Тэрбээр гудамжаар зөрөлдөх олон хүний дүрд “хувилж”, тэдний мэдэрч буйг ойлгох сон гэх хүслээр эл бүтээлээ туурвижээ. Түүнийг А.Сайханбаяр гэнэ. Залуу зохиолчийн нийт 11 өгүүллэгээс бүрдэх “Зүүдний хүүрнэлүүд” түүврээс “Тогоруун дуу”-г онцлон уншигч танд хүргэж байна.
Яг таван тогоруу тооно голлон өнгөрлөө. Авдрын өмнө суух миний өвөр дээр сүүдэр нь асгарна. Тэр сүүдэр надад нэвчих мэт болоход амьсгаа давчидна. Дэлгээтэй хаалгаар гүйгээд гарчихвал энэ бачимдал алга болох юм шиг сонин мэдрэмж төрнө. Тохойлдож байсан сандлаа түшин босох гэвэл хөл оршчихжээ. Тэрүүхэн зуур тэнгэрт үүл бүрхэж, салхи хөдлөн өнөөх тайвшрал мэт цэлийгч хаалга тасхийтэл савагдан хаагдлаа. Хачирхалтай нь хоолой байвч дуугарахгүй, дуугаравч хэнийг дуудахаа мэдэхгүй. Өрх дэрвэж, яндан тачигнаж, хаалга онголзоно. Амьсгаа улам давчдахтай зэрэгцэн хаалга гэдэргэн савагдахуйд нэгэн тогоруу үүдэнд зогсож харагдсанаа хачин чимээ гарган дэвхцэж, над руу чиглэлээ...
Завсарлагааны хонхтой зэрэгцээд сэрдхийн цочиж сэрлээ. Ийм зүүдний араас ингэж сэрж байдаг мөн таарч дээ. Өчигдөр уг нь эрт унтсан юм сан. “Маргааш энэ сэдвийн тухай ярилцацгаая. Даалгавраа мартав аа” гэж багш сануулаад гарав. Хүүхдүүд босон ийш тийш холхих зуур дэргэд суух бондгор шар охин “Чи одоо ямар их ичихгүй унтдаг юм бэ, сэрээх гээд үнэхээр барсангүй. Дүн гарах дөхөж байхад ногоорч л байдаг. Даалгавраа ч хийхгүй” гэж хэнхэг ч юм шиг сануулав. Өөдөөс нь муухан инээхчээ аядаад нуруугаа тэнийлгэн суниалаа.
“12 гэдэг чинь... Одоо ганцхан цаг хичээл ороод тарах нь. Бушуухан харьж гэрээ босгох юм шүү. Тэнгэр эвгүйтвэл бороо орж мэдэхээр аж. Буулгаатай гэр орхиж л байдаг, ёстой нэг... Хоёр дүүгийн хичээл цагийн өмнө тарсан байх учиртай. Хариад ус аваад байж байхаа мэдэх байгаа? Эмээ, өвөө ядахад яахаараа айл хэсээд явчихдаг байна аа. Эсгий хийнэ ч гэх шиг. Ах дандаа л хуучны хүн, хуучны хүн гэж хөөргөөд элдэв ажилдаа зарж байх юм. За яах вэ, орой ирэхэд нь гэрээ барьчихсан сууж байх юм шүү. Гэснээс саяны зүүд юу билээ? Нэг л их шувуу зүүдэлсэн санагдана? Ямар ч учиртай юм?”.
