Ерөнхий боловсролын сургуулийн болон багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалтыг өнгөрсөн даваа гаргаас эхлүүлсэн. Энэ сарын 23-ныг хүртэл үргэлжлэх уг шалгалтад ерөнхий боловсролын 700 гаруй сургуулийн 850 мянга орчим сурагч оролцож, 30 мянган багшийн “хувь заяа”-г шийдэх юм. Өөрөөр хэлбэл, түүврийн аргаар сонгогдсон сурагчдын үнэлгээгээрнь багш нарын ажлын үр дүнг тооцно. Үүнийг бодит үнэлгээ болж чаддаггүй, хэт өрөөсгөл хэмээн багш нар шүүмжилдэг ч Боловсролын яам, Боловсролын үнэлгээний төвийнхөн заавал авах ёстой хэмээн улайрч, хүчээр шахуу зохион байгуулдаг билээ.
Цаасан хувилбарыг халсанцахим шалгалтынх нь үеэр интернэт сүлжээ нь гацаж, олон хүүхэд шалгалтаа өгч чадаагүй. Заримньэсвэл дутуу дулимаг хийжээ. Тухайлбал, өчигдөр авсан физик, математик, биологийн шалгалтын үеэр сүлжээ гацаж, даалгаврын зурган мэдээллийг уншихгүй, хариултын хувилбар нь бүрэн гүйцэд гарч ирэхгүй байсаар гүйцэтгэх хугацаа нь дууссан байна. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийнхнөөс тодруулахад “Математикийн шалгалтын системд гэхэд 10 мянган хүүхэд нэгэн зэрэг нэвтэрснээс сүлжээ нь гацаж ажиллахаа больсон. Мөн гаднаас сервер рүү халдлаа. Иймээс зарим хичээлийн шалгалтыг дахин авна” гэсэн юм.
Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг. Аймаг, сум, алслагдсан дүүргийн бүх сургуулийг цахим тоног төхөөрөмжөөр бүрэн хангаагүй, интернэт сүлжээг нь асуудалгүй болгож чадаагүй байж онлайн шалгалт хэмээн сүржигнэсэн нь цагаа олсонгүй. Өнгөрсөн жилүүдэд цаасаар авсан шалгалтын даалгаврууд нь алдаа мадагтай байсан. Гэтэл сахил хүртээд шал дордов гэгчээр хэлбэрийн хувьд олон улсын жишигт нийцүүлсэн гэх цахим шалгалт нь эхний өдрөөсөө л бүтэлгүйтэв. Тухайлбал, Дархан-Уул аймгийн хэд хэдэн сургуульд сүлжээ гацсанаас хүүхдүүд мэдээлэл зүй, физикийн шалгалтаа өгч чадаагүй аж. Бараг л хот хэмээгддэг Дархан-Уул аймгийн сургуулиудад цахим тоног төхөөрөмж нь хүрэлцээгүй, яст мэлхий шиг хурдтай интернэттэй байхад алслагдсан сумдад нөхцөл байдал ямар буй нь тодорхой. Тус аймгийн сургуульд гэхэд л 40 хүүхэд суугаад даалгавраа гүйцэтгэх цахим кабинет ч байхгүй гэнэ лээ. Багш нар нөүтбүүкээ илүүчилсэн гэх. Зарим сургуулийнхан бүр гэр интернэтийн төхөөрөмжөө түр хэрэглүүлэх эцэг, эх байна уу гэж царай алдаж сууна.
Багш нарын бүтэн жилийн хөдөлмөрийг үнэлж байж ийм хайхрамжгүй хандаж болох уу. Сурагчид үзэмжээр хандаж, харилцаа тааруу багшийгаа албаар “унагах” явдал ч гардаг байна. Үүгээр зогсохгүй цахим даалгаврыг нь сурагчдын өмнөөс нь гүйцэтгэх боломжтой гэнэ лээ. Энэ мэт хийдэл ихтэй, багш нарын ажлыг үнэлсэн нэртэй үлгэрээ хэзээ дуусгах вэ, П.Наранбаяр сайд аа.
Ч.Болор