12 дахь удаагийн “Алтан өргөө” олон улсын кино наадам тав хоног үргэлжилж, энэ сарын 12-нд өндөрлөлөө. Тус наадмын монгол киноны уралдаант хэсэгт С.Ихбаярын “Өглөө болно” богино хэмжээний бүтээл шилдгийн шилдгээр тодорсон талаарбидөмнөхдугаартаамэдээлсэн. С.Ихбаяр нь өгүүллэгүүд бичиж, номоо гаргасан, үзэсгэлэнгээ ч нээгээд амжсан, урлагийн тал бүрийн авьяастай, өнөө цагийн амжилттай яваа уран бүтээлчдийн нэг билээ. Уран бүтээлүүдийнх нь талаар түүнтэй ярилцлаа.
-Таныг багаасаа л өгүүллэг, тууж бичсэн гэж сонссон. Яагаад зохиолч болохоор шийдсэн бэ?
-Багаасаа өдрийн тэмдэглэл тогтмол хөтөлдөг байсан. Энэ нь өгүүллэг, зохиол болж цар хүрээ нь нэмэгдсэн гэж боддог. Ер нь өдрийн тэмдэглэл бичдэг байсан нь их нөлөөлсөн гэсэн үг. Тухайн үеийн мэдрэмж, сэтгэгдлээ тогтмол буулгадаг байв. Багаасаа өгүүллэг, тууж бичдэг байсан ч бүр тэс өөр буюу барилгын инженерийн мэргэжил сонгосон. Гэхдээ хүмүүс бид үргэлж л дуртай зүйл рүүгээ хөтлөгдөж байдаг шүү дээ.
-Урлагт хайртай, зохиол бичих дуртай байсан атлаа сонирхлоосоо тэс өөр буюу барилгын инженер мэргэжлийг сонгох болсон шалтгаан нь юу байв?
-Энэ мэргэжлийг сонгоход гэр бүлийнхэн их нөлөөлсөн. Би Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийг төгссөн юм. Сургуулиа төгссөний дараа хятад хэлний бэлтгэлд хамрагдаж, тодорхой хэмжээний мэдлэгтэй болсон. Үүнийхээ дараа Бээжингийн технологийн их сургуульд барилгын инженер мэргэжлээр суралцаж, 2010 онд төгсөж байлаа. Сургуулиа төгсөөд Монголдоо ирээд найман жил мэргэжлээрээ ажилласан. Төрийн албанд болон барилгын талбайн инженерээр хувийн хэвшлийн компанид ч ажиллаж үзлээ. Харин 2020 онд “Ковид-19” цар тахал гарснаас хойш л уран бүтээлийн ажилдаа идэвхтэй орсон доо.
-“Алтан өргөө” олон улсын кино наадмаас “Өглөө болно” богино хэмжээний бүтээлээрээ шагнал хүртлээ. Дэлгэцийн анхны уран бүтээл гэхэд чамгүй амжилт авчирлаа шүү дээ.
-Тийм ээ. Шагнал авсан мэдрэмж үнэхээр сайхан байлаа. Ер нь огт төсөөлөөгүй зүйлс болж өнгөрлөө. Би кино үзэх дуртай. Өмнө нь “Алтан өргөө” наадамд өрсөлдсөн бүтээлүүдийг байнга үздэг байв. Гэхдээ оролцъё гэж огт бодож байгаагүй. Харин Монголын үндэсний кино урлагийн зөвлөлөөс 2021 онд “Авдраа уудалъя” гэдэг нэртэй, найруулагч нарыг хамруулсан сургалт явуулсан юм. Тэр сургалтад азаар хамрагдсан. Сургалтад хамрагдсан 4-5 найруулагчийг Кино урлагийн зөвлөлийнхөн сонгож, тодорхой хэмжээний санхүүжилт олгож, богино хэмжээний кино хийгээрэй гэсэн юм. Үүний дагуу богино хэмжээний кино хийж, өнгөрсөн онд эвлүүлгийг нь эцсийн байдлаар дуусгасан. Тэгээд л “Алтан өргөө” кино наадамд бүтээлээ өрсөлдүүлээд үзье гэж шийдсэн дээ. Тэгэхээр анхнаасаа шагнал авна, шилдгээр шалгарна гэсэн зорилго тавиагүй гэсэнүг. Гэтэл уг бүтээл минь том амжилт авчирлаа. Маш их баяртай байна.
-“Өглөө болно” богино хэмжээний киноныхоо зохиолыг та өөрөө бичиж, бас найруулсан шүү дээ. Хэр их хугацаа, ур чадвар шаардсан бүтээл вэ?
-“Өглөө болно” анх өгүүллэг байсан юм. Өглөөнөөс орой хүртэлх хүний амьдралын үйл явцыг харуулсан. Би өнгөрсөн онд өгүүллэгийн “Эргэмээр” номоо хэвлүүлж, уншигчдын хүртээл болгосон юм. Энэ номд орсон өгүүллэг. Уг өгүүллэгээ кино зохиол болгож бүтээсэн л дээ. Тэгэхээр зохиол нь бэлэн байсан. Харин кино хийх үйл явц ойролцоогоор нэг жил үргэлжиллээ.
-Өглөөнөөс орой хүртэлх үйл явдлыг харуулсан кино гэхээр зарим хүнд хэт энгийн, сонирхолгүй ч юм шиг санагдаж мэдэх юм. Эл уран бүтээлээрээ дамжуулан үзэгчдэд ойлгуулахыг хүссэн санаа тань юу байв?
