Сири дэх үйл явдлыг Олон улсын эрүүгийн шүүхэд шилжлүүлэхийг Нави Пиллэй дахин уриалж байна
Израилын Гадаад хэргийн яамнаас хэдэн хоногийн өмнө гаргасан мэдэгдэлд “Хэрэв худал, хуурмаг, үзэн ядахуй, гүжир гүтгэлэгт өгдөг шагнал гэж байдаг бол түүнд өрсөлдөгч нь төдийгүй манлайлагч нь тэр байх нь гарцаагүй” хэмээн өгүүлсэн байв. Нобелийн хорооны шийдвэрийг Пиллейг шударга журмыг эрхэмлэдэг хүн гэж хүлээн зөвшөөрсөн хэрэг хэмээн үзэж болохгүй. “ХХI зууны аугаа гүтгэгчийг Нобелийн шагнал олгох комисс шагнаж буйг Нацист Германы Суртал нэвтрүүлгийн сайд агсан Йозеф Геббельс дуулсан сан бол тамын орноос алга таших байсан биз” гэсэн үгээр энэмэдэгдэлтөгссөнбайх юм. Израилын Ерөнхий сайд бас мэдэгдэл хийсэн байна.
Хатагтай Пиллей нь НҮБ-ын хүний эрхийг хамгаалагч байсан бөгөөд Израилыг нэг бус удаа шүүмжилж байв. Еврейн улсыг олон жил буруутгасан хүнийг шагналаа хэмээн Нетаньяху Нобелийн хороог шүүмжилжээ. Тэрбээр “Нобелийн хороо ёс суртахууны зүг чигээ алджээ. Еврейн цорын ганц улсын эсрэг цуст гүтгэлэг тарааж, худал ярьж нэр хүндээ бий болгосон хүнд тус хороо дээд шагналаа өгөхөөр шийдсэн байна. Олон улсын эрүүгийн шүүхийн прокурор, хамт ажилладаг хүмүүс нь хүчингийн хэрэг хийсэн, хормойн явдалд орооцолддог гэж буруутгадаг Карим Хан Израилын эсрэг худал хэрэг үүсгэхдээ Пиллейн гүтгэлгийг ашигласан юм. Пиллейн худал үгийг Хан зэвсэг болгон хэрэглэснээс Нобелийн хорооны гишүүд түүнийг шагнаж байна” гэж Израилын Ерөнхий сайд хэлсэн байна.
Израилыг Нави Пиллей олон жил шүүмжилж буйн заримаас дурдвал: Газын зурвас дахь НҮБ-ын сургууль, эмнэлгүүдэд “цохилт” өгсөн хэмээн 2014 онд Израилыг буруутгав. Харин гурван сургууль дотор нь пуужин хадгалж байсныг тэрбээр шүүмжлэлдээ дурдаагүй орхисон хэмээн “Israel national news” тэмдэглэж байв. Үүний өмнөхөн Пиллей Газын зурвасын асуудлаар НҮБ-д шуурхай хэлэлцүүлэг нээж “Израилын арми олон улсын эрх зөрчиж, цэргийн гэмт хэрэг үйлдсэн байх “тун магадлалтай” гж сэрэмжлүүлсэн байна. Үүнээс хойш Израилын эрх баригчид түүнийг Израилыг арьс өнгөөр гадуурхагч гэх бузар гүтгэлгийг дэмжиж, Израилыг үл хайхрахын төлөө тэмцэгч гэж үзэх болжээ.
