“Өнөөдөр” сониноос 2008 онд ажлын гараагаа эхэлж, олон улсын “Reuters” агентлаг, “The Guardian” зэрэг нэр хүндтэй хэвлэлд бүтээлээ нийтлүүлж ирсэн сэтгүүлч, сэтгүүл зүйн сургагч багш, хэвлэл мэдээллийн зөвлөх Даваашаравын Мөнхчимэгтэй ярилцлаа. 2024 онд Чевнингийн тэтгэлгээр Британийн Сассексийн их сургуульд Жендер ба медиа судлаач мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан тэрбээр мөдхөн АНУ-ын Мэриландын их сургуулийн сэтгүүлзүйн докторантурт суралцахаар мордох гэж буй.
Монголд эмэгтэйчүүдийг баримттай, найдвартай, хэрэгцээтэй мэдээлэл, эх сурвалжаар хангаж, ардчилалд тэгш оролцох боломжийг нь нэмэгдүүлэх, улс төр, бизнесийн салбарт манлайлж, амжилтад хүрч, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхэд нь хувь нэмэр оруулах эрхэм зорилготой “Room24” хэмээх цахим платформоо ч саяхан нээсэн юм.
-Манай улсад өдгөө үйл ажиллагаа явуулж буй 500-гаад хэвлэл мэдээллийн хэрэгслээс танай “Room24” платформын гол ялгарал, онцлог юу вэ. Монголын анхны гишүүнчлэлд суурилсан бизнес модель гэдгээ илүү дэлгэрүүлж яриач?
-2008 онд анх биднийг “Өнөөдөр” сонинд ажилд орж байх үед манай хэвлэлийнхний нэр хүнд нийгэмд маш сайн, сэтгүүлчдийг хүндэтгэдэг, тогтмол хэвлэлийнхэнд их итгэдэг байсан. Төрийн албаныхан, яам, агентлагийнхан, сайд, дарга нар бөөнөөрөө ирээд манай “Редакцын уулзалт”-д оролцдог, мэдээллээ ил тод нээлттэй өгдөг байлаа. Тэр олон сэтгүүлч тал талаас нь ухаж төнхөөд асууж байхад цааргалахгүй, харин ч “Өнөөдөр” сонинд ярилцлага өгөх нь өөрөө нэр хүндийн хэрэг гэж үздэг.
Одоо энэ байдал эсрэгээрээ эргэсэн. Хэн дуртай нь ямар ч хамаагүй сайт, пэйж нээгээд, өөрсдийгөө “Би сэтгүүлч” хэмээн өргөмжилж, хүссэнээрээ хүмүүсийг гүтгэн харлуулж, мушгин гуйвуулж, троллуудаар дарамтлаад байхаар олон нийт дунд нь төөрөлдөөд, нийт хэвлэлийнхэнд итгэх итгэл нь алдарсан. Хаана чанартай, найдвартай мэдээлэл байна, хэн нь үнэхээр сайн сэтгүүлч юм, аль редакц нь мэргэжлийнх вэ гэдэг баримжаагүй болсон. Энэ 10 гаруйхан жилийн хугацаанд телевиз, сонинууд хүний нөөц, хөрөнгө санхүүгийн асуудалтай бодитоор тулгарч байна. Гэхдээ уучлаарай, дэлхий нийтээр цаашдаа ч энэ байдал үргэлжлэх учраас одоо бид үнэнтэйгээ нүүр тулаад, шинэ зүг рүү харах шаардлагатай. Нэн түрүүнд өөрсдийнхөө үнэ цэнийг бүтээж, түүнийгээ ил тод зарлаад, редакцын бодлогоороо ялгарах хэрэгтэй. Хоёрдугаарт, манай сэтгүүл зүй бизнес моделио шинэчлэх ёстой. Редакцууд, сэтгүүлчид чанартай бүтээл хийх гэж байнга л боддог. Гэвч үүний тулд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага хангалттай ашиг, орлого олох хэрэгтэй. Энэ бол бизнес загвар юм гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрч, санхүүжилтийн эх үүсвэрээ хэрхэн төрөлжүүлэх тал дээр маш задгай сэтгэж байна.
