АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Вэнс Тагнуулын төв газрын (ТТГ) тэргүүн Жон Рэтклиффийн тангаргийг өргүүлэв. 2024 оны арваннэгдүгээр сард Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп ТТГ-ын захирлын албанд түүний нэрийг дэвшүүлсэн юм. Энэ шийдвэрийг Трамп тайлбарлахдаа “Тагнуулын байгууллагын 51 ажилтан Хантер Байдены талаар худал ярихад ганц Жон Рэтклифф Америкийн ард түмэнд үнэнийг хэлсэн юм” гэсэн байдаг. 2025 оны нэгдүгээр сарын 23-нд Сенат Рэтклиффийг батламжилж, тэр өдөр нь ТТГ-ын захирлын ажилд нь оруулсан байна.
Ийнхүү Дональд Трампын багийн үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан хоёр дахь гол албан тушаалд Жон Рэтклифф томилогдож, ТТГ-ын 25 дахь захирал боллоо. Трампыг Ерөнхийлөгчийн эхний бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд Үндэсний тагнуулын албаны даргаар Рэтклифф ажиллаж байв. Түүнийг Ерөнхийлөгчийн итгэлийг хүлээсэн “Аугаа эх оронч” хэмээн Жей Ди Вэнс үнэлсэн байна. Украин, Афганистан, Ойрхи Дорнод гэх бүс нутагт болж буй эгзэгтэй үйл явдлын талаар мэдээлэл цуглуулах чадваргүй гэж Трамп болон Бүгд найрамдахчууд шүүмжилдэг байгууллагыг Рэтклифф толгойлох болов. Тагнуулын байгууллага мэдээлэл цуглуулахдаа ч, АНУ-ын дайснуудын эсрэг үйл ажиллагаандаа ч илүү шийдмэг байх болно гэж мэдэгдэж, өөрчлөлт хийхээ албан тушаалдаа томилогдох үедээ Рэтклифф амлав. “Хэчнээн нууцалсан, нарийн төвөгтэй байлаа ч дэлхийн өнцөг булан бүрээс тагнуулын мэдээг бид цуглуулах болно. Ерөнхийлөгчийн заавраар нууц ажиллагаа явуулж, өөр хэн ч явж үл чадах газрыг зорьж, хэн ч хүч үл хүрэх ажлыг бид нугална. Дэлхий дахинд намайг сонсож байгаа ТТГ-ын эр зоригт ажилтнууд минь “бүсээ бүслэ”, нөхцөл байдлыг өөрчлөхөд бэлтгэ. Энэ тушаалыг биелүүлж чадамгүй бол шинэ ажил хайх цаг чинь ирж буй нь тэр” гэж Рэтклифф хэлсэн байна. Түүнийг Сенатын тагнуулын асуудал эрхэлсэн хорооны гишүүдийн 14 нь дэмжиж, гурав нь татгалзаж, албан тушаалд баталсны дараа Сенатор Том Коттон, Марк Уорнер нар “ТТГ-ын удирдлагыг Сенат батлахаа аливаа байдлаар саатууламгүйгээр манай ертөнц хэтэрхий аюултай болоод байна” гэжээ. Сенат дахь олонхын удирдагч, БНН-ын Жон Тун “Байдены засаг захиргааны үед тагнуулын байгууллага хэд хэдэн удаа ноцтой алдаа гаргасан юм. Ноён Рэтклифф ТТГ-т туршлага, зөв хандлага авчирна биз” гэв. Тэгвэл АН-ын Рон Уайден “Энэ томилгоог эрс эсэргүүцэж байгааг минь протоколд тэмдэглэхийг хүсье. Дональд Трампын санаанд нийцтэл үүргээ гүйцэтгэхэд бэлэн биш гэж түүнийг үзсэнээс 2020 онд Үндэсний тагнуулын албаны тэргүүний суудалд Рэтклиффийг томилохыг би мөн эсэргүүцсэн. Миний болгоомжлол зөв байсныг уг албыг хашихдаа тэрбээр нотолсон доо” гэж өнгөрсөн мягмар гарагт мэдэгдэв. Сенат дахь ардчилагчдын удирдагч Чак Шумер энэ үгийг дэмжиж “Бидний улс төрийн үзэл бодлын зөрүүгээс биш, ноён Рэтклифф тагнуулын мэдээллийг гуйвуулдгаараа нэрд гарсан Дональд Трамп, Тулси Габбарт гэх мэт хүнийг сөрөн зогсож чадахгүй хэмээн сэтгэл зовнисондоо би “зөвшөөрөхгүй” гэсэн санал өгсөн юм. ТТГ-аас илүү чухал агентлаг байхгүй байж болзошгүй, тус агентлаг ажлаа баримт дээр үндэслэн явуулах ёстой. Энэ баримт нь заримдаа агентлагийн захирал хийгээд Ерөнхийлөгчийг таагүй дүгнэлт хийхэд хүргэдэг. Чухам ийм үед л санаан зоргоор биш, үзэл сурталд авталгүй үнэнийг баримтлах ёстой, Рэтклиффийг ийм байж чадна гэдэгт эргэлзэж байна” гэж хэлжээ.
Габбард бол Үндэсний гвардын ахмад зүтгэлтэн, хууль тогтоогч байсан хатагтай, Үндэсний тагнуулын албаны захирлаар томилуулахаар Трамп түүний нэрийг дэвшүүлээд буй юм. Энэ асуудлыг Сенатаар хэлэлцэх үед Оросын ташаа мэдээллийг давтсан, цэргийн гэмт хэрэгт буруутгагдаад буй Башар Асадтай 2017 онд уулзсан тухай нь ардчилагчид ч, бүгд найрамдахчууд ч түүнээс асуух нь эргэлзээгүй. Америкийн тагнуулын байгууллагын үзэж буйгаар Саудын Арабын үе залгамжилсан ханхүү Мухаммед бин Салманы захиалгаар 2018 онд “Washington post” сонины сэтгүүлч Жамаль Хашоггийн амийг хороосон тухай мэдээллийг нууцалсан гэж Рэтклиффийг эсэргүүцэгчид түүнийг бутуутгадаг юм. Гэвч ТТГ эрс шийдэмгий байх ёстой гэсэн түүний шаргуу байр суурь зарим шинжээчийн үзэж буйгаар хоёр намынхны дэмжлэгийг хүлээсэн аж. “Гадаадын өрсөлдөгчдөөс нууц мэдээлэл хулгайлахдаа ТТГ шийдмэг бус хандаж буй. Асадын дэглэм унасан, Шинэ Орлеанд алан хядах халдлага гарсан зэрэг үйл явдлыг урдчилан харж чадаагүй” гэх шүүмжлэл Рэтклиффийг томилох асуудлыг хэлэлцэж байх үеийн турш сонсогдож байжээ.
Рэтклифф АНУ-ын Үндэсний тагнуулын албаны захирал хэмээх өндөр албыг 2020 оны тавдугаар сараас 2021 оны нэгдүгээр сард Трампыг халаагаа өгтөл хашжээ. Орос, Хятадыг АНУ сөрөн зогсож чадна гэдэгт итгэлтэй байгаагаа сая илэрхийлж “Гаваны синдром” хэмээхэд хохирсон хүмүүсийн дотор Америкийн дипломатчид байгаа эсэх, гадаадынхны довтолгоонд тэд өртсөн, эсэхийг мөрдөн шалгахаа амлав. Түүний тэргүүлж буй ТТГ-ын шинэ баг “Ковид-19”-ийн гарал үүслийн талаарх шинэ таамаглалыг олны сонорт хүргэснээс үзвэл уг халдвар Хятадын лабораториос алдагдсан болохоос амьтнаас хүнд халдаагүй аж. Энэ дүгнэлтийг олны сонорт хүргэсэн нь Жон Рэтклиффийн анхны шийдвэрүүдийн нэг байлаа. Түүний бодлоор цар тахал нь биологийн зэвсэг байгаагүй гэж АНУ-ын тусгай албад үзсэн байна. “Хятадын зүгээс учруулж буй аюулуудтай тэмцэх тухайд би олонтоо ярьсан, энэ нь олон сая америк хүн яагаад амиа алдав, ТТГ таван жилийн хугацаанд “Ковид-19”-ийн гарал үүслийн талаар яагаад үнэлгээ өгөхгүй байв гэх асуулт руу биднийг авчирч байгаа юм. Миний хувьд энэ нь албан тушаалдаа орсон анхны өдрөө л гаргах хэрэгтэй шийдвэр байсан юм” гэж Рэтклифф мэдэгдэв.
Америкийн улс төрч, БНН-ын гишүүн Жон Ли Рэтклифф 1965 онд Иллиноис муж улсын Маунт-Проспект хотод төржээ. 1989 онд Норт-Дамын их сургууль төгсөж арга зүйч мэргэжилтэй болоод хувиараа өмгөөллийн ажил эрхэлж байв. 2004-2012 онд Техас муж улсын Хит хотын захирагч, 2007-2008 онд Техасын Дорнод тойргийн прокурор байгаад 2014 онд Техасын IV тойргоос АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүнээр анх удаа, 2016, 2018 онд улиран сонгогдсон байна. 2019 онд Рэтклиффийн нэрийг Дональд Трамп Үндэсний тагнуулын албаны захирлын албанд дэвшүүлсэн ч ардчилагчид эрс татгалзаж, бүгд найрамдахчууд тууштай дэмжээгүйн улмаас Сенатаас нэрийг нь татжээ. 2020 оны хоёрдугаар сард Трамп дахин оролдлого хийж, уг албанд Рэтклиффийг 2020 оны тавдугаар сард Сенат баталжээ. 26-ны өдөр тэрбээр тангараг өргөж, ажилдаа оров. 2020 оны аравдугаар сарын 21-нд Холбооны мөрдөх товчооны захирал Кристофер Рэйтэй хамт сэтгүүлчидтэй уулзахдаа Америкийн сонгогчдын бүртгэлийг Орос, Иран хоёр хулгайлсан тул олж авсан мэдээллээ сонгуулийн явцад хөндлөнгөөс оролцох зорилгоор ашиглаж болзошгүй гэж Рэтклифф мэдээлж байжээ.