
Венесуэлийн удирдагч Николас Мадурог хүч хэрэглэн баривчилснаас хойш хагас жилийн хугацаанд өнөөгийн Латин Америкт эрх мэдэл нь коммунист дарангуйлах дэглэмд байгаа хийгээд зүүний ганцаар захирагч удирдлагын гарт буй хоёрхон улс үлдээд байна. Тэр хоёр улсыг дэлхийн бөмбөрцгийн баруун хагаст байгаа өөрийн үзэл суртлын холбоотон хэмээн Москва үзсээр иржээ.
Нэг нь Мигель Диас-Канель гэгч захирч буй Куба, нөгөө нь 80 настай, социалист Даниель Ортега, түүний гэргий партизан явсан, яруу найрагч, өөрийгөө “марксист” гэж нэрлэдэг Росарио Мурильо нар ээлж халаагүй тэргүүлээд удаж байгаа Никарагуа юм. Ортега урьд нь Дэд Ерөнхийлөгч байсан гэргийгээ 2025 оны нэгдүгээр сард аливаа сонгууль, санал асуулга явуулалгүй, өөрийн гар хөл болсон парламентын дэмжлэгтэйгээр “БН Никарагуа улсын “хамтарсан Ерөнхийлөгч”-өөр томилжээ.
Өнгөрсөн ням гаригт Сандиногийн 1979 оны хувьсгалын (Анастасио Сомосын дарангуйлах дэглэмийг унагасан) 47 жилийн ойг тэмдэглэх үеэр Даниель Ортега хэлэхдээ “Тэд Засгийн газар, эрх мэдлийг булаан авах сонгууль энд хэзээ ч болохгүй, АНУ-аар дэмжүүлсэн намууд эргэж ирдэг цаг өнгөрсөн” гэсэн байх юм. Үндэсний Ассамблейтэйгээ (Парламент) хамтран бүх сөрөг хүчний эсрэг “хана”, “хаалт” босгоно гэж Никарагуагийн захирагч бас амласан байна. Ийн хэлэхдээ сөрөг хүчнүүдээ “тагнуул”, “урвагчид” хэмээн нэрлэжээ. Хэдэн ч удаа юм бэ улсынхаа дээд удирдлагын суудлыг эзэлж буй (1985-1990 онд Никарагуагийн Ерөнхийлөгч байгаад 2007 оны нэгдүгээр сарын 10-наас ээлж халаагүй болсон) Даниель Ортегагийн Ерөнхийлөгчийн бүрэн эрх уг нь 2027 онд дуусах юм. Ээлжит хуурамч, луйврын сонгууль явуулахын оронд энэ нөхөр, гэргийхоёр эрх мэдлийг нь булаах аливаа эрсдэлийг л ор мөргүй устгахыг зорьж байдаг аж.
Эрх баригч Сандиногийн үндэсний чөлөөлөх фронтоос бусад улс төрийн бүх намыг 2021 оны сонгуулийн кампанит ажлын үеэр хориглож, сөрөг хүчнээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг бүгдийг нь баривчилж, шоронд хийжээ. Тус улсад нэр төдий улс төрийн олон ургальч үзэл бий гэх боловч Сандиногийн үндэсний чөлөөлөх фронт цорын ганц эрх баригч хүчин болоод удаж байна.
ХХ зууны сүүлийн хагаст ард түмнээ дарангуйлагчаас чөлөөлөхийн төлөө тэмцэгч гал цогтой хувьсгалч гэгдэж өөрийн жижигхэн улсын гадна ч олон сая хүнийшүтээн болж явсан Даниел Ортега маань өнөөдөр хөрш орнуудынх нь удирдагчидүг солихоос зайлсхийдэг, үнэнч хамтран зүтгэгч нь байсан хүмүүс ч дайжин холддог хатуу, харгис дарангуйлагч болж хувирчээ. Тэрбээр Никарагуад өөрийгөө тахин шүтүүлж байгаа ч үнэн хэрэгтээ этгээд зантай гэргийнхээ нөлөөнд бүрэн оржээ.
Росарио Мурильо гэгч энэ эмэгтэйн хэлсэн үг ярианаас үзвэл бүхий л байдлаараа сэтгэл санааны хувьд чхэвийн бус, бүдүүлэг, харгис хэрцгий нэгэн аж. Нүдээр үзсэн хүмүүс хийгээд сөрөг хүчний хэвлэл мэдээллийн хэрэгслийнхнийгэрчилж буйгаар Никарагуагийн төрийн удирдлагын чухал салбарууд, ажилтнуудын томилгоо, суртал ухуулгын ажлын өдөр тутмын хяналтыг Даниель Ортега биш, чухамхүү Росарио Мурильо хатагтай л хэрэгжүүлж байдаг болжээ. Тэрбээр сайд нарын танхимыг удирдаж, хуулийг хэрэгжүүлж байх болсноос Даниель Ортега олон түмний өмнө гарч ирэх нь ховор болоод удаж буй юм. 2018-2019 оны олон түмний тэмцлийн үед Мурильо л хэлмэгдүүллийг өөрийн биеэр удирджээ. Эцэст нь, янз бүрийн эх сурвалжаар 620-1400 хүний амь үрэгдсэн гэдэг. Одоо Никарагуагийн шоронд оюутны хөдөлгөөний олон мянган удирдагч, улс төрийн идэвхтнүүд, тариачдын толгойлогчид, олон нийтийн зүтгэлтнүүд хоригдож байна.