Янз бүрийн эвент зохион байгуулах, кофены газар ажиллуулах, мэдээллийн боловсролын сургалтууд хийх, гишүүнчлэлийн хувилбар нэвтрүүлэх зэргээр бизнес модель олон янз бий. Энэ соёлыг Монголд нутагшуулахаар бүсгүйчүүдтэйгээ хамтраад “Room24” хэмээх гишүүнчлэлд суурилсан платформоо эхлүүлсэн. Жишээ нь, жилийн 100 мянган төгрөгөөр манай гишүүн боллоо гэхэд эмэгтэйчүүдийн эрхийн төлөө дуу хоолойгоо хүргэх, үнэ цэнтэй мэдээллийг хуваалцахад хувь нэмрээ оруулж байгаа хэрэг. Гишүүддээ бид редакцын бодлого, үйл ажиллагаа болон орлогоо ил тод тайлагнана. Төлбөртэй контент гэдэг ойлголтыг халж, редакцын сонгох сэдэв, урих зочдоо гишүүдтэйгээ бас зөвлөнө. Энэ жишгийг цаашид бусад маань ч хэрэгжүүлэх боломжтой.
-Реклам, төлбөртэй контент, хамтын ажиллагааны гэрээ төдийхнөөр хязгаарлахгүй, хэвлэл мэдээллийн байгууллага орлогоо төрөлжүүлэх нь чухал. Олон улсад хамгийн шалгарсан ямар арга зам, хувилбарууд байна вэ?
-“Мэдээллийн цөлжилт” гэдэг зүйл хаа сайгүй байна. Америкийн мужуудад орон нутгийн хэвлэлүүд байтугай, 100, 200 жилийн настай сонинуудад нь ч хүндхэн асуудал тулгарсан. Гэтэл энэ дунд торойж үлдсэн зарим бизнес моделыг салбарынхан эхнээсээ судалж байгаа. Техас мужид байдаг “Тhe Texas tribune” мэдээллийн сайт гэхэд олон сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх, марафон хийх, элдэв шоу зохион байгуулах зэргээр юм юм туршдаг. “Тhe Texas tribune”-ийн уншигч, үзэгч залуучууд бүр улаан фэн нь болчихсон, маш идэвхтэй. Тэд улс төрийн намуудаа ч айлгадаг. Сайтынх нь алсын хараа, стратеги төлөвлөлтийг харахаар “Манай Техас муж ийм том газар нутагтай, их баялагтай хэрнээ яагаад ядуу амьдрах ёстой юм. Бид Техасыг таван жилийн дотор ийм болгох ёстой, 10 жилийн дараа тэр түвшинд хүргэнэ. Үүний тулд улс төрийн намуудыг ингэж хянана, ийм ажил хийхийг шаардана” гэхчлэн бодлого, үнэ цэнээ тодорхойлсон байдаг. Хүмүүстээ үйлчилдэг, орлого, ашиг бүх зүйл нь ил тод учраас улс төрийн намууд нь ч тэдний хэлэлцүүлэгт оролцохоос аргагүй болдог. “Тhe Texas Tribune” жилийн орлого 15 сая ам.доллароор хэмжигдэж байна. Хүмүүс тэдэнд итгэдэг учраас мөнгөө ч төлдөг, 13 мянга гаруй гишүүнтэй болчихсон байна. Редакторууд хэдэн жилийн өмнө гэхэд л тус бүрдээ сая долларын урамшуулал авч байх жишээтэй. Манайхны санаанд бол буухгүй дээ. Бид “хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид бид мөнгөний төлөө ажилладаггүй, чанартай бүтээлийн төлөө л явдаг” гэж ярьдаг ч үнэндээ тийм боломжгүй.
ИТГЭЛЦЛИЙН ХЯМРАЛ МОНГОЛД ХЭДИЙНЭ НҮҮРЛЭСЭН
-1920-иод онд Солийн Данзан монголчуудыг “Баяжихтун” гэж уриалсан шиг сэтгүүлчдээ мөнгөтэй, ашиг орлоготой, хэн нэгний сарвайсан “таван цаас”-нд бөхийчихдөггүй, толгой дээгүүр байгаасай гэж хүсдэг. Гэхдээ зарим маань ч “Орлогоо яаж нотлох юм болдоо” гэмээр хөрөнгөжсөн байдаг. Ил тод байхын тухайд...
