
“Pan American” компанийн “Clipper Endeavor” хэмээх зорчигч тээврийн нисэх онгоц 1952 оны дөрөвдүгээр сарын 11-нд баруун далавчин дахь хөдөлгүүр нь ажиллахаа больсноос осолджээ. Тус онгоц Пуэрто-Рико улсаас Нью-Йорк руу нисэж байж. Онгоцыг ашиглаад долоон жил болсон байв. Онгоцны ахмад Жон С Берн 10 гаруй жил ажилласан байлаа. Берн онгоцоо нисэх онгоцны буудал руу эргүүлтэл баруун далавчин дахь хоёр дахь хөдөлгүүр бас зогсов. Берн аюулын дохио өгөөд усан дээр буухаар бэлтгэсэн ч эрэгт салхи ихтэй тул буухад тун осолтой, онгоцны сүүлийн хэсэг салж, онгоц живж эхлэв. Зорчигчид ихэд айн тэвдэж, суудлаасаа салахгүй, түүнээс улам зууралдаж байлаа. Онгоцны багийнхан зорчигчдодоо аврах хантааз өмсгөх гэтэл тэдний олонх нь живж буй онгоцноос гарахаас татгалзаж, хамт усны ёроол руу одов. 69 хүнээс 17 нь л амьд үлдэв. Чухам энэ осол нисэх хүчний аюулгүй байдлыг хангах тогтолцоог өөрчлөхөд нөлөөлсөн байна.
Нислэг эхлэхийн өмнө онцгой нөхцөл байдалд юу хийх ёстойг зорчигчдод онгоцны үйлчлэгч ярьж тайлбарлаж өгөх ажил энэ ослын дараагаас хэвшил болжээ. Онгоцноос гарах хаалга хаана байдаг, аврах хантаацыг хаанаас авч хэрхэн хийлэхийг одоо хэр нь заах болсон аж. “Нууц экспедиц” олон ангит кино бүтээгчид “Clipper Endeavor” онгоцны үлдэгдлийг ПуэртоРикогийн умард эргийн ойролцоох 610 метрийн гүнээс олжээ. Тэнгис судлаач, түүхч “Нууц экспедиц” киноны нэг баатар Расс Мэттьюс сүйрсэн онгоцны түүхийг 2019 онд сонирхсон бөгөөд түүний талаар хүмүүс үндсэндээ мэдэхгүй байгаад гайхсан гэнэ. Тэглээ ч болсон үйл явдлыг нарийвчлан сэргээж эхэлжээ. Иргэний нисэхийн зөвлөлийн илтгэлүүдийг тэрбээр ашигласан ч Пуэрто-Рикод болсон шүүхийн ажиллагааны тухай материалууд буюу нисгэгчдийн зурсан зураг илүүтэй тус болсон аж. Ийнхүү эрэл хайгуул хийх газрыг баримжаалан тогтоов. 2026 зургаадугаар сарын 2-нд Pan Amын таних тэмдэгтэй онгоцны сэг олов. Түүн дээр онгоцны нэр хадгалагдаж үлдсэн байв. ...2014 онд “Malaysia Airlines 370 Рейc” онгоц осолдсон нь нисэх хүчний түүхэнд тохиолдсон хамгийн тааварлаж үл болох, олон нийтийн анхаарлыг татсан үйл явдлын нэг байлаа. 239 хүн суусан энэ “Boeing-774” онгоц Энэтхэгийн далай дээгүүр нисэж яваад хяналтын дэлгэцээс алга болсон байдаг. 2003 онд Анголын нийслэл Луанда хотоос хөөрсөн “Boeing-727” онгоц сураггүй болжээ. 1979 оны нэгдүгээр сарын 30-нд Номхон далай дээгүүр нисэж явсан “Boeing-727” онгоц маш хачирхалтай байдалд алга болсон байна. Маш өргөн хүрээнд эрэл хайгуул хийгээд үр дүнд хүрсэнгүй. Японы нийслэл Токио хотын нисэх онгоцны “Нарита” буудлаас Бразилын VARIG компанийн “Boeing-707-323 С” онгоц Америкийн Лос-Анжелес хотыг зорин хөдөлжээ. Маш туршлагатай, 23 000 гаруй цаг нислэг хийсэн даргатай тус онгоцны нисэх баг хөөрснөөс хойш барагцаалбал 20 минутын дараа Японы диспетчертэй холбогдож нислэг хэвийн байгааг илтгэв. Дараа нь 40 минут болоод дахин холбогдох ёстой байтал чимээ өгсөнгүй. Диспетчерүүд түүнтэй холбогдох гэж бүтэн цаг оролдоод бүтээгүй байтал түгшүүрийн дохио ирэх нь тэр. Нисэх болон хөлөг онгоцнууд оролцуулан түүнийг найм хоног хайгаад ямар ч ул мөр олсонгүй.
