
Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-д өнөөдөр зодоглох Ганбаатарын Одбаяр дэлхийн чансаанд 10-т жагсдаг. Энэ жинд хамгийн олон буюу 36 орны жүдоч эр бяраа үзэх юм.
Г.Одбаяр өнгөрсөн оны ДАШТ-д шагналт тавдугаар байр эзэлж байсныг бөх сонирхогчид сайн мэдэх биз ээ. Тэрбээр 2010 оноос хойш 38 тэмцээнд оролцож, Мастерс тэмцээнээс мөнгө, гранпри зэрэглэлийн тэмцээнээс нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж байв.
Манай жүдоч нийт 157 бөхтэй гар зөрүүлснээс 95-д нь (60.51%) ялалт байгуулсан. Үүнээс 43-ыг нь иппоноор дуусгаж байв. Нэг барилдаанаа дунджаар 4:12 минут зарцуулдаг Одбаяр 2011 онд Сувоны Дэлхийн цомд 20 секундэд ялалт байгуулсан ч дараа нь 10 секундэд иппоноор хожигдсон удаатай.
73 кг-д манай тамирчин “Д” хэсэгт багтсан. Эхний тойрогт хийлээд Египтийн Мохамед Мой Элдинтэй хүч үзнэ. Хэрвээ ялвал АНУ-ын Ничолас Делпополо, Нигерийн Ахмед Гоумар нарын хожсонтой нь хүч үзнэ. Энэ хэсгийг Израилийн жүдоч Саги Мүки тэргүүлж буй юм. Тэргүүлэгч эр эхний тойрогт Словакийн Рок Драксичтай хүч үзнэ. Тэдний ялсан нь Германы Игор Вандтке, Гайтигийн Хосе Депрес нарын ялсантай өрсөлдөнө. Энэ жингийн тэргүүлэгч хагас шигшээд Азербайжаны Рустам Оружов тэргүүтэй “С” хэсгийн ялагчтай хүч үзнэ. Түүний хэсэгт доод жиндээ Лондоны олимпоос мөнгө, ДАШТ-ий гурван хүрэл медаль хүртэж байсан Унгарын Миклош Унгвари, ДАШТ-ий хошой мөнгө, хүрэл медальт Нидерландын Декс Елмонт нар бий юм.
Риогийн олимпод оролцох бусад жүдочидтой даваа унааны харьцаа
Улс Нэр Нийт барилдсан Давсан
БНСУ Ан Чан Рим 6 2
Арабын нэгдсэн Эмират Виктор Свортов 6 0
Азербайжан Рустам Оружов 5 2