-Монголд гэлтгүй, хаа сайгүй л итгэлцлийн хямрал нүүрлээд байна. Улс төрд, ардчилалд, сэтгүүл зүйд итгэх олон нийтийн итгэл буурч байгаа нь ихээхэн хор уршигтай. Ардчиллын институцүүдэд итгэлцлийн хямрал нүүрлэх нь популистуудад л ашигтай. Иргэд мэдээлэлгүй байх нь, сэтгүүлчдээ үзэн ядах нь, ард түмэн, хэвлэл мэдээлэл хоёрын дундах үл ойлголцол газар авах нь дарангуйлал тогтох үндэс гэдгийг Мариа Рессагийн номд тодорхой өгүүлсэн байгаа. Манайд энэ нь хэдийн нүүрлэсэн. Гэтэл иргэд, олон нийтдээ манай хэвлэлийнхэн өөрсдийгөө ойлгуулах, сурталчлах тал дээр үнэхээр даруухан загнасаар яваад алдсан байна. Иймд “Мэдрэмжтэй мэдээлье ” төслийн хүрээнд бид “Редакцын буухиа” санаачилга хэрэгжүүлж, мэргэжлийн редакцууд маань бие биеийнхээ талаар сурвалжилга хийж үйл ажиллагааг нь олон нийтэд таниулан сурталчлах зэргээр эхний алхам, санаачилгуудыг хэрэгжүүлсэн.
Ил тод байхын тулд бид нэн түрүүнд редакцууд өөрсдийн бодлогоо, үнэт зүйл, ялгарлаа, алсын хараагаа, ажилладаг сэтгүүлчдийнхээ ур чадвар, мэдлэг туршлагыг сурталчлан таниулах хэрэгтэй. Түүгээрээ олон нийтийн итгэлийг олж авах боломжтой. Аль ч бизнесийн байгууллагын цахим хуудас руу ороход танилцуулга нь байдаг. Гэтэл мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй манай сэтгүүлчид өөрсдийгөө ядаж “Би ийм боловсролтой, миний хийдэг ажил ийм онцлогтой, манай редакц ийм бодлоготой, ийм ёс зүйг баримталдаг” гээд бахархалтайгаар зарлаж яагаад болохгүй гэж. Бид өөрсдийгөө магтаж чаддаггүй. Шүүмжилж чаддаггүй. Ойлгуулж чаддаггүй. Хамтдаа өсөж хөгждөггүй, тал талд яваад байдаг.
-Хэвлэлийн эрх чөлөөний индексээр манай улс байр ухарсаар байгаа. Төрийн цензур, мэргэжлийн редакцуудаас дутахгүй хэвлэлийн албаны данхар бүтэц, санхүүжилтын асуудал нэрмээс болж буй энэ нөхцөлд салбарын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг зайлшгүй хийх шаардлагатай гэж үздэг үү?
-Аль ч тохиолдолд сэтгүүлч нь сэтгүүлчээрээ ажиллаад, улс төрийн мэдээлэл харилцааныхан нь пиараа хийгээд, тус тусдаа байх ёстой юм. Манай салбарын хуульд ч заасан байгаа. Сүүлийн үед үүнийгээ шаардаж эхэлсэн нь сайн хэрэг. Одоо төрийн байгууллагаас мэдээлэл авъя гэхээр цаанаас бэлдэж өгсөн зүйлийг л гаргавал гарга, байвал бай гэдэг болчихсон.
Монголд сэтгүүлчийг мэргэжлийн үйл ажиллагаагаа хийсний төлөө шоронд хорьдог, редакцад нь дайрч ороод техник, тоног төхөөрөмжийг нь хураадаг болчихсон юм байна гэдгийг бид харлаа. Тиймдээ ч сая хэвлэлийнхэн нэгнээ дэмжиж, олон нийтийн итгэлийг буцаан олж авах тал руу эргэлээ. “Ноорог”-ийн жишээнээс харахад хэвлэлийн эрх чөлөө ямар чухал болохыг нийтээрээ ойлгож авсан нь сайн хэрэг. Би хувь судлаачийнхаа үүднээс Өнөрөөг мундаг сэтгүүлч гэж боддоггүй, “Ноорог”-ийн залуусыг ч тэр болгон дэмжиж, уншаад байдаггүй. Гэхдээ хүн бүр хуулийн өмнө эрх тэгш. Хуулийн нэр барьж, ямар ч логик үндэслэлгүйгээр, процессын алдаатай үйлдлүүд хийгээд байгааг нь анхаарах ёстой. Тэр сэтгүүлчийн ёс зүйтэй, эсэх нь дараагийн асуудал.