Хичээл тарахад тэнгэр бүүдийжээ. Баруун хойноос нүүгэлтэн нөмрөх үүлтэй гэр лүүгээ яарах сэтгэл уралдаж гарав. Таван буудал газар ч юухан байх вэ, автобус ирчихвэл л болно. Ангийнхан сааданд сууж байна. Дуудахаар нь “Гэрт хүн ирчихсэн. Харилаа” гэж хашхираад автобусны буудал руу дэгдлээ. Азаар автобус хурдан ирсэн. Манайх хотын хамгийн хойд захад байдаг болохоор түгжрэл байхгүй, суугаад авсан байхад учиртай. Буудал дээр буухтай зэрэгцээд цагдаагийн машин манай гудам өөд өгсөж харагдав. Манайхаас гадна тав зургаахан айл байдаг энэ бөглүү “жалга”-д юу болоод гэнэт цагдаа ирчхэв? гэдэг сонирхолтой хэдий ч үүнийг мөшгөх завгүй хүн чинь гэрээдээ өгслөө. Сургуулиас гарахад салхи хөдлөөд юу юугүй бороо орчихмоор байснаа одоо овоо тогтоод иржээ. Бараг хамгийн дээд хашаа нь манайх. Авирсаар байж иртэл буудлаас дээш өгсөж байсан цагдаагийн тэрэг манай хашаан дотор зогсож байна. Хоёр цагдаа ирчихсэн эмээтэй ярьж зогсоно. Эмээ хэзээ ирсэн юм бол доо? Би яриаг нь сонсъё ч гэсэнгүй гэр барих ажилдаа шулуудав. Хоёр дүү минь миний өмнөхөн л ирсэн бололтой, ханаа дугуйлаад эхэлжээ. Эмээ, өвөөгийнх хашааны баруун захад жижиг байшинтай. Цагдаа нар хөдөлж өвөө, эмээ хоёр нэг л нухацтай харалцсаар байшинд орцгоолоо.
Гэр барьж байсан мануус инээлдэн буруу зөрүү эвлүүлж, “нохойн ам нийлүүлснээ” шоолон гэрээ барина. Бага таван ханатай гэрээ бид гурав төвөггүй барьдаг болжээ. Өвөө уг нь зааж зураад барьдаг мөртөө энэ удаад гарч ирээгүй нь жаахан хачин санагдлаа. Багад аав маань дээвэр туургаа сэвхийтэл өргөөд, бараг шидээд л гэр барьчихдаг байж билээ. Ээж, аав хоёр салахаас өмнө л дөө. Тэд салснаас хойш бараг найман жил өнгөрчээ. Ээж ч хаагуур яваад байгаа нь мэдэгдэхгүй гэртээ ирэхээ байсан. Ер нь бол зэсэрсэн л дээ. Хааяа нэг ирэхээрээ эмээгийн эрүүний шөлийг ууж ууж нэг л сайхан өдөр гараад талийна даа. Биднийг ч хайхрахаа больсон хүн. “Хэн гэдэг чөтгөр нь чихэнд нь шивнэж” ийм замаар явуулсныг бүү мэд. Нар шингэхтэй зэрэгцэн цагаан бүрээс бүтээж, бүслүүрээ татаж авлаа. Харанхуй гэрт лаа асааж дүү нар хувцас бараагаа цэгцэлнэ. Би түлээ оруулж гал асаачхаад “Маргааш тог оо залгуулна аа, за юу. Өнөөдөр ингээд унтъя. Лааны гэрэлд байх гоё шүү дээ. За, ах нь өвөөгийнд орчхоод ирье” гээд ажлын бээлийгээ тайлж гутлынхаа түрийнд гүвсээр байшинд орлоо. Тэр хоёр авдрынхаа хоёр талд таг дуугүй сууж байна. Орны хөл дээр суугаад тэднийг анзаарвал үрчлээтсэн бор зовхи нь бөлцийгөөд нэг л биш ээ. Эмээ цааш эргэн авдар ухаж гарав. Өвөө тамхи асааж тонгойх зуураа надад хандаж “Миний хүү дүү нараа унтуулчхаад ир” гэлээ. Цааш асуумаар байсан ч дотор харанхуйлаад нэг л хачин болов. Эмээ үг дуугүй хэвээр. Хаалга зөөлөн хааж гараад гэрийн зүг алхлаа. Лааны гэрэл “манай” гэрийг