшийг шүлэг уншиж, найрагчаа дурсах зорилгоор зохион байгуулж буй юм. Бид найрагчийнхаа мэндэлсний 90 жилийн ойг үүгээр нээж байна” гэлээ.
Ийнхүү энэ үдэш өндөрлөв. Он цаг урсах тусам гялтганах шижирмэл бүтээлээрээ яруу найраг хэзээ ч хөшиглөсөн манан татах шиг, зүүд бүрэлзэх шиг үүлэн чөлөөний байдаггүйг харуулж чадсан, юунд ч захирагддаггүй, атар онгон Нямбуугийн Нямдорж л хэвээрээ үлджээ.
Бэлтгэсэн Д.Хүслэн