Ортега бол “Америкийн империализмтай” эвлэршгүй тэмцлэгч, Орос, Куба, Хятад, Иран, Умард Солонгосын их анд юм. 2014 онд Украины Крымийн бүс нутгийг Орост нэгтгэснийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн тун цөөн улсын нэг нь Никарагуа байв. Сүүлд нь Донецк, Луганск, Запорож, Херсон мужуудыг нэгтгэснийг ч Никарагуа хүлээн зөвшөөрсөн. Ортегаг 2015 онд Оросын “Найрамдал одон”-гоор шагнасан байдаг. Олон улсын хүний эрхийг хамгаалагчид болон Өрнөдийн орнуудын Засгийн газрын үзэж буйгаар Ортега, Мурильо нарын өнгөн дээр Никарагуад “мафийн маягийн хатуу чанга дарангуйлал” нэгэнт тогтсон байна. Өнөөдрийн байдлаар тус улс Латин Америкт Венесуэл, Гайтигийн дараа орох ядуу улс болжээ. 2015 оноос эхлэн 6.7 саяхүн амтай энэ улсаас 550 мянга нь дүрвэжээ.
Ерөөс Никарагуа нь үлэмж төвөгтэй түүхэн хувь заяатай улс аж. Сүүлийн 20 жилийн дотор энэулсолон арван төрийн эргэлт, гадаадын интервенц, барууны дарангуй дэглэм, өнгөрсөн зууны 80-90-ээд оны иргэний дайныг үзэж өнгөрүүлэв. Алт олборлодгийг нь эс тооцвол Никарагуа бүхэлдээ газар тариалангийн эдийн засагтай, кофе, гадил, чихрийн нишингэ голлосон ядуухан хөдөө аж ахуй эрхэлдэг, түүндээ түшиглэсэн ялихгүй аж үйлдвэртэй орон юм. Нэг жилийн экспорт нь тэрбум гаруй ам.доллартхүрдэг. Хүн амынхнь тэн хагас нь уншиж, бичиж чадахгүй, ядуурлын албан ёсны тогтоосон түвшнээс доогуур амьдралтай. Никарагуаг нэг гэр бүлийн хатуу дарангуйллын тогтолцоонд албан ёсоор бүрэн шилжсэн гэж улс төр судлаач, шинжээчид үздэг. Даниель Ортега сонгуулийн тогтолцоог цуцалснаас улсаа манай гаргийн хамгийн хатуу хаалттай дэглэм бүхий орнуудын эгнээнд оруулжээ.
Ортега-Мурильогийн дэглэм Москватай хэлхээ холбоогоо улам бүр бэхжүүлсээр шинжээчдийн үнэлж буйгаар энэ гэр бүлийн засаглалын үед дэлхийн бөмбөрцгийн Өрнөд хагасын орнуудаас Кремлийн гол түншийн нэг нь Никарагуа болж байна. Украины эсрэг Оросын өдөөсөн дайны асуудлаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгээс гаргадаг тогтоол шийдвэр бүрийг Никарагуа тууштай эсэргүүцэх болжээ.
Орос улс Украин руу довтлохынхоо өмнөхөн Никарагуад цэргийн бэлтгэл сургуулилалтынтөв байгуулсан нь тэд эндөөрийн болонтэнгисийн цэргийн бааз байгуулахаар төлөвлөж байсны илрэл юм. Кремль боломжтой байх үедээ хэдэн жилийн өмнө Ортегагийн дэглэмд танк, зенитийн нисдэг тэрэг, харуулын жижиг усан онгоц нийлүүлж, Батлан хамгаалахын сайд байсан Сергей Шойгу Никарагуагийн нийслэл Манагуа хотод хэд хэдэн удаа очиж байжээ. 2012 онд Оросын Холбооны Улсын аюулгүй байдлын штабын нисэх онгоц Венесуэлээс Никарагуад очих замдаа Колумбын агаарын хилийг зөрчин Латин Америк даяар шуугиан тарьж байв. Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэрийг хууль, эрх зүйн хувьд хүчингүй болгосон баримт бичгийг 2025 оны зун Москва, Манагуа хоёр баталсныг шинжээчид Ортега-Мурильогийн гэр бүл өөртөө олон улсын дархлаа бий болгох зорилготой “Б төлөвлөгөө” гэж нэрлэсэн байна.