амгалан гэрэлтүүлнэ. Гаднаас түлээ тэвэрч ороод “Та хоёр хоолоо хийж бай. Би өвөөтэй хөрөө ирлэчхээд ороод ирье. Хоол идэхгүй гэвэл шууд унтсан ч яах вэ. Өглөө хичээлтэй юм чинь унт унт” гэв. Тэд ч ядарсан нь харагдана. Хам хум дэвссэн хулдаас зарим хэсэгтээ хуйларчээ. Зуухны амаар тусах галын гэрэл ханан дээр тусаж, энд л үргэлжилсээр ирсэн амьдралд минь өөр нэгэн өнгө нэмэгдсэн юм шиг санагдана. Зуухан дээр тавиатай байсаар богшсон данхтай халуун цайгаа голдоо тавиад боорцог идлээ. Өвөөгийнх рүү орж зурагт үзье гэж хэн ч дуугарсангүй. Эмээ хөвөн ороож байна. Өвөө зуухны өмнө сууна. Дүлий оргисон гэр орон, зулын гол гээд ээжийг өөд болжээ гэдгийг надад ойлгуулна. Өвөөгийн бор байшинд мөнөөх л тэс өөр цаг хугацаа намайг дагаад ороод ирсэн мэт бүдэг бадаг л гэрэлтэй. Өвөө хоолойгоо зассанаа “Ээж чинь осолд ороод... Өөд болчихжээ. Өглөө дүү нарт нь дуулгая. Эрт босоорой” гэдгээс өөрийг хэлсэнгүй. Түнэр харанхуй ноёлж, нохойн дуунаас өөр анир чимээ үгүй. Ямар ч тэнхэлгүй болж болж байшингийн буланд өөрийн мэдэлгүй өвдөг сөхөр тусав. Өнгөрсөн жилийн цагаан сараар цэмбийтэл нүүрээ угаачихсан, эв хавгүй ч гэсэн бүр будчихсан, хуучин дээлээ өмсөөд ирчихсэн өвөө, эмээтэй золгож, хүүхдүүдээ үнсэж билээ. Тэгээд л дээлээ тайлж орхиод гараад явсан, тэр нь одоо ч авдарт эвхээстэй л байна. Бүх юмны адаг төгсгөл, ёроолыг хурдхан шиг үзээд амжъя ч гэж бодсон юм уу гэж бодогдоно. Хэзээд дурсамжид орших ч гэлээ ийм гэнэтээр үгүй болсонд нь итгэж чадашгүй. Нохойн дуу намжиж тэнгэрт од түгжээ. Хөшсөн хөлөө арайхийн хөдөлгөж гэрийнхээ хаалгаар орлоо. Хав харанхуйд унтаж байгаа дүү нараа хараад тэсгэлгүй зангирсан нулимс задарлаа. Хачин их хөндүүр болсон цээжээ даран хэвтлээ. Өдөржин нар салхинд хэвтсэн эсгийнээс халуун хүйтний үнэр зэрэг зэрэг үнэртэнэ.
Аав, ээж хоёр айл гэр болохдоо энэ гэрийг төхөөрчээ. Гэвч түүнээс хойш энэ дээвэр дор хамтдаа амьдарсан хугацаа нь дэндүү богино. Тэр жил ээжийг халамцуу ирж эмээ, өвөөд хөөгдөх шахам зандчуулж байгааг харснаа санав. Би тэр хүнийг бүр үнэн голоосоо өрөвдөж байсан хэр нь маргааш нь сургуулийн ойролцоо буудал дээр харц тулахад хөмхийгөө зуун, харц буруулан гүйж билээ. Замын цаана машины тоосонд торолзон зогсох ээжийгээ хараад зугтаж байснаа санаваас өдгөө өөрийгөө зүхэх ч шиг. Ер нь үгүй болсны араас гашуудахуй хэдхэн хоромд энэ мэт төчнөөн бодол эргэнэ. Ээжийн үхэлд хамт байсан, хань болж байсан хүмүүс нь л буруутай байх. Тэгэхээр бид бүгд буруутан. Эмээ ч, өвөө ч, аав ч, би ч ялгаагүй. Хөнжил доороос цухуйх дүү нарыг сэрчих вий гэхдээ хөдлөх бүрд нь амьсгалаа түгжинэ. Хүнээс нууж уйлах ийм тамтай зүйл байдаг байжээ. Гудамж болгоны тоосыг хөдөлгөж явсан гэж санахаар ээжид уйлах ч газар олдоогүй дээ.