1998 оны хуулийг манайхан хэвлэлийн эрх чөлөөг хангасан сайн хууль гэж ярьдаг. Тэр хууль амьдралд яаж хэрэгжсэн бэ гээд харахаар шинэчлэх шаардлагатай байсан гэж боддог. Өнөөдөр манайд 400 хол гаран медиа хэрэгсэл байгаа хэрнээ нөгөө олон ургалч үзэл хаана байна вэ. Олуулаа болсноороо олон ургалч байдал бий болчхоогүй. Хэвлэлийн эрх чөлөө гэдэг бол үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл олж авах эрхийг хамгаалах хийгээд олон ургалч үзэл, ардчиллыг бэхжүүлэх явдал. Өнөөдрийн энэ олон хэвлэл үнэхээр хэрэгтэй эх сурвалжаасаа мэдээлэл авч, олон нийтэд хүргэж чадаж байгаа бил үү. Ерөнхийдөө 20-30 хүн дундаа л тойрч эргэлдээд байдаг. Хуулийн өөрчлөлтөөр хариуцлага, хамгаалалт хоёул байх учиртай. Мэргэжлийн сайн хуульчид ажиллаж байгаа тул илүү сайжрах байх гэсэн хүлээлт бий.
-Сэтгүүлчдийн мэргэжлийн ёс зүйн асуудлыг хуулиар шийдэх гэхээс илүү дотооддоо өөрийн зохицуулалтын байгууллагаар шийднэ гэдэг. Гэтэл сэтгүүлчид нэгнийхээ сайн, мууг хэлэхээр “Тогоо руугаа нулимах гэлээ” гэдэг. Судлаачаас асуухад энэ буруу хандлага мөн биз?
-Ёс зүй гэдгээ бид өргөн хүрээнд харах хэрэгтэй. Зөвхөн Хэвлэлийн зөвлөлд найдах бус, манай редакцууд дотооддоо ч энэ асуудлаа авч үзэж шийддэг механизмыг бий болгох ёстой. Сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүйтэй холбоотой асуудлыг шүүх, цагдаад очихоос өмнө Хэвлэлийн зөвлөл шийдэх нь чухал хамгаалалт. Энэ үүргээ ч сайн гүйцэтгэсэн. Цаашид бид яах вэ гэхээр, олон улсад редакцууд дотроо “паблик эдитор”-той байдаг. Тэр хүн олон нийтийн нэрийн өмнөөс редакцаа харж, шүүмжилдэг учраас бараг ерөнхий эрхлэгчээсээ ч илүү хүндтэй байр суурьтай. Редакц дотроо өөрийн зохицуулалтын механизмыг бий болгохоор олон нийтийн итгэл ч дагаад нэмэгддэг. Мөн редакцууд хоорондоо бие биедээ хяналт тавьдаг нь олны итгэл үнэмшлийг төрүүлдэг. Жишээ нь, өнөөдөр “Нью-Йорк таймс”-т маш даацтай, чанартай эрэн сурвалжлах нийтлэл хэвлэгдлээ гэхэд маргааш нь “Вашингтон пост” бүх талаас нь барьж аваад факт чек хийж, хяналтаа сайтар тавина. Салбарынхнаараа зад шүүмжлүүлэхээс эмээгээд, сэтгүүлчид өөрсдөө ч их хичээдэг. Энэ бол маш чухал. Гоё шүү дээ. Манай “Room24” дээр нийтлэгдсэн материалыг та бүхэн ингээд хянаж, шүүмжилбэл би лав баярлана. “Өнөөдөр” дээр хэвлэгдсэн сайн нийтлэлийн араас “Өдрийн сонин”, “Зууны мэдээ” үргэлжлүүлээд явдаг, зөв бол зөвийг нь дэмждэг, буруу бол бурууг нь хянадаг байх ийм соёл хэрэгтэй. Шүүмжлэлийг ч хүлээж авч суръя. Ингэж байж бид хөгжинө.