Никарагуатай цэргийн талаар хамтран ажиллах өргөн цар хүрээтэй гэрээг батлах хуульд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2026 оны хавар гарын үсэг зурав. Хамтран цэргийн сургуулилалт хийх, тагнуулын олж авсан мэдээллээ солилцох, радио электрон тэмцлийн салбарт үйл ажиллагаагаа уялдуулах, Оросын цэргийн мэргэжилтнүүд тогтмол ирж байхаар уг баримт бичигт тусгажээ. Оросууд Никарагуад янз бүрийн байгууллага, цэргийн обьектууд байрлуулах эрхийг Даниель Ортега, Росарио Мурильо нар албан ёсоор зөвшөөрсөн байна. Голлон хилийн чанадад ажиллах болсон сөрөг хүчин энэ гэрээг “АНУ-ын үүдэнд Оросын цэргийн бааз байгуулсан” явдал гэж үздэг аж.
Ортега-Мурильогийн дэглэмд Кремль ажиглалт хийх тоон систем нийлүүлж, Никарагуагийн цагдааг Кибер тагнуул хийх, эсэргүүцэл, хөдөлгөөнийг нухчин дарах аргад Оросын тусгай албад сургаж байдгийг нотлох баримтууд бий юм. Оросын төрийн компаниуд Даниель Ортегагийн хүү Эдмундо Ортегагийн удирддаг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй нягт хамтран ажиллаж, тоног төхөөрөмж нийлүүлж, суртал нэвтрүүлэгчдийг нь сургаж байна. Никарагуад Оросын эрх ашгийг Даниель Ортегагийн өөр нэг хүү, 43 настай Лауреано Ортега голлон хамгаалж байдаг бөгөөд түүнийг эцэг эх хоёр нь ОХУ-тай харилцах албан ёсны тусгай төлөөлөгчөөр томилжээ. Тэрбээр Москва, Санкт-Петербург хотодбайнга очиж, хэвлэл мэдээллийн хэрэгслийн хувьд хаалттай эдийн засаг, технологийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурж байх болсон.
Никарауаг Америкийн аюулгүй байдалд занал хийлдэг “Хорон санааны тэнхлэг”-гийн нэг хэсэг гэж үздэг Вашингтон 2000 гаруй төрийн ажилтныг нь хоригт оруулж, тус улсад Ерөнхийлөгчийн сонгууль хийхээ бүр мөсөн зогсоосны дараа Ортега-Мурильо гийн дэглэмийг “хатуу, харгис дарангуйлал” хэмээн нэрлэх болжээ. 2012 оны Никарагуагийн сонгуулийн үеэр сөрөг хүчний бүх нэр дэвшигчийг баривчилсны нь төлөө Жо Байдений үед Цагаан ордон “бүдүүлэг шог гараа” хэмээн нэрлэж байжээ. АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп Никарагуагийн Ерөнхийлөгчийн гэр бүлийг байнга шүүмжилж, “Дэлхийн бөмбөрцгийн баруун хагасын гол дайсан” гэж үздэг юм. Тэрбээр Ерөнхийлөгч байх эхний бүрэн эрхийнхээ үед Никарагуаг Куба, Венесуэлийн хамт Латин-Америкийн “Хэрцгий гурвал” хэмээн нэрлэдэг байв. Трамп одоо болохоор гэр бүлийн энэ дэглэм удаан оршин тогтнохгүй, Никарагуад ардчиллыг сэргээн тогтооно гэж амладаг. Сонгуулийн тогтолцоог цуцалж буйгаа Даниэль Ортега мэдэгдсэний дараа Трампын засаг захиргаа Никарагуатай харилцах шинэчилсэн, хатуу стратегидшилжсэн байна. Флорида мужаас сонгогдсон Мария Эльвира Салазар зэрэг Трампын нөлөө бүхийн холбоотнууд Кубад үзүүлэх дарамт шахалтаа хүчтэй болгосны дараа Латин Америкт АНУ-ын явуулах шийдвэрлэх үйлдлийн гол зорилго нь Никарагуа руу чиглэх болно хэмээн мэдэгдсэн. Ортега-Мурильо нар Никарагуаг “халуун бүсийн Умард Солонгос” болгохыг эрмэлзэж, Орос, Хятадад сүжирч, цэргийн гэрээ хэлэлцээр байгуулж буй нь Манагуаг бүрэн ганцаардуулахын тулд Вашингтоныг олон улсын хамтын нийгэмлэгийг дайчлахад хүргэж байна гэж АНУ-ын Конгресс болон Төрийн департамент онцолж байна. Ортега-Мурильогийн дэглэмийн “тоглоомын урьдын дүрэм цаашид үйлчлэхгүй” гэж АНУ-ын Төрийн нарын бичгийн дарга Марко Рубио анхааруулав. Цагаан ордны нэгэнт ил болсон төлөвлөгөөнд Никарагуагаас алт, кофе авахад тавьсан хязгаарлалтаа өргөжүүлэхээр тусгажээ. Трампын засаг захиргаа Никарагуагийн цагаачдыг түр хамгаалах хөтөлбөрөө цуцалж, дүрвэгсдийн хямралыг далимдуулж Ортега-Мурильогийн дэглэм Вашингтонд үзүүлэх дарамтыг хөшүүрэггүй болгохын тулд тэднийг АНУ-аас гарч явахыгшаардах болсон байна.