ОУХМ Б.Номин-Эрдэнийг марафон гүйлтийн төрөлд амжилт гаргаснаар нь спорт сонирхогчид мэддэг. Хүүхэд байхдаа Дархан-Уул аймгийн хөнгөн атлетикийн дасгалжуулагч С.Сүхбаатар багшийн шавь болж амжилтын гараагаа эхлүүлсэн тэрбээр өдгөө дотоод, гадаадын тэмцээнээс медаль хүртсэн мэргэжлийн тамирчин болжээ.Дасгалжуулагч А.Гантулгын удирдлагад 2021 оноос үргэлжлүүлэн бэлтгэл базааж, ур чадвараа ахиулснаар олон тэмцээний түрүү авсан гэдэг. Түүний хувьд олон улс, дэлхийн тэмцээнд хурд сорьсон жил 2023 он байв. Тухайлбал, ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотод зохион байгуулсан “Байгал нуур” марафонд оролцохдоо 42 км-т хурд сорьж (2.58.43 цаг) мөнгөн медаль хүртсэн юм. Тэндээс ирснийхээ дараа Японы Осака хотыг зорьж Олон улсын скайраннингийн холбооноос зохион байгуулсан шатаар өгсөх гүйлтийн ДАШТ-д өрсөлдөн 59 давхар байшингийн 1610 ширхэг шатыг 11 минут 19 секунд 27 дольд туулан хүрэл медаль зүүсэн. Дараа жил нь өмнөд хөршид болсон олон улсын тэмцээнд оролцохоор нэг бус удаа хилийн дээс алхав. Тус улсын Хэнан мужийн Жэнжоу хотод болсон олон улсын марафонд (42 км) IX, “Mengniu Chengdu half marathon” Зүүн Азийн АШТ-д IV байр эзэлжээ. Тэгвэл Ичан хотод зохион байгуулсан олон улсын марафоны 42 кмийг 2.39.27 цагт туулан удаалсан бол Хунан мужийн Чандэ хотод болсон олон улсын марафоны 42 км-т 2.35.15 цаг уралдаж, IV байрт шалгарсан байна.
-Хөнгөн атлетикаар хичээллэдэг тамирчдын олонх нь хөдөө өссөн байх юм. Өссөн орчинтой нь энэ спорт ойр болохоор сонирхож хичээллэдэг болов уу?
-Спортоор хичээллэхэд орчин нөхцөл чухал. Хөдөө өссөн хүүхдүүд эрүүл чийрэг биетэй байдаг. Би багадаа хөвгүүдтэй хөл бөмбөг тоглож өссөн. Тэр үеийн хүүхдүүдийн олонх нь тэмцээн, уралдааны бэлтгэлд хамрагддаг байв. Намайг гүйх сонирхолтой байсан болохоор аав ДарханУул аймгийн хөнгөн атлетикийн дасгалжуулагч С.Сүхбаатар багшийн удирдлагад хичээллүүлсэн юм. Бэлтгэл хийж эхэлсэн даруйдаа өсвөр үеийнхний тэмцээнд амжилттай оролцож, урам авснаар спортын замналд хөл тавьсан. Түүнээс хойш 10 жил тууштай хичээллэж байна.
-Манай марафончдын хувьд бэлтгэлээ базаахад хамгийн тохиромжтой улирал бол зун. Сургуулилалтын чинь нэг өдөр хэрхэн өнгөрдгийг сонирхуулаач?
-Монголд урин дулааны улиралд бэлтгэл хийх нь илүү таатай. Зун тэмцээн цөөнгүй болдог тул багаараа өндөрлөг газарт, хээрийн бэлтгэлд гардаг. Тамирчдад бэлтгэл хийх цаг хугацаа хамгийн үнэ цэнтэй. Тиймээс багшийнхаа зөвлөсний дагуу үр дүнтэй хийхийг хичээдэг. Бэлтгэлээ сайн базаасан байхад тэр өдөр эрч хүчээр дүүрэн, сайхан өнгөрдөг юм. Бид БНХАУ-ын Жэнжоу хотод намар зохион байгуулах олон улсын марафонд оролцохоор бэлтгэлээ шаргуу базааж эхэлсэн.
-Олон улсын стандартад нийцсэн зам манай улсад байдаггүй болохоор хотоос зайдуу гарч бэлтгэлээ хийдэг гэж сонслоо.
-Марафон гүйлтийн бэлтгэлийг гадаа хийдэг болохоор асуудал нэг их тулгардаггүй. Хааяа 400 метрийн стандарт тартан тойрог замд бэлтгэл хийх шаардлага гардаг тул Налайх руу явдаг. Монгол эрс тэс уур амьсгалтай. Өвлийн улиралд гадаа голдуу гүйнэ. Жавар тажигнасан ид хүйтэнд утаатай орчинд бэлтгэл хийх амаргүй тул цэвэр агаарт үргэлжлүүлэхийн тулд Улаанбаатар хотоос зайдуу гардаг юм.
-Шигшээ багийн бус тамирчид дотоод, гадаадын тэмцээнд оролцох зардлаа хувиасаа гаргадаг. Ажил хийж олсон мөнгөө амьдралдаа зориулахаас илүү бэлтгэлдээ зарцуулж харагддаг. Та энэ бүхнийг хэрхэн зохицуулдаг вэ?
-Тамирчдын хувьд амжилт үзүүлж, санхүүгийн асуудалгүй, бэлтгэлээ хийдэг болтол маш их цаг хугацаа шаардана. Бид тэмцээнд оролцохын тулд багагүй зүйлс золиосолж, зардал гаргадаг тал бий. Миний хувьд төлөвлөсөн уралдаануудад амжилттай оролцож, олсон шагналаа дараагийн тэмцээндээ зарцуулж байна даа.
-Та “Улаанбаатар марафон-2025” олон улсын тэмцээнээс медаль хүртсэн. Хэт холын зайд гүйхэд тэвчээр хатуужил, туршлага шаардана. Марафонд оролцох бүрдээ хамгийн их мэдэрдэг зүйл тань юу вэ?
-“Улаанбаатар марафон”-д 2022 онд анх хурд сорьсон. Үүнээс хойш дөрвөн удаа дараалж оролцлоо. Бэлтгэлээ сайн хийсэн байхад ямар ч тэмцээн надад хэцүү санагддаггүй. Амжилтынхаа төлөө цаг, заваа зориулдаг тамирчин өөртөө итгэлтэй байдаг юм. Олон улсын марафонд цөөнгүй оролцсон тул гадаадын тамирчидтай найз нөхөд болсон. Тэднээс Кени улсын эмэгтэй марафончидтой дотно нөхөрлөдөг. Тэдэнтэй гадаадын томоохон тэмцээнд байнга таардаг болохоор найрсаг харилцаатай байхыг хичээдэг.
-Тамирчин хүн ганцаараа зүтгээд амжилт гаргадаггүй. Олон хүний тус дэм их нөлөөлдөг. Таныг гэр бүлийнхэн тань хэр сайн дэмждэг бол?
-Миний амжилтын ард гэр бүлээс гадна багийн хамт олон минь байдаг. Тэдний тус дэмээр би бэлтгэл сургуулилалтаа саадгүй хийж, амжилтад хүрсэн.
-Орон нутагт болсон тэмцээнүүдэд оролцсоныг тань нүүр номоос олж харлаа. Тэдгээрээс ямар марафон нь сайхан сэтгэгдэл төрүүлэв?
-Миний хувьд орон нутагт болдог тэмцээнд ихэвчлэн дээгүүр амжилт үзүүлдэг. Хэнтий аймагт зохион байгуулсан марафоны 21 км-т түрүүлэхдээ өөрийгөө өмнөхөөсөө илүү амжилт гаргана гэдгээ мэдэрч байсан. Хүнд бэртлийн дараа биеэ сэргээх надад нэг хэсэгтээ л хэцүү байсан шүү.
-Та өмнө нь шигшээ багийн бүрэлдэхүүнд байсан. Одоо аль клубт харьяалагдаж, ямар дасгалжуулагчийн удирдлагад бэлтгэл хийж байна вэ?
-Тамирчин хүнд ур чадвараа жилээс жилд ахиулах шаардлага гардаг. Марафон гүйлтийн дасгалжуулагч А.Гантулга багшийн удирдлагад 2021 оноос бэлтгэл хийдэг болсноор олон ч тэмцээнд түрүүллээ. Түүний шавь болсондоо их баярладаг. Тэрбээр улсдаа хамгийн олон ОУХМ төрүүлсэн туршлагатай дасгалжуулагч. Холын зайн гүйлтэд тамирчдыг маш сайн бэлтгэдэг тул багшаараа сонгосон юм. Миний хувьд Улаанбаатар хагас, бүтэн марафонд дөрвөн удаа амжилттай өрсөлдөж, эхний гурван байрт шалгарсан. Мөн Багахангай дүүрэг болон орон нутгийн чанартай хагас марафон, 50 км-ийн уралдаанд 20 гаруй удаа тэргүүлсэн байна. Олон улсын марафоноос 10 гаруй медаль гардаж, өнгөрсөн жил ОУХМ цолны болзол биелүүлснээр шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан. Одоогоор “Хурд” клубт харьяалагдаж, бэлтгэлээ базаадаг
-Дасгалжуулагч бүр өөрийн ухаан, туршлагаар тамирчдаа амжилтад хүргэдэг. Багшийн тань бэлтгэл хийлгэдэг арга барилын онцлог юу вэ?
-Багш тэмцээн, бэлтгэлийн үед ч тамирчдынхаа сэтгэл зүйн байдалд анхаарал хандуулдаг. Цаг агаарын ямар ч хүнд нөхцөлд бэлтгэл эхлэхээс дуустал нь хамт байна. Түүнээс шавь нарынхаа төлөө бүхнээ зориулдаг үүрэг хариуцлага, сэтгэл их мэдрэгддэг. Мөн ачаалал даах чадварыг тухайн тамирчны бие, сэтгэл зүйн онцлогт тохируулж, төлөвлөгөө гаргадаг. Зөвхөн уралдаан гэлтгүй бэлтгэлийн үед ч багш хоол зүйч, сэтгэл зүйч, дасгалжуулагч, бариач гээд бүгдийг нь хийнэ шүү дээ.
-Өдөр бүр хол зам туулж бэлтгэл хийх хааяа амаргүй санагддаг уу?
-Миний хувьд хамгийн гол зүйл бол сэтгэл зүй. Өөрийгөө тал бүрээр бэлтгэхэд халширч, шантрах зүйл бишгүй л гарна. Гэхдээ даван туулбал ахиц гарна гэдгийг мэддэг учраас хэцүү санагдсан ч бэлтгэлээ таслалгүй хийдэг.
-Монгол хүний тэсвэр тэвчээрийг манай тамирчид олон улсын марафон, ДАШТ-д замаасаа гаралгүй гүйж харуулсан. Та өөрийгөө хатуужил тэвчээрт суралцсанаа ямар тэмцээнд оролцохдоо илүү мэдэрч байв?
-Монголын марафончдын тэсвэр хатуужил үнэхээр бахархмаар шүү дээ. ДАШТ, ААШТ-д эрхээ авч оролцоно гэдэг том амжилт. 42 км туулаад хувийн амжилтаа дээшлүүлж, цаашлаад улсынхаа дээд амжилтыг шинэчлэн тогтоож байгаагаас нь урам авч, тэдэн шигээ болох сон гэх хүсэл эрмэлзэлд хөтлөгддөг. БНХАУ-ын Жэнжоу хотод өнгөрсөн жилийн гуравдугаар сард болсон олон улсын марафон гүйлтийн тэмцээнд хоёр цаг 39 минут гүйхдээ ОУХМ цолны болзол биелүүлж, Монголын хөнгөн атлетикийн шигшээ багт тамирчин болж байлаа. Тэр үед өөрөөрөө бахархаж, өмнөхөөс илүү итгэл төрсөн. Амжилтад нууц байхгүй. Харин хүмүүст мэдэгдэхгүйгээр нууц болон хадгалагддагийг хэн ч анзаардаггүй юм. Гэр бүл, дасгалжуулагч багш, хамт олон минь намайг дэмжээгүй бол би өдий дайтай амжилт гаргах боломжгүй байлаа.
-Хөнгөн атлетикийн тамирчид бэлтгэлээс гадна олон зүйлд анхаардаг байх. Олон жил баримталж ирсэн зүйл тань сонирхол татаад байна.
-Өөртөө үнэнч, зорилгынхоо төлөө тэмүүлсэн тууштай байдал, хувийн хариуцлагаа умартахгүй урагшлах бол миний гол зарчим. Хэнтий аймагт болсон “Тал нутгийн марафон” тэмцээний 21 км-ийн зайд түрүүлж байлаа. Тус марафоноос алтан медаль хүртсэн тамирчныг хурдан удмын даагаар шагнадаг юм. Шигшээ багийнхнаас ОУХМ Г.Хишигжаргал эгч үнэхээр дайчин, хөдөлмөрч, шаргуу, эелдэг. Миний хувьд түүн шиг тамирчин болохыг хичээдэг. Багийн ах, эгч нар маань томоохон уралдаанд оролцохын өмнө “Тэмцээний үед сэтгэл санаагаа тайван байлгаарай. Чи чадна, ялна. Чиний хамгийн том өрсөлдөгч бол чи өөрөө. Ямар ч үед өөрийгөө ялж сурах хэрэгтэй шүү” гэж зөвлөдөг юм.
-Та хэзээ нэгэн цагт карьераа өндөрлүүлбэл дасгалжуулагчаар ажиллах уу?
-Би Үндэсний Биеийн тамирын дээд сургуулийг багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. Миний хувьд тамирчны карьераа үргэлжлүүлж, олимпын наадамд оролцохыг хүсдэг. Зорилгоо биелүүлнэ гэдэгтээ ч итгэлтэй байгаа. Хэзээ нэгэн цагт карьераа өндөрлүүлбэл эх орондоо чадварлаг тамирчид бэлтгэж, улсынхаа нэрийг өндөрт гарахын төлөө хичээж ажиллана.
-Тамирчин хүнд биеийн бэлтгэлээс гадна сэтгэл зүй чухал. Амжилт гаргахад ч их нөлөөлдөг шиг санагддаг.
-Сэтгэл зүй бол тамирчин хүний хамгийн чухал зүйл. Үүнд ч их анхаардаг. Тэмцээний үед аль болох бухимдахгүй уралдахыг хичээдэг. Сэтгэл зүй хэр сайн байгаагаас амжилт үзүүлэх, эсэх нь шалтгаалдаг юм. Бэлтгэлээ мянга сайн хийгээд сэтгэл зүй тааруу бол зорилгодоо хүрч чадахгүй. Амжилт үзүүлэх боломж ч буурна. Тэгэхээр бэлтгэл, сэтгэл зүй хоорондоо их холбоотой.
-Тамирчдын хамгийн ойрын зөвлөгч, шүүмжлэгч нь гэр бүл, найз нөхөд нь байдаг. Тэднээсээ хааяа шүүмжлэл сонсдог уу?
-Багш миний сэтгэл зүйч болдог. Тамирчдаа хүчтэй байлгахын тулд урам өгч, хүн болгонтой тулж ажилладаг. Үргэлж магтуулна гэж юу байх вэ. Хааяа хатуухан зэмлэл сонсох нь энүүхэнд. Шүүмжлүүллээ гээд сэтгэлээр унадаггүй. Өөрийгөө хурцалж, дайчлаад ахих хэрэгтэй гэдгээ мэдэрдэг. Хамаатан саднаасаа шүүмжлэл багагүй сонсож “Чи наад спортоо орхи. Эрүүл мэндээ бод. Ээж, хүүгээ асрах хэрэгтэй” гэх зэргээр зэмлүүлнэ. Гэхдээ энэ бүхнийг миний төлөө хэлж байгаа болохоор хүндээр хүлээж авдаггүй. Харин ч улам хичээж, гэр бүлээ сайхан амьдруулах амлалтдаа хүрэхийн төлөө хичээдэг.
-Спортоор хичээллэдэг тамирчдын ар гэр орхигддог тал бий. Энэ бүхнийг хэрхэн амжуулж байна вэ. Заримдаа дуртай зүйлдээ зав гаргаж, найз нөхөд шигээ эрх чөлөөтэй байхыг хүсдэг биз дээ?
-Хааяа гэр бүл, хүүхдээ их санадаг. Гэрээсээ хол бэлтгэл хийдэг болохоор тэдэнтэйгээ цаг хугацааг тухтай өнгөрүүлж чаддаггүй. Жаахан ч гэсэн зав гарвал найз нөхөд гэхээсээ илүү гэр лүүгээ яардаг. Амжилт, карьераа дээшлүүлж, ээжийгээ сайхан амьдруулахыг үргэлж боддог. Ээж минь надад итгэдэг. Аав минь амьд сэрүүн байхдаа итгэл хүлээлгэсэн болохоор найдварыг нь хөсөрдүүлэхгүйг хичээж явна.