Уг онгоцонд Япон-Бразилын нэрт зураач Манабу Мабегийн нэг сая гаруй ам.доллароор үнэлэгдэх бүтээл байжээ. Чухам энэ ачаа л “Бойнг” алга болсон нэг шалтгаан, зураг цуглуулагчдын довтлох объект болсон байж болох гэсэн таамлаглал ч гарч ирэв. Харин хагас зуу гаруй жил өнгөрөхөд “хулгайлагдсан” байж болох зургуудын нэг нь ч одоо хэр олдоогүй байгаа нь уг таамаглалыг үгүйсгэхэд хүргээд байгаа юм. Өөр нэг таамгаар “Boeing707-323C”-ийг Зөвлөлтийн агаарын цэргийн хүчин устгасан бөгөөд түүнд уран зураг биш, гурван жилийн өмнө Виктор Беленко гэгч нисгэгч булаан Япон руу аваачсан “МиГ-25” сөнөөгч онгоцны эд ангийг ачиж явжээ. Арай үнэнд ойр байж болох таамгийг дэвшүүлэгчид уг онгоцны багийнхан удаан хугацааны үйлчилгээтэй хорны уршгаар ухаан алдсанаас түгшүүрийн дохио өгч чадаагүй гэдэг. 2014 оны гуравдугаар сарын 8-ны шөнө “Malaysia Airlines” компанийн “Boeing-777-200 E” онгоц багийн 12 гишүүн, 227 зорчигчтой КуалаЛумпур хотоос Бээжингийн чиглэлд хөөрсөн ч 40 минут болоод холбоо барьсангүй, улмаар сураггүй болжээ. Уг онгоц үл мэдэгдэх шалтгаанаар нислэгийн чигээ эрс өөрчилж, эхлээд баруун зүг явж байснаа зүүн хойш нисэх байтал өмнө зүгийг зорьсон байна. Удалгүй хамгийн өндөр зардалтай, түүхэнд өргөн хүрээтэйд тооцогдох эрэл хайгуул эхлэв. Алга болсон онгоцных болохыг нь нотлох зарим сэг жил хагасын дараа л олдсоны нэг нь Энэтхэгийн далайн баруунтайгаас Реюньон арлын эрэгт байв. Хажууд нь байх Маврикигаас далавчны нь хэсэг олджээ. Нисэх онгоц алга болсон хачирхалтай нөхцөл байдлаас үүдэн авто нисгэгчийг нь хакер-алан хядагч ажиллахгүй болгосон гэхээс аваад багахан хар нүх рүү онгоц яваад орчихсон гэх хүртэл олон таамаг яриа гарсан байна. Алан хядах ажиллагаа үйлддэг нэг ч бүлэг хариуцлагыг өөртөө хүлээсэнгүй. Америкийн домогт нисгэгч эмэгтэй Амелия Эрхарт учир нь үл олдох байдлаар алга болсноос хойш санаанд үл багтам таамаг, цуу яриа асар олон гарчээ. Энэ эмэгтэй 1932 онд ганцаар Атлантын далай дээгүүр ниссэн анхны нисгэгч болсноор дэлхий дахинд алдар нэр нь түгэв. Таван жилийн дараа тэрбээр мэргэжил нэгт Фред Нунантай хамт хоёр мотортой “Lockheed L-10Е Electra” онгоцоор дэлхийг тойрохоор шийдэв. Ихэнх замаа туулаад байсан энэ баг 1937 оны долоодугаар сарын 2-нд ор мөргүй алга болжээ. Тэд Номхон далайн Хауленд хэмээх жижиг аралд бууж, онгоцоо цэнэглэх ёстой байжээ. Эднийг эрж хайхад АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Делано Рузвельт төсвөөсөө дөрвөн сая ам.доллар гаргаж, 66 нисэх онгоц, есөн хөлөг онгоц дайчлан хөдөлгөв. Энэ хүчин чармайлт ямар ч үр дүн өгсөнгүй. Нэгэн таамгаар бол Эрхарт эзэнгүй арал дээр буугаад хүмүүстэй учрах оролдлого хийх үеэрээ далайд живсэн байх магадлалтай байлаа.
