Манай улсад улаанбурхан өвчний тохиолдол нэмэгдэж, цаашид дэгдэлт өсөх хандлагатай байгаа тул вакцинд хамрагдалтыг 95 хувьд хүргэх зорилгоор нөхөн дархлаажуулалтыг улс орон даяар эхлүүлсэн билээ. Нийт 330 сум, есөн дүүргийн эрүүл мэндийн 600 гаруй төв, явуулын 300 орчим цэгт улаанбурхны эсрэг вакциныг харьяалал харгалзахгүй хийж буй юм. Өчигдрийн байдлаар уг өвчний 11 179 тохиолдол батлагдаж, хавьтлын тоо 75 мянгыг даван, долоон хүүхэд эндсэн. Эмнэлэгт 610 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 36 нь хүнд, хоёр нь нэн хүнд байгааг ХӨСҮТ-ийнхөн мэдээлэв. Өвчлөлийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ, вакцины талаар тус төвийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Н.Сувдмаатай ярилцлаа.
-Монгол Улс 2014 онд улаанбурхан өвчнийг бүрэн устгасан хэмээн ДЭМБ-аас гэрчилгээ гардаж байв. Гэтэл дараа жил нь уг өвчин бүртгэгдэж, 100 гаруй хүн нас барсан. Харин энэ оны хоёрдугаар сараас дахин дэгдэж, олон хүн өвчиллөө. Улаанбурхан өвчин дахин дэгдэж буй шалтгаан, нөхцөл, давтамжийн талаар эхлээд мэдээлэл өгөхгүй юү?
-Манай орон 2000 онд халдварт саа өвчнийг устгаж, ДЭМБ-аас анх удаа гэрчилгээ авч байлаа. Үүнээс 14 жилийн дараа улаанбурхан өвчнийг дарсан улсын тоонд багтсан. Эл өвчнийг eradication буюу бүрэн устгах, elimination буюу өвчлөлгүй орон болох гэсэнулс орон бүрийн зорилго бий. Гэвч энэ өвчний онцлогоос шалтгаалж устгасан, өвчлөлгүй болсон гэж зарласан улс орнуудад ч зөөвөрлөгдөж дахин дэгдэх эрсдэлтэй. 2015 онд Монгол Улсад улаанбурхан өвчний томоохон дэгдэлт гарсныг та бүхэн мэдэж байгаа. Нийт 53 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, 132 хүн нас барсан. Нас барсан хүмүүсийн 90.7 хувь нь 0-1 насны хүүхдүүд байв. Иймд хамгийн эрсдэлтэй бүлгээ хамгаалах шаардлагатайг харуулж байгаа юм. Тухайн үед Засгийн газрын хариу арга хэмжээний хүрээнд зургаан сартайгаас таван настай хүүхдийн 95, 18-30 насны иргэдийн 88 хувийг нэмэлт дархлаажуулалтад хамруулж, дэгдэлтийг амжилттай зогсоож байсан. Одоо ч гэсэн энэ арга барилаар ажиллаж, вакцинжуулалтыг идэвх жүүлэх зайлшгүй шаард лагатай байна.
Улирлаас шалтгаалан халдварт өвчнийхөдлөл зүй болон дэгдэлтийн хоорондох зай нь харилцан адилгүй байдаг. Амьсгалын замын халдварт өвчнүүд ерөнхийдөө 10 жил дотор дэгдэлт байдлаар бүртгэгддэг юм. Тухайлбал, менингит 5-6 жил тутамд, хаврын улиралд илүү дэгдэх магадлалтай. Мөн улаанбурхныг хэзээ ч дэгдэж мэдэх өвчин гэж үздэг. Манай улсад 2015 оноос хойш улаанбурхан бүртгэгдээгүй байсан ч 2024 оны наймдугаар сард Казахстанаас зөөвөрлөгдөн орж ирсэн. Улаанбур хан мөн, эсэхийг ДЭМБ-ын лавлагаа лабо раторид сорьц явуулж баталгаажуулдаг. Өөр вирусээр үүсгэгддэг ижил төстэй өвчнүүд байдаг тул геномын дарааллаар нь тодорхойлдог юм. Энэ оны хоёрдугаар сард дэгдсэн улаанбурхны халдвар Вьетнамаас зөөвөрлөгд сөн болох нь шинжилгээгээр батлагдсан. Вак цинаар сэргийлэх боломжтой өвчин учир дархлаажуулалтад хамрагдсан нийт иргэний тоо өндөр, мөн бүтэн тунгаа авсан байж хүн амын дунд 95-98 хувийн хамгаалалт үүслээ гэж үздэг юм.
Дэлхий дахинд халдвартөвчлөлийн байдал өөрчлөгдөж байна. Жишээлбэл, “Ковид-19” цар тахалтай холбоотойгоор ДЭМБ болон олон улсын судлаачид халдварт өвчний байдал өөрчлөгдөж буйг сануулж, зөвлөмж гаргах болсон. Энэ утгаараа зөвхөн томуугийн үүсгэгчийг танддаг байсан бол одоо амьсгалын замын бусад халдварыг бүгдийг нь тандажбайна. Манай улс ч гэсэн тандалтын журамдаа өөрчлөлт оруулж, зөвхөн томуу, томуу төст өвчин бус, хамар залгиурын нэг сорьцоос амьсгалын замын бүх үүсгэгчийг шинжилжбайгаа.
Амьсгалын замын халдварууд дулааны улиралд буурдаг. Гэтэл томуу, томуу төст өвчний үүсгэгч лабораторид суурилсан тандалтаар хүн амын дунд эргэлтэд байнга байх болсон. Томуугийн А, Б хүрээний үүсгэгч, ялангуяа бага насны хүүхдүүдэд хүндрэл үүсгэдэг уушгины хатгалгаа болдог вирусүүд илэрсээр байна. Мөн зөөвөрлөгдөж ирсэн вирус олон хүний дунд тарж байна. Цар тахал, хөл хориотой холбоотойгоор бусад улсад ч вакцины хамрагдалт буурсан. Дэлхийн168 улсадулаанбурхны90 гаруй мянган тохиолдол эмнэл зүй, лаборатори, тархвар судлалаар батлагдаад байна. Бусад улсад ч мөн адил халдварт өвчний нөхцөл байдал өөрчлөгдөхболсон. Манай улсад ч гэсэн зөөвөрлөгдөж ирсэн тохиолдлууд дэгдэлт байдлаар бүртгэгдэж, хүн амын дунд тархаад байна.
Иймдбаталгаатай эх сурвалжаас бодит мэдээлэл авч, хариуцлагатай хандах хэрэгтэй. Таны эрүүл мэнд таны гарт байгаа учраас мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа зөвлөмжийг дагаж, хамтарч ажиллах шаардлагатай байна. Хариуцлагатай хандах хамгийн энгийн алхам нь вакциндаа хамрагдах юм. Гэр бүлийнхэн, ойр дотнын хүмүүс тань вакцин хийлгэсэн, эсэхийг анхаарч, нягталж, хэрэв үгүй бол дархлаажуулалтад хамрагдаарай.
-Ямар үед нь дэгдэлт гэж үздэг вэ?
-Дархлаажуулалтаар хамгаалах боломжтой өвчний нэг тохиолдол гарахад дэгдэлт гэж тодорхойлдог юм. Амьсгалын, гэдэсний зэрэг бүх төрлийн халдварт өвчин эх уурхай, дамжих замтай. Халдварт өвчин бүрийн нууц үе өөр өөр. Тухайлбал, хоол хүнстэй холбоотой гэдэсний халдвар хэдхэн цагийн хугацаанд илэрдэг бол улаанбурхны нууц үе 14-21 хоног байдаг. Мөн улаанбурхны халдварлах чадвар маш өндөр. Халдвартай нэг хүн вакцин хийлгээгүй, өвдөөгүй 9-10 хүнд халдвар тараах эрсдэлтэй. Түүнчлэн зөөвөрлөгдөж халдварладаг, амьсгалын замаар дамждаг. Вакцин огт хийлгээгүй, дархлаажуулалтын тунд бүрэн хамрагдаагүй урьд нь өвдөж байгаагүй бүх насныхан улаанбурхнаар өвдөх эрсдэлтэй юм. Үүнээс гадна халдвар тархахад хүн амын дархлаажуулалтад хамрагдсан байдал чухал.
Манай улс жил бүр есөн сартай, хоёр настай хүүхдүүдийг вакцинд 95-96 хувьтай хамруулдаг. 2024 оны байдлаар эхний тунгийн хамрагдалт 95.3, хоёрдугаар тунгийн хамрагдалт 95.1 хувьтай байсан. Цаана нь 4-5 хувь нь ямар нэгэн шалтгаанаар вакцинд хамрагдахгүй үлдсэнгэсэнүг. Жишээ нь, жилд төрж буй 70 мянга орчим хүүхдийн тав орчим хувь гэж тооцож үзвэл 3000-4000 хүүхэд вакцинаас хоцрох эрсдэлтэй байна. Жил бүрийн тоог бодож үзвэл нийт 50 мянга орчим хүүхэд дархлаажуулалтад хамрагдаагүй байх магадлалтай. Ингэж үлдэж буй хувь нь кумуляци буюу бөөгнөрөл үүсгэдэг. Энэ нь хүн амын дунд дэгдэлт үүсгэх нөхцөлийг бүрдүүлж байдаг юм. Жишээлбэл, АНУ-д улаанбурхан дэгдэж, 1200 гаруй тохиолдол батлагдсан. Үүний 95 хувь нь вакцин огт хийлгээгүй аж. Манай улс мөн адил батлагдсан 11 мянган тохиолдлын 70 гаруй хувь нь вакциндаа огт хамрагдаагүй байгаа юм. Мөн вакцины хоёр тунд бүрэн хамрагдаагүй хүмүүс өвчилж байна. Хамгийн гол нь бид вакцин хийлгэх нас нь болоогүй есөөс бага сартай хүүхдүүдээ хамгаалах ёстой. Ингэхийн тулд дор бүрнээ хариуцлагатай байж, хэнхүнгүйвакциндаа хамрагдсанаар халдвар тархахгүй юм. Шинжлэх ухаанаас гөжүүдэлж, вакциныг эсэргүүцэх нь улаанбурхнаар өвчлөх, ялангуяа бага насны хүүхдүүдэд эрсдэл учруулах аюултай.
-Улсын хэмжээнд нөхөн дархлаажуулалтыг албан ёсоор эхлүүллээ. Үүнээс гадна вакцинд хамрагдах боломж юу байна вэ?
-Батлагдсан нэг тохиолдлын ард ихэвчлэн вакцинд хамрагдаагүй болон тун дутуу хүмүүс байдаг. Улаанбурхны эсрэг хоёр тун вакциныг бүрэн хийлгэснээр халдвараас 98 хувь хүртэл хамгаалдаг болохыг шинжлэх ухаанаар баталсан. Тиймээс бид дархлаажуулалтыг олон хувилбараар явуулж байна. Тодруулбал, заавал хийх товлолын дархлаажуулалтыг есөн сартай, хоёр настайд нь хийдэг. Хоцорсон тохиолдолд нөхөн дархлаажуулалтад даруй хамрагдах шаардлагатай. Ингэснээр уг халдвараар өвдөхгүй байх боломжтой юм. Мөн тархвар судлалын заалтаар вакцин хийж байна. Жишээ нь, улаанбурхны халдвар батлагдсан тохиолдолд гэр бүл, найз нөхөд, ангийнхан, ажлын хамт олон зэрэг хавьтал болсон хүмүүсийг 72 цагийн дотор вакцинд хамрагдуулдаг. Түүнчлэн иргэдийг сайн дурын дархлаажуулалтад хамруулж байгаа.
-Халдварын хүрээг хумих, вакцинжуулалтыг идэвхжүүлэх зорилгоор улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Энэ хүрээнд ямар ажил хийж байгаа бол?
-Вакцин эсэргүүцэгчид олон байгаа нь товлолын дархлаажуулалтад хүртэл сөргөөрнөлөөлөх болсон. Урин дулааны улиралд хүмүүс амарч, аялах нь ихсэхийн зэрэгцээ Үндэсний их баяр наадмын өдрүүдэд хөл хөдөлгөөн эрс нэмэгдэж, хүний бөөгнөрөл үүсдэг. Мөн хотын стресс, түгжрэл, хэт халалт зэргийг тооцож, эрүүл мэндийн салбарынхан дархлаажуулалтын явуулын цэгажиллуулж эхэлсэн. Дээр дурдсанчлан байнгын болон тархвар судлалын заалтаар вакцин хийж байна. ХӨСҮТ-д дархлаажуулалтын 24 цагийн цэг хүртэл ажиллуулж байгаа. Өрхийн эрүүл мэндийн төвийнхөн уртасгасан буюу ажлын өдрүүдэд 21.00, амралтын өдрүүдэд 18.00 цаг хүртэл ажиллаж байна. Улаанбурхны нууц үе харьцангуй урт учир баяр наадмын дараа дэгдэлт идэвхжих эрсдэлтэй.
-Уг халдвараар өвдсөн хүмүүсийн олонх нь 10-14 насныхан байгаа ч 0-4 настай хүүхдүүд илүү хүнд тусаж, амиа алдсан тохиолдол цөөнгүй гарлаа. Уг халдварын гол зөөвөрлөгч болж буй өсвөр насныхныг нөхөн дархлаажуулалтад түлхүү хамруулах уу?
-Өвчлөлийн бүтцийг харахад 10-14 насныхан дийлэнхийг эзэлж байна. Тодруулбал, өчигдрийн байдлаар лабораторийн шинжилгээгээр улаанбурхан болох нь батлагдсан 10 мянга гаруй тохиолдлын 2218 нь 0-4, 1405 нь 5-9, 4508 нь 10-14, 1431 нь 15-19 насныхан. Сургууль, цэцэрлэг амарсан энэ цагт арай томчууд нь бага насны дүү нартаа халдвар дамжуулах “эх уурхай” болчхож байгаа юм. Улаанбурхан нь нялх, балчир хүүхдүүдэд хор хөнөөл ихтэй. Гэтэл халдвар хамгийн ихээр авч буй 0-4, 10-14 насныхны 70 гаруй хувь нь огт вакцин хийлгээгүй байна. Тиймээс 15 хүртэлх насны хүүхдүүдээ нөхөн дархлаажуулалтад зайлшгүй хамруулаарай. Насанд хүрэгчид ч мөн вакцин хийлгэж болно. Харамсалтай нь, 6-8 сартай, вакцин хийлгэх нас нь болоогүй хүүхдүүдэдуг өвчин хүндээр тусаж, амиа алдаж байна. Тиймээс 6-8 сартай хүүхдүүдийг мөн нэмэлт дархлаажуулалтад хамруулж эхэлсэн.
-Улаанбурхны товлолт вакцинд хамрагдсан хүүхдийг дахин дархлаажуулалтад хамруулах, эсэхэд иргэд эргэлзэж байна л даа.
-Товлолын дагуу вакцин хийлгэсэн тохиолдолд халдвараас 96-98 хувь хамгаалдаг. Гэтэл халдвар авсан хүүхдүүдийн дунд бүтэн тун тариулсан нь цөөн байна. Цар тахлын үеийн хөл хорионы улмаас хүмүүсийн вакцинд хамрагдах байдал буурсан. “Ковид-19”-ын дараа 6-15 хүртэлх насны хүүхдийг нэмэлт дархлаажуулалтад хамруулсан ч нийтийг хамарч чадаагүй. Хэдэн настай хүүхдээ вакцинд хамруулах талаар иргэд ойлголт муутай байх шиг байна. Саяхан гурван настай хүүхэд нэлээн хүнд, эмнэлэгт хэвтэх заалттай манай төвд ирсэн. Сахиуруудтай ньуулзаж, ярилцахад “Ажил ихтэй учраас хүүхдээ эмээ, өвөөд нь үлдээдэг байсан. Товлолын дагуу вакцинд хамруулж амжаагүй. Одоо харамсаж байна” гэж хэлсэн. Хүүхдээ улаанбурхан, улаануудын вакцинд хамруулсан, эсэхийг эх, хүүхдийн буюу “ягаан” дэвтрээс нь харж болно. Мөн 15 хүртэлх насны хүүхдийн вакцин хийлгэсэн эх баримтыг Өрхийн эрүүл мэндийн төвөөс авах боломжтой.
Хүүхдээ гадаад улс руу явуулахад вакцины гэрчилгээ заавал шаардаж байгаа. Гэтэл вакцин хийлгэснийг гэрчлэх эх баримтгүй, ягаан дэвтэр нь байхгүй тохиолдол цөөнгүйгарах боллоо. Хүүхдийн тань гадаадад сурах, ирээдүйн амьдралд нь вакцины гэрчилгээ шаардлагатай болсон энэ цагт эх хувийг нь олж хадгалах хэрэгтэй. Бүх улс орон вакцины гэрчилгээ шаардаж байна шүү дээ. Мөн “И-Монгол” апплэйкшнийг гар утсандаа татаж суулгаад, вакцины бичилт хийгдсэн, эсэхийг нь нягталж үзээрэй. Шивэгдээгүй бол нөхөж бичүүлэх, вакцин хийлгээгүй бол дархлаажуулалтад хамрагдаарай.
-Вакцины нөөц хангалттай юу. Чанар, аюулгүй байдалд нь хүмүүс эргэлзэж байна. Үүнд мэргэжлийн хүний хувьд хариулт өгөхгүй юү?
-Тухайн жилд товлолын вакцинд хамрагдах ёстой хүүхдийн тоогоор захиалахаас гадна 25 хувийн илүү нөөцтэйбайдаг. Тиймээс вакцин хүрэлцэхгүй гэх асуудал байхгүй. Дэлхий нийтэд улаанбурхны вакциныг анх 1950-иад оноос үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд манай улс 1973 оноос хүн амаадархлаажуулжэхэлсэн. Вакцин бол шинжлэх ухааны хамгийн том ололт. Манай улс ДЭМБ-ын гэрчилгээтэй, аюулгүй байдлын олон шалгуур хангасанвакциныг үйлдвэрлэгчээс нь авдаг. Манай улсын Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан вакцинаа авдаг юм. Хэн нэгэн хувь хүн, албан байгууллага, улс орноор дамжуулдаггүй учир буух эзэн, буцах хаягтай гэсэн үг. Сэргийлж болох өвчнөөр хэн нэгэн хайртай хүнээ алдмааргүй байна. Дэлхийн дахинд олон сая хүний амь аварсан нь судалгаагаар тогтоогдсон улаанбурхны эсрэг вакцинд эргэлзэхгүйгээр хүүхдээ хамруулахыг уриалж байна.
Манай иргэд аливаад шүүлтүүртэй ханддаг болсон. Аливаа мэдээлэл, судалгааг нягталж, бодит мэдээллийг олон сувгаар авч байгаа. Аль 1973 оноос хойш уг вакцинаар хүн амаа дархлаажуулаад ирлээ шүү дээ. Эрүүл мэндийн салбарт 26 жил ажилласан, тэр тундаа ХӨСҮТ-ийн Тандалтын албанд 24 жил ажиллаж байгаа хүний хувьд хэлэхэд мэдээлэлд шүүлтүүртэй хандахыг захья. Олон улсын судлаачид улаанбурхны вакциныг хамгийн аюул багатай гэж үздэг юм. Вакцинаар хамгаалж болох улаанбурхнаар нэг ч хүн эндэх ёсгүй.