"Тогтвортой хөгжлийн төлөө" сэтгүүлчдийн клуб, “Амгалан дэлхий” ТББ “Өглөөний цагийг өөртөө” уулзалтаа Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулав. “Монгол дахь хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчдийн өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр “Глоб Интернэшнл” төвийн хуульч Б.Пүрэвсүрэн, “Цогц хөгжлийн төв” ТББ-ын гүйцэтгэх захирал М.Энхбадрал, ахлах судлаач Г.Доржтүвдэн нартай ярилцлаа. УИХ-аас Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн, мөн Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлтэй танилцаж буй цаг үед болж байгаагаараа тус уулзалт ач холбогдолтой.
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас өргөн барьсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар “Глоб Интернэшнл” төвийн хуульч, сэтгүүлч Б.Пүрэвсүрэнтэй ярилцлаа. Б.Пүрэвсүрэн нь хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах чиглэлээр ажилладгаас гадна “Глоб Интернэшнл” төвд хандсан иргэдэд эрх зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг. Европын холбооны Хүний эрхийн шагналт, “Гудамжны хууль” номын зохиогч юм.
- Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй танилцсан байх. Хуулийн үзэл баримтлал сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрх чөлөөг хангаж чадах уу?
-Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан. Олон ургалч үзлийг хүндэтгэлтэй хүлээн авч байгаа. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль хэн нэгэн судлаачийн, эсвэл нэг байгууллагын, нэг салбарын, сэтгүүлчдийн өмчлөх сэдэв биш юм. Бүх нийтээрээ, нийгмийн олон төлөөлөл энэ сэдвээр ярьж байх ёстой. Гол нь судалгаанд суурилж практик талаас нь харахыг хүсэж байна. Хоёр нийтлэг үзэгдэл ажиглагдаж байна.
Нэг хэсэг нь аль нэг байгууллагын, редакцын заасан хууль боллоо, эргүүлэн татъя хэмээн шүүмжилж байна. Хуулийг төслийг эргүүлэн татахад маш амархан. Энэ нөхцөлд үзүүлэх нөлөөг харгалзах ёстой. 2009, 2014 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн, УИХ-ын гишүүн агсан М.Батчимэгээр ахлуулсан гишүүдийн болоод Засгийн газраас санаачлан өргөн барьсан хуулийн бүх төслийг буцаасан. Хэн хожсон бэ. Хэн ч хожоогүй. Би өмнөх бүх төслийг судалсан. Илүү сайжруулаад аваад явж болохоор сайн төслүүд байсан.
-Гэхдээ өргөн барьсан яамнаас сайн төсөл болсон гэж мэдээлсэн шүү дээ.
-Олон улсын шинжээч, Канадын “Хууль ба ардчилал Төв”-ийн гүйцэтгэх захирал Тоби Мендэл ЮНЕСКО-ийн урилгаар хоёр өдөр манай улсад ирж ажилласан. Энэ өдрүүдэд Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн шинэчилсэн найруулгын 45 зүйлтэй хуулийн төсөлтэй танилцаад 46 санал өгсөн. Тоби Мендэл “Төслийн 80 хувийг нь хүлээн авч засаж болохоор юм. 30 гаруй улсын хууль дээр ажилласан, хуульчийн 40 жилийн туршлага, ЮНЕСКО-д зөвлөх эрхтэй ажилласан мэргэжилтнийхээ хувьд хүний эрхийг хязгаарлах биш, хүний эрхийг баталгаажуулах гэж орж ирсэн хуулийн төсөлтэй анх удаа таарлаа” гэж хэлсэн. ХЗДХЯ үүнийг “Маш сайн хуулийн төсөл гэж дүгнэсэн” гээд нийтэлчихсэн байна билээ. Маш сайн гэхээсээ илүү ярилцаж болох давуу төсөл болсон гэж би хувьдаа дүгнэсэн.
“ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУУЛЬГҮЙТЭЙ АДИЛ ЯВЖ ИРЛЭЭ”
-Хуулийн төслийг буцаая гэдэгтэй та санал нийлэх үү?