Удалгүй бие суларч нойр хүрлээ. Зовхи анилдан дугхийхтэй зэрэгцээд гэрийн өрх салхинд дэрвэв. Өндийн босвол өглөө болжээ. Дүү нар хаашаа ч юм гарч одсон бололтой. Гутлаа углах санаатай тонгойвол том оо сүүдэр тооно дайвалзуулан өнгөрлөө. Өнөөх таван тогоруу яг мөн. Бушуухан гарч харвал тэнгэр олхиогүй муухайрах нь ээ. Холгүйхэн өнөө таван тогоруу эргэлдэн, нисэн бууж муухай муухай дуугарна. Төмөр хооронд нь харшуулах шиг хачин муухай хоолойгоор “орилох” тогоруу над руу хараад ч байх шиг. Харц нь эгц хэр нь нүднийх нь хэлбэр мэдэгдэхгүй зэрлэг нүдээр ширтэнэ. Яг тэр үедээ би орны толгойноос тас зууран сэрлээ. Ашгүй өглөө болжээ. Дүү нарыг сэрэхээс өмнө усанд явъя гэж санаад тэргээ түрэн энэ хавийн цорын ганц “уулын” худаг руу жирийлээ. Уулаас ундарсан биш, уулын жалганд амьдардаг айлууд усаа залгадаг болохоор л тэгж нэрлэдэг хэрэг. Би усны тэргээ түр орхиод худгийн хажуугийн довцог дээр жаал суулаа. Одоо нэгэнт сэтгэл хямарч элдэв дээдийг бодож чадахгүй яваагаас хойш зүгээр л суух минь. Тээр дор харагдах замаар барагтай хүн яваа харагдахгүй, машин ч алга. Өглөөний сэрүүн арилаагүй тул энгэрээ товчилж малгайгаа өмсвөл төөнөх шиг бүлээн болж, гараа салаавчлан гэдрэг хэвтлээ. “Уулын энгэр дахь худаг дээр аав бид хоёр хонио усалж зогсох юм. Аав том ховоогоор ус татан онгоц руу тонгойлгоно. Би чулуу дамжиж гүйсээр ааваас холджээ. Гэтэл өвсөн дундаас гурван бор өндөг оллоо. Өчүүхэн ч өөгүйгээс гадна үнэхээр содон тэр өндөгнүүдийг аавд үзүүлэхээр шүүрч аваад гүйв.
-Аав энийг хараач -Ээ харла аа. Алив миний хүү бушуухан аваа¬ чиж тавь. Хурдал, бушуул. Эх нь үрээ голчихдог юм, гүйгээд яв, хурдал. Аавыг ингэж сандарч байхыг би өмнө огт хараагүй. Үнэхээр болохгүй юм болсон гэдгийг ойлгоод өндөгнүүдээ барин ухаан зулаггүй авсан газар луугаа харайлгалаа. Тийн гүйж атал мөс шиг гөлтгөр өндөг гараас алдууран газарт уналаа. Дотроос нь ус шиг шингэн юм бас шувууны дэгдээхэй ч юм шиг ягаан юм гарав. Балчир ухаанд минь гэнэтийн совин татсанаа “Би шувууны хүүхдийг алчихлаа” гэсэн айдас нөмрөн гарт үлдсэн өрөөсөн өндгийг “шувууны үхсэн хүүхэд”-ийн хажууд тавьж орхиод худаг руу гүйлээ. Ус уусан мал явахаа мэдэх биш хэсэг л алхууллаа. Хойноос айсуй аадрын үүл улам өтгөрчээ.