Түүнээс гадна япончуудад олзлогдоод, тагнуул хийсэн гэж буруутгагдан Дэлхийн II дайны эцсээр цааз¬луулсан гэх бодол зарим хүнд байв. Эцэст нь Эрхартыг олзноос Америкийн цэргүүд авраад, эрх чөлөөтэй болмогцоо нэрээ сольж ердийн гэрийн эзэгтэй болсон байх гэсэн ер бусын таамаг ч бий. Ямар ч байлаа гэсэн гайхамшигтай нисгэгч бүсгүй алга болсны нууцыг өнөөг болтол тайлаагүй аж. Амелия Эрхарт, Фред Нунан нарыг амь үрэгдсэнийг 1939 оны нэгдүгээр сард хүлээн зөвшөөрөв. 1946 онд Номхон далайн нэг арлаас араг яс олжээ. Түүнийг эрэгтэй хүнийх гэж үзсэн ч 2016 онд гарвал зүйн судалгаа хийгээд эмэгтэй хүнийх ч байж болох төдийгүй хэмжээ, яс үндэстний хувьд Амелья Эрхартынх байх магадлалтай гэж тогтоов. Тэгэхдээ бас эд зүйл олсон нь Амелия Эрхарт, Фред Нунан хоёулангийнх нь байж болох нисгэгчийн хүрэмний үлдэгдэл, толь, нүүрний толбо арилгах гоо сайхны түрхлэг олдсон байна. 1945 оны XII сард АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний таван бөмбөгдөгч онгоц Атлантын далай дээгүүр сургуулилалт хийж яваад алга болов. Командлагч дэслэгч Чарльз Тейлор Багамын арлууд дээгүүр явж байхдаа компас нь ажиллахаа больсноос зүг чигийн баримжаа алдсанаа мэдэгдсэн байна. Түлш нь дуусах үед багийн хүмүүсээ далайд ослын буулт хийлгэхээр Тейлор бэлтгэсэн нь холбооны хэрэгслээр сонсогдож байжээ. Удалгүй тэд чимээ тасрав. Тэднийг эрэхээр хөөрсөн хоёр нисдэг завины нэг нь 20 минутын дараа мөн холбоо барихаа байлаа. Энэ өдөр 27 хүнтэй зургаан онгоц алга болжээ. Тэднээс юу ч олдсонгүй. Чухам энэ үзэгдлээс үүдэн Атлантын далай болон Америкийн Флорида муж, Пуэрто-Рико болон Бермудийн арлын хооронд “Бермудын гурвалжин” гэх нэр томьёо хэвлэлд гарах болж, энд агаарын болон далайн тээврийн хэдэн арван онгоц ор мөргүй алга болоод байгаа юм. 1948 оны нэгдүгээр сарын эцсээр “British South American Airways” компанийн холын зайн нислэгийн онгоц Лондоноос Гавана руу нисэж, замдаа Лиссабон хот болон Азоро, Багамын арлууд дээр газардах ёстой байв. Замынхаа талд ороод байтал бүхээгийн компас нь ажиллахаа байж, зорчигчдын “өрөө”-ний халаах төхөөрөмж эвдэрч, цаг агаарын байдал ч таагүй болоод ирж. Азор арал дээр Багамын арлыг зорьж яваа “Avro Lancaster” онгоцныхонтой тааралдаж, “Lancaster” нь эхэлж нисээд цаг агаарын талаарх мэдээлэл өгч, удалгүй араас нь 600 метрийн өндөрт “Star Tiger” нисэхээр багийн ахлагчид тохи-ролцжээ.
“Avro Lancaster” Багамын арал дээр буучхаад байтал нөгөө “Star Tiger” ирдэггүй. Түүнийг эрж хайгаад онгоцны сэг ч, 25 зорчигч, багийн зургаан гишүүний цогцсыг ч олсонгүй. Тэгээд “Star Tiger”-ийн хувь тавилан үл тайлагдах нууц боллоо гэх дүгнэлтэд хүрсэн байна. Учир нь үл олдох байдлаар онгоцнууд алга болох нь ер газар дээр л тохиолддог явдал бас биш юм санж. 2014 оны гуравдугаар сарын 8-нд “Бойнг” онгоц Куала-Лумпураас Бээжинг зорин хөөрөөд 40 минут болоход Өмнөд Хятадын тэнгисийн орчимд алга болчихжээ. Түүнд 239 хүн сууж явж. Энэ ослын шалтгаан, нөхцөл бас л тайлбаргүй үлдэв. Хөлгийн бүхээгт юу болсон, зорчигчдын дотор сэжиг бүхий хүн байсан эсэх, ямар нэг зөрчил гаргасан талаар мэдээлэл огт байхгүй. Шөнийн 01.00 цагт онгоц Вьетнамын агаарын орон зайд орох ёстой байв. Гэвч 10 мянган метрийн өндөрт хөөрсөн онгоц дэлгэцэд харагдахаа больж, алга болох нь тэр. Онгоц алга болсноос 6.5 цагийн дараа осол болсныг зарлав. Эрэн хайх ажил алгуурласан нь онгоц төлөвлөсөн ёсоор явж байгаа гэж компани нь мэдээлсэнтэй холбоотой. Онгоц алга болоод бүтэн жил хагас болж байхад далайд унасан гэж таамагласан газраас нь 4000 километр хол зайнаас түүнийх байж болох зургаан хэсгийг тохиолдлоор олжээ. 1969 онд “Бойнг-707” онгоцонд тохиолдсон явдлыг түүхэнд оньсого мэт гэж үздэг байна. Токиогоос Лос-Анжелес рүү хөөрсөн уг онгоцонд ердөө зургаан хүн, Японы нэртэй зураач Манабу Мабений 1 240 000 ам.доллароор үнэлэгдэх 153 зураг байжээ. Хөөрөөд 20 минут өнгөрч байхад нислэг хэвийн гэж мэдэгдэв. 40 минут болоод дахиад мэдээ ирэх байсан ч холбоо барьсангүй. Өргөн хүрээтэй эрэл хийсэн ч ямар нэг ул мөр олдсонгүй. Энэ бол нэг хүн хоёр удаа осолд орсон цөөн тохиолдлын нэг байв. Уг онгоцны багийг Парисын ойролцоо осолд орж, амьд үлдсэн цөөн хүний нэг Жилберт да Сильва удирдаж байжээ. Нисгэгч Фредерик Валентич дөнгөж 19 настай байлаа. Хүү Мельбурн хотод төржээ. Тэрбээр Кинг арал руу нисэж, ачаа, хүмүүс аваад эргэж ирэх зорилготой байсан ч тэнд ачаа, хүмүүс ч байгаагүй нь онгоц алга болсны дараа тодорхой болсон байна. Валентич Муррабины нисэх буудлаас 235 километр л нисэх байж. Цаг агаар сайхан, бүхээгт дутуу юм үгүй. Нисэх явцдаа Валентич Мельбурн дэх агаарын хөдөлгөөн удирдах газартаа хэд хэдэн удаа мэдээлэл өгч, араас нь нэг ер бусын онгоц дагаад байгааг хэлжээ. “Тэр миний дээр яваад байна, гэхдээ энэ онгоц биш” гэж хэлсэн нь сүүлчийнх нь мэдээлэл байлаа. Дараа нь 17 хоромд “металл хавиралдах мэт” чимээ сонсогдоод холбоо тасрав. Валентич ч, онгоц нь ч олдсонгүй.