Хүний эрхийг хамгаалагч, Өмнөд Африкийн бүгднайрамдахулсын зүтгэлтэн Наванетхем (Нави) Пиллейд 2026 оны Нобелийн энхтайваны шагнал олгохоор шийдвэрлэжээ. Тэрбээр хуульч мэргэжилтэй, 2008-2014 онд НҮБ-ын хүний эрхийн дээд комиссар, Гаага дахь НҮБ-ын олон улсын шүүхийн шүүгчээр ажиллаж байв. Түүнд шагнал хүртээхээр шийдвэрлэснээ энэ сарын 9-ний баасан гарагт Осло хотноо зарласан юм. Гол үндэслэлээ Нобелийн хороо “Энхтайван, олон улсын хүний эрхийн тэмцлийг урагш ахиулахын төлөө гаргасан хүчин чармайлтыг нь үнэлж...” хэмээн өгүүлсэн байх юм. Цааш нь Нельсон Мандела болон арьс өнгөөр ялгаварлах бодлогын эсрэг тэмцэгчдийг хамгаалж байсан үеэс орчин цагийн олон улсын шүүхийн томоохон үйл явц хүртэлх түүний үйл ажиллагаа хүний эрхийг хамгаалах үйлсэд тууштай үнэнч байсныг нь гэрчилнэ гэж бичсэн байв. Түүнчлэн бүхий л албан тушаал хашиж байхдаа хувь хүн хийгээд улс орнуудыгхүний эрхийг дээдлэх зарчмыг мөрдөх ёстойг ямагт онцолж ирснийг нь Осло дахь Нобелийн хорооны шийдвэр тэмдэглэжээ.
Нобелийн хорооны дарга Йорген Ватне Фрюднесийн хэлснээс үзвэл цэргийн болон хүмүүнлэг ёсны эсрэг гэмт хэрэг, хоморголон хядах үйлдлийг мөрдөн шалгаж шүүхээр шийдвэрлэх болон дэлхийн хэмжээнд хүний эрхийн бүхий л талын дэг журам тогтоох замыг тавихад эрэлхэг зориг, зарчимч чанараараа Пиллей үлгэрлэж ирсэн байна. Олон улсын эрхийн үйл ажиллагаа, нөлөөллийн хүрээг тэлэх үйлд үлэмж хувь нэмэр оруулжээ. Тэрбээр ӨАБНУ-ын Дээд шүүх, Руандагийн асуудлаарх олон улсын эрүүгийн шүүхэд ажиллаж байв. Палестиний эзлэгдсэн газар нутаг дээрх нөхцөл байдлыг мөрдөн шалгах НҮБ-ын Олон улсын бие даасан комиссыг Пиллей саяхан болтол тэргүүлж байжээ. Нави Пиллей одоо НҮБ-ын Олон улсын шүүхийн шүүгчээр ажиллаж, хоморголон устгах үйлдэлд холбогдоод байгаа Мьянмарын эрх баригчдад хамаарах хэргийг шалгаж байна.
Нави Пиллей 1941 онд ӨАБНУ-ын зүүн эргийн Дурбан хотод энэтхэг гаралтай айлд төржээ. Арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах орчинд, шударга бус хүрээлэлд хүүхэд наснаасаа өсөн торнисон аж. Охиндоо сайн боловсрол олгочих гэж эцэг, эх нь хичээвч жолооч аав, гэрийн ажилтай ээж хоёрт нь мөнгө их хомс. Гэвч гэрээр нь явж хичээл заадаг багш нар нь авьяас билэгтэй охиныг их сургуульд оруулчих юм сан гэж ярьж явсны ачаар тарчиг амьдралтай ч хөршүүд нь боломжийн хэрээр мөнгө цуглуулж Пиллей их сургуульд орж, 1965 онд хууль эрхийн бакалавр болсон байна. Хожим нь АНУ-ын Харвардад докторын зэрэг хамгаалав. 1967 онд нутагтаа хувийн хуулийн фирм нээсэн анхны хар арьст эмэгтэй болжээ. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг тэмцэгчдийг шүүхийн шатанд нь хамгаалах ажил 30 жил эрхэлжээ. Гэвч өмгөөлүүлсэн хүмүүс нь төлбөрийн чадваргүй байснаас байгууллага нь дампуурав.
Ялгаварлан гадуурхах дэглэмийг халсны дараа ӨАБНУ-д 1994 онд анхны сонгууль болж Нельсон Мандела ялав. Нэг жилийн дараа тэрбээр Пиллейг Дээд шүүхийн шүүгчээр томиллоо. Удалгүй Руанда улсад болсон үйл явдлыг мөрдөн шалгах Олон улсын шүүхийн шүүгч болж, 2003 он хүртэл уг албыг гүйцэтгэв. Руанда улсад болсон иргэний дайнаар тутси омгийнхныг үй олноор нь хоморголон устгасан юм. Тутсичүүдийн 70 хувь нь буюу 800 мянган хүн алагдсан гэх баримт байдаг. Энэ нь Руанда улсын хүн амын 10 гаруй хувь гэсэн үг. Руандагийн асуудлаарх олон улсын шүүх 1994-2015 онд ажиллажээ. 1999 онд Пиллей тус шүүхийн дарга болов. 2008-2014 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хүний эрхийн дээд комиссараар ажиллав. Энэ үедээ дүрвэгсэд, цагаачдын лагерууд, шоронгуудаар олонтаа явсан байна. Урьд нь хэрэг хийсэн хүмүүсийг шүүж байсан бол одоо тэдний эрхийг хамгаалах боллоо гэж Пиллей ярих болжээ. Палестин, Израилын нутаг дэвсгэр дээр болсон үйл явдлыг мөрдөн шалгах НҮБ-ын олон улсын комиссыг 2021 оны тавдугаар сард Пиллей удирдаж, ХАМАС хийгээд Палестиний зэвсэглэсэн бусад бүлэглэл 2023 онд Израил руу довтолсон нь цэргийн гэмт хэрэг, Газын зурваст Израилын хийсэн үйлдэл нь хоморголон устгал болсон гэсэн дүгнэлт хийсэн байна.
Нави Пиллей Нобелийн шагналыголон улсын гэмт хэргийн золиос болсон, олон улсын үнэний шүүхийг хамгаалагчдад зориулсан хөдөлмөр зүтгэлээрээ авч байгаа юм гэж хэлж болно.
Тодруулга: Энэ онд Нобелийн энх тайвны шагнал хүртэх боломжтой гэх хүний тоо 278 хүрч, нэрсийг нь нууцлаж байв. Хоёрдугаар сарын эцсээр Иранд дайн эхлүүлснийг нь үл харгалзан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын нэрийг түүнд оруулсан байжээ. Энэ шагналыг хүртэх хүсэлтэйгээ тэрбээр нэг бус удаа хэлж байсан төдийгүй 2025 онд энэ шагналаа Венесуэлийн сөрөг хүчний удирдагч хатагтай Мария Корина Мачадод олгох болсныг шударга бус шийдвэр гэж үзсэнээс болсон уу Мачадо шагналаа Трампад бэлэглэсэн байдаг.
2024 онд энэ шагналыг цөмийн зэвсгийг хураахын төлөө тэмцсэн, Хирошима, Нагасакийн атомын бөмбөгт өртөгсдийн Японы зөвлөл-Ni¬hon Hidankyo байгууллагад хүртээжээ. 2023 онд Ираны хүний эрхийг хамгаалагч Ираны эмэгтэйчүүдийг дарлахын эсрэг, бүгдийн эрх чөлөөний төлөө тэмцлийг дэмжигч Наргес Мохаммад уг шагналын эзэн болсон байна. 2022 онд Орос, Беларусь, Украины “Мемориал” нийгэмлэгийн Украины Иргэний эрх чөлөөний төв байгууллага, Беларусийн хүний эрхийг хамгаалагч “Вясна” төвийг үүсгэн байгуулагч Алесь Беляцкий нарын хүний эрхийг хамгаалагчдад Нобелийн энх тайвны шагнал олгожээ. 2021 онд уг шагналыг хүртэгсдийн дотор “Новая газета” сонины ерөнхий редактор Дмитрий Муратов оров. Филиппиний сэтгүүлч эмэгтэй Мария Ресса мөн шагналын эзэн болов. Эд “хэвлэлийн ардчилал, эрх чөлөө байгаа газартаа таагүй нөхцөлтэй илүүтэй тулгарч байдаг” гэсэн үзэл бодлын төлөө тэмцэгчдийн төлөөлөл юм гэж Нобелийн хороо тэмдэглэсэн байна. Муратов нь Нобелийн шагнал хүртсэн Оросын гурав дахь хүн юм. Түүнээс өмнө физикч, хүний эрхийг хамгаалагч Андрей Сахаров, ЗСБНХУ-ын цорын ганц Ерөнхийлөгч агсан Михаил Горбачев нар энэ шагналыг хүртэж байжээ.