Удалгүй салхи ихтэй усан бороо цутгалаа. Амьсгалахад ч хүртэл хэцүү юм. Нар шингэж харуй болоход аав бид хоёр усан бороонд балбуулан хонио эргүүлсээр гэрийн гадна ирлээ. “Хүүе, хаая, чүү, чаа”, “Гүйгээч, цаагуур нь, нэг борлон, шилбүүр” болж байж арай гэж аадрын дундуур хонио хашиж автал гэрийн дээгүүр аймаар том шувууд эргэлдэж, өрх, бүрээс балбачиж байна. Аав шилбүүр барин гэрээд гүйж, аймаар шувуудыг хашхичин хөөнө. Гэвч ойртвол улам догшрох мэт нэг л аймшигтай харагдлаа. Гэтэл аав руу дайрч далавчаараа унатал алгадахад ээж амь тэмцэн гүйж очих мөчид гэрийн дотроос аварга том тогоруу тоононы цамхраа хуга татан гарч ирээд ээжийг шүүрч аван сарвалзуулан сэгсчинэ. Би хонины хашаанаас тас зууран “Шувуу хүн алдаг” гэж бодохоос өөрийг хийж чадахгүй нь. Гррран... грррун грррраннн... грррун аймшигтай чих өвтгөм дуу чимээ борооны дууг ч давж байлаа. Аав тамираа тасартал ноцолдож нэгийг нь цохиж унагаад ээжийн хойноос хий дэмий л сарвайн гүйнэ. Дагаж гүйхдээ бүс нь суларч унжаад хормойтой нь орооцолдоно. Харанхуй их бороонд уусан алга болох тогоруу болон ээжийг харсаар хоцорсон би нүдээ цавчих ч тэнхэлгүй болж. Аав сөхрөн суугаад орилно. Газраас чулуу, шороо, шавхай авч чулуудна. Би тэнэг хүн шиг л гөлийж гэрийн зүг мөлхөнө. Эвдэрхий хаалганы босго даван орвол эзгүй орон дээр хагарсан хоёр өндөг харагдлаа. Мэгшин уйлахад хацар халуу оргино. Эхэр татахад хоолой хөндүүр мэт. Амаа байдгаараа том ангайж хашхиртал зүрх салганан, гэдэсхийн цочлоо. “Хүүхээ, хээр унтдаггүй юм” гэх дуунаар бороо татарлаа.
Буяны компаниас нэг их үнэтэй биш ч үзэмжтэй цагаан шар боржин захиаллаа. Мөн авсных нь өнгийг ч цагаанаар захив. Маргааш үүрээр гаргах тул өнөөдөр хоол бэлдэж өнжих хэрэгтэй. Ангийнхан, хамаатнууд, хол, ойрын айлаас хүмүүс ирлээ. Гэр тойруулж зассан ширээнд таних танихгүй элдэв хүн байх ч эгцлэх хүсэл алга. Түлээний амбаар бараадан мод түлээ бэлдэж сууна. Ангийнхан нэг л ирж зориглохгүй байгаа бололтой багшийг тойрон сууцгаана. Уйлсаар нулимс татарчихсан юм болов уу. Хуурай оргиж аргах нүдээ нухалж суутал Агиймаа дэргэд ирж суугаад “Хагалсныг нь би оруулж байя. Хоол дахиад хийх бололтой. Хоёулаа ахиухан бэлдчихье” гэнэ. Өнөөдөр л би түүний нүдийг ээжийнхтэй адилхан байсныг анзаарав бололтой хэсэг ширтээд сүх аван хагаллаа. Агиймаа надаас өөр юу ч асуусангүй. Бид чимээгүй гэрийн зүг түлээ тэвэрсээр алхана. Багад миний өндөг хагалсныг ааваас өөр мэдэх хүн үгүй. Гэтэл одоо аав биднээс холдоод олон жил болж. Ээжийгээ алдсаны дараагаас яагаад ч юм тэр үгүй хийсэн хоёр амины төлөөсөнд л энэ тавиланд би унасан байх гэж бодогдоно. Үүрийн таван цагт хотоос баруун тийш хөдөллөө. Оршуулгын цуваа гарч одох хотын өнгө цэлдэн хөх эсвэл хар саарал байх аж. Явсаар Өлзийтийн баруун дэнжид нутагшууллаа. Харууслын нулимс унагах олон хүнийг харж зайдуухан суусан надад ямар ч бодол төрсөнгүй. Арц хүж уугих овоолсон шорооны өлмийд сөгдөж, удаан гэгч нь залбираад бослоо. Буцах замаа буруулахаар Биогийн зам руу орвол Туулын эрэг орчимд байсан гурван хөх тогоруу оршуулгын цувааг сөрөн ниснэ.
Хөх тогоруу чи үрээ алдсандаа гунигласан байж
Хүйтэн борооноор би уйлахыг чинь сонсож чадаагүй юм
Ингээд бидний зовлон адилхан боллоо
Ирэх жил энэ нутагт буух шалтгаангүй боллоо