-Яг л миний гацаанд орсон үеийн тухай бүтээл гэж хэлж болно. Цаашид яах нь тодорхойгүй, гацаанд орсон үетэй хүн бүр тулгардаг байх. Ялангуяа уран бүтээлч болгон ийм үетэй нүүр тулдаг гэхэд болно. Тиймээс бэрхшээл, гацааг давж гарах нь чухал гэдэг санааг илэрхийлэхийг зорьсон.
-Кино хийх явцад санхүүжилт, техник, технологи, зураг авах үйл явц, орчин нөхцөл зэргээс эхлээд хүндрэлтэй зүйл олон тулгардаг шүү дээ. Тэр бүхнээ хэрхэн шийдвэрлэсэн бол?
-Миний хувьд хүндрэлтэй зүйлс байгаагүй гэхэд хилсдэхгүй. Найзууд минь үнэгүй шахам тусалсан. Мөн эхнэр маань маш их дэмжлээ. Ямар ч уран бүтээлд санхүүжилт их чухал шүү дээ. Киноныхоо зургийг гэртээ авсан учраас л хүндрэл бэрхшээл бага тулгарсан байх. Хамгийн тухтай орчиндоо ажилласан болохоор тэр. Эхнэр маань миний уран бүтээлийг хамгийн их дэмждэг хүн.
-“Эргэмээр” өгүүллэгийн түүврийн хувьд хэр удаан хугацаа шаардсан бүтээл байсан бол?
-2010 онд сургуулиа төгсөж ирснээсээ хойш бага багаар бичээд л байв. Өгүүллэгүүдээ боломжтой үедээ нэг нэгээр нь нэмсээр байгаад өнгөрсөн онд л ном болгож гаргасан. Ажлынхаа хажуугаар бичдэг байсан учраас их хугацаа зарцуулсан гэж боддог. Ер нь амьдралдаа ядаж нэг зүйлийн ард гаръя гэж зорьсных юм уу даа. Харин уншигчид их сайхан хүлээж авсан.
-Зохиолчийн хувьд үлгэр дуурайлал авдаг хүн, эсвэл зохиол бий юү?
-Маш их уншихыг хичээдэг. Уран зохиолын бүхий л төрлийн ном унших дуртай. Сүүлийн үед Хятадын зохиолч Үй Хуагийн номуудыг уншиж байгаа. Өмнө нь бол дэлхийн сонгодгуудыг уншдаг байсан.
-Та кино найруулж, зохиол бичдэг. Бас барилгын инженер. Түүнчлэн бизнес эрхэлдэг гэж сонссон. Ийм олон зүйлийг зэрэг амжуулах нь хэцүү санагддаг уу?
-Дасчихсан болохоор хэцүү санагддаггүй ээ. Дуртай зүйлдээ өөрийн мэдэлгүй л цаг гаргачихдаг юм билээ. Гэхдээ зөвхөн урлагаа хөөж амьдарна гэвэл санхүүгээс эхлээд хүндрэлтэй зүйл их тулгарна. Тиймээс хувиараа бизнес эрхэлж байгаа. “Ном ном” гэх ногоон буузны үйлдвэртэй. Веган буюу мах ороогүй ногоогоор хийсэн бууз үйлдвэрлэдэг. Энэ бизнесээ саяхнаас л эхэлсэн.
-Цаашид кино найруулах, эсвэл зохиол бичих хоёрын аль нэгийг сонгож мэргэшин ажиллах уу?
-Надад хоёулаа маш сонирхолтой, сайхан санагддаг. Сургуульд нь сураагүй болохоор интернэт орчноос найруулагч нарын ярилцлагуудыг сонсож, суралцдаг. Тэгэхээр цаашид аль алинаар нь мэргэших сонирхолтой.
-Эхнэртэйгээ хамт өнгөрсөн онд “Хүн дүүрэн тал” үзэсгэлэнгээ үзэгчдийн хүртээл болгосон байх аа?
-Үзэсгэлэнгийн зургууд нь эхнэрийн маань барлах урлаг буюу хулдаасан барын бүтээлүүд байсан. Эхнэр миний номд орсон өгүүллэгүүдтэй холбож бүтээлүүдээ туурвисан юм. “Хүн дүүрэн тал” гэх өгүүллэгээс санаа авсан л даа. Ер нь хоорондоо холбогдох юм байна гэж бодоод хамтарч үзэсгэлэнгээ гаргаж байлаа. Тэр нь ч оносон гэж боддог. Бид өөрсдийн онцлог, арга зүйг тусгаж, нэн шинэ, орчин үеийн чиглэлээр бүтээлүүдээ дүрслэн харуулсан. Аливаа юмс, үзэгдлийн өнгөн талыг бус, түүний далд орших мөн чанарыг харуулахыг зорьсон юм л даа.
-Та дараагийн уран бүтээлийнхээ санааг олсон уу. Эсвэл аль хэдийн эхлүүлчихсэн явна уу?
-“Эргэмээр” номд орсон “Эргэмээр” гэх өгүүллэгээсээ сэдэвлэсэн богино хэмжээний кино хийхээр зохиол дээр нь ажиллаж байгаа. Мэдээж дахиад кино хийх төлөвлөгөөтэй. Бас цаашид хотоос холгүйхэн амралтын газар байгуулах хүсэл бий. Тэндээ амьдарч, бизнес эрхлээд, кино зохиолоо ч бичнэ гэж боддог.
Бэлтгэсэн: У.Цэцэгсүрэн