-Хуулийн төслийн дэд ажлын хэсгийг МСНЭ ахлахаар болсон. Энэ ажлын хэсэгт сэтгүүлчид, судлаачид орж ажиллаж бие даасан саналаа өгөх ёстой. Нөгөө талаас дэлхий дээр төгс хууль гэж байхгүй. 1998 оны Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль бол сайн хууль. Түүнийг дордуулахгүй байя гэж байгаа нь зөв. Гэтэл судалгаагаар 1998 оны хуулийн хэрэгжилт 00 хувьтай байсан, одоо ч тийм. Үндсэндээ хуульгүйтэй адил явж ирлээ. Тэгэхээр 1998 оны хуулийг өөрчлөхгүй тэр чигт нь авч явна гэвэл мөн л хуульгүйтэй адил.
Энэ удаад буцаая гэж бодоход дараа хэзээ хуулийн төслөө өргөн барьж хэлэлцэн батлах вэ. Хамгийн сүүлд 2014 онд, 11 жилийн өмнө энэ хуулийн төслийг өргөн барьсан байдаг. “Энэ удаа татаж авбал ахиж өөрчлөхөд энэ парламентын нас гүйцэхгүй юм биш үү” гэж УИХ-ын дарга хэлж байсан. Хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд оролцдог хуульчийнхаа хувьд би асуудлыг мэдэж байна. Энэ байдлаас хэн хохирох вэ. Монгол Улсын 3,5 сая иргэн, хамгийн гол нь сэтгүүлзүйн салбарын 4000 хүн илүү хохирно.
-Манайд хэвлэлийн эрх чөлөөг хязгаарласан маш олон шийдвэртэй тэмцсээр ирсэн шүү дээ. Одоо бүр иргэнийхээ эрхийг хязгаарладаг болсон нь ажиглагдаад байгаа.
-Өнөөдөр иргэн ёс бус үг хараал хэлсний төлөө Зөрчлийн хуулиар 30 хоног баривчлагдаж байна. Бурханы хүү Баярбаатарыг та бүхэн харсан. Дээрх хуулийн хэрэгжилт 00 байгаагийн нэг жишээ нь энэ. Үг хэлэх эрхийг хамгаалж чадахгүй байна.
Одоо мөрдөгдөж байгаа хууль дээр хэвлэн нийтлэх эрх чөлөөг хориглосон хууль батлан гаргахыг хориглоно гэж бий. Гэтэл энэ чинь эрх зүйн ухамсарт соёл дээр аваачихаар хэрэгждэггүй юм байна. Хэвлэлийн эрх чөлөөг хязгаарласан шийдвэр олон бий. Парламентын ордноос мэдээ сурвалжилга авахад нэг цэг болгодог, журмаа өөрчилдөг. Цар тахлын үед Х.Нямбаатар сайд байхдаа хэвлэлийнхэнд зорчих эрхтэй нь холбоотойгоор харилцан адилгүй квот олгож байсан гэх зэргээр маш олон жишээ бий. Тэгэхээр бид өргөн барьсан хуулийн төсөл дээр үүнтэй холбоотой хууль, захиргааны хэм хэмжээний акт, журам батлан гаргахыг хориглоно гэж оруулсан.
-Төслийг баталсаны дараа дагаж өөрчлөх ёстой хууль зургаа байна. Энэ хангалттай юу?
-Монгол Улсад өнөөдөр 932 хууль хэрэгжиж байгаагаас гуравны нэг нь хэвлэл мэдээлэлтэй холбогддог. Ийм өргөн байхад Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж зургаахан хуулийг өөрчлөхөөр УИХ-д оруулж ирж байна. Маш хангалтгүй. Гамшгаас хамгаалах тухай, Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх хууль, Төрийн болон Олон нийтийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, 1998 оны Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль хүчингүй болохтой холбоотой хууль гээд энэ зургаан хуулийг өөрчлөөд нэмэргүй.
Үзэл баримтлал дээр мөн бид хэлэлцэх ёстой. Үзэл баримтлалын төсөл дээр хэлэлцүүлэг хийгээгүй учраас маргаан дагуулдаг. Товчхондоо, бидэнд олон