БИЗНЕСИЙНХЭН НЬ МЕНЕЖМЕНТЭЭ, ПИАРЧИД ПИАРАА, СЭТГҮҮЛЧ НЬ СЭТГҮҮЛЧЭЭ Л ХИЙДЭГ
-Олон нийтийн шүүмжид соргог байж, өөрсдөдөө шүүмжлэлтэй хандах, алдаагаа хүлээн зөвшөөрөх зориг хэрэгтэй гэдгийг харуулсан жишээ, баримт гадаадад олон байж таарна даа.
-Гадаадынхан бие биедээ мэргэжлийн үүднээс “факт чек” сайн хийдэг учраас энэ талын судалгаа, баримтууд их олдоцтой байдаг. Хэдэн жилийн өмнө би жендерт суурилсан хүчирхийллийн тухай сургалтын хөтөлбөр боловсруулаад явж байхад “Нью-Йорк таймс”-ын нэг жишээ сонирхол татсан. 13 настай охины хүчирхийлэлтэй холбоотой асуудалд эх сурвалжуудын ярианаас хохирогчийг буруутгах хандлага давамгайлсан нь олон нийтийн зүгээс асар их шүүмж дагуулсан. Бусад хэвлэлийнхэн ч шүүмжилсэн. Паблик эдитор нь “эх сурвалжуудын байр суурь ийм байсан” гэж тайлбарлаад, нэгдүгээр нүүрнээсээ эхлүүлэн уучлал гуйсан нийтлэл бичсэн ч нэмэр болоогүй. Тэгэхээр нь тэр сурвалжилгыг дахиж эмэгтэй сэтгүүлчээр , “хойшид бид жендерийн мэдрэмжтэй байхад анхаарч, ийм зүйлүүдийг хийнэ” гэдгээ танилцуулж, ажил хэрэг болгосноор “Нью-Йорк таймс”-ын хөгжил нэг шатаар ахисан.
ВВС-гийн бас нэг жишээ бий. Олон нийтийн хэвлэл мэдээллийн том суваг хэрнээ радио, телевизээр нь гарч байгаа эх сурвалжуудын 81 хувь нь эрчүүд байна гэхэд тэд шүүмжлэлийг шууд хүлээн авч, “50:50” төсөл эхлүүлж удирдлага, бүтэц, зохион байгуулалт, хүний нөөцийн бодлогоо орвонгоор нь өөрчилсөн. Британийн хүн амын 50 хувь нь эмэгтэйчүүд байгаа бол ВВС-гээр гарч буй эх сурвалжуудын 50 хувь нь бүсгүйчүүд байна, хэдэн хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна, тэр хэмжээнд ажилтнуудаа бүрдүүлнэ гэхчлэн анхаарсан. Богино хугацаанд эхлүүлсэн тэрхүү өөрчлөлтийн үр дүнд ВВС-гийн цаг агаарын мэдээг тэргэнцэртэй хүн хөтөлж байсан нь хүмүүст их хүрсэн. Нэр хүнд нь шалдаа уначихсан байсан ВВС олон улсын судалгаагаар одоо их дээгүүр яваа. Энэ үнэлгээг бусад хэвлэлийнхэн нь судлаад өгчхөж байна. Редакцууд өрсөлдөх бус хамтрах хэрэгтэй гээд байдгийн гол санаа энэ юм.
-Хэвлэлийн менежментийг сайн сэтгүүлч хийдэг юм уу, сайн менежер хийх үү. Эсвэл сэтгүүлзүйг мэддэг гэж боддог хүмүүс үү?
-Энэ үнэхээр сонирхолтой. Олон улсад амжилттай яваа хэвлэлийн бизнес моделиудыг судалж, удирдлагуудтай нь уулзаж, редакторуудаас нь туршлага солилцож, судалгаа шинжилгээний ажил хийж байхад ерөөсөө л бизнесийнхэн нь , сэтгүүлч нь сэтгүүлчээ хийдэг юм билээ. Эзэд буюу удирдлагуудын асуудал ч тусдаа байх ёстой. Үүнийг редакцын бодлогоороо хаах ёстой. Ийм эрх чөлөөтэй байвал эрүүл сэтгүүл зүй хөгжинө. Хоорондоо холилдох ёсгүй. Бизнесийн загвар, менежментээ мэддэг нь орлого, ашгаа яаж нэмэгдүүлэх тухай боддог. Сайн сэтгүүлчид чанартай контент хийх бодлогоо хариуцаад явдаг. Сэтгүүлчийг мөнгө олж ир, гэрээ хийгээрэй гэх нь нэгдүгээрт, дарамт, хоёрдугаарт, ёс зүйн асуудал руу түлхэж байгаа хэрэг. Сэтгүүлч хүн ярилцлага авч байгаа эх сурвалжаасаа “Та манайхтай гэрээ хийгээч, 200 сонин захиалаач” гэх нь ёс зүйн хувьд үнэхээр утгагүй. Юун нөгөө нэр төр, бардам байх, тийм биз дээ.
-Таны дүгнэлтээр өнөөгийн манай сэтгүүлчдэд дутагдаж байгаа гол зүйл юү вэ?
-Би өөрөө сэтгүүлч хүн. Монголын өдөр тутмын хэд хэдэн сониноос авхуулаад “Ройтерс” агентлагт ажиллаж үзсэн. Ингээд бодохоор манай сэтгүүлчдэд ийм тийм зүйл дутагдалтай, энэ талын чадвар муу байна гэж ярих үнэхээр дургүй. Харин ч бахархдаг. Яагаад гэхээр монгол сэтгүүлчид ямар цалин хөлсөөр ямар их ачаалал үүрдэг билээ гэдгийг мэднэ. “Ройтерс”-ын нэг мэдээ бүтэх гэж багаар бодоход 100 дахин их зардал, хүн хүч, хөрөнгө мөнгө шаардана. Түүнийгээ дагаад чанар, хариуцлага ард нь байдаг. Нэг мэдээг дор хаяж 3-4 хүн бичнэ, хянана. Сурвалжилгыг бичсэн Мөнхчимэг, редакторлосон Дэвид, факт чек, копи эдит хийсэн тэр тэр гээд хүн тус бүрийн үүрэг, оролцоо, хяналт өөр. Гэтэл Монголд нэг мэдээний үнэлгээ одоог хүртэл 5000 төгрөг хэвээр байгаа гэж сонссон. Ихээр бодоход 20 мянган төгрөгөөр үнэлдэг байлаа гэхэд тийм нөхцөлд хүн өдөрт хичээгээд 5-10 мэдээ, хажуугаар нь долоо хоногт хоёр нийтлэл бичнэ гэвэл яаж түүнээс чанар шаардах билээ.
-Үнэлгээний хувьд асар зөрүүтэй биз?
-Олон улсын хэвлэлд нэг үгийг 30-70 центээр үнэлдэг. Сэтгүүлч 300 үгтэй нэг мэдээ бичихэд багадаа 500 мянган төгрөг болно л гэсэн үг. Нийтлэл, сурвалжилга бол хэдэн зуун ам.доллараар яригдана шүү дээ. Редактор, факт чек, копи эдит хийсэн хүмүүсийн шагнал бүр өсөөд явчихна. Боломж, нөхцөл, хамгийн гол нь редакцын дэмжлэг байхад монгол сэтгүүлчид хаана ч мундаг, сайн ажиллаж болохыг олон жишээ харуулж байгаа. Тухайлбал, би АНУ-ын “Глобал пресс институт”-ийн сургагч багш, зөвлөхөөр ажиллахдаа “Глобал пресс журнал”-ын Монгол дахь сувалжлагчдыг бэлтгэж байсан. Одоо Улаанбаатар хот төдийгүй Архангай, Өмнөговь, Хөвсгөлөөс бэлтгэсэн мэдээллийг дотоодын болон олон улсын уншигчид англи, монгол хэлээр хүлээн авч байгаад баярладаг. Тэдний бичсэн сурвалжилга үнэхээр чанартай, уншууртай. Олон улсын шагнал авсан бүтээлүүд ч энэ хугацаанд гарсанд бахархдаг.
Л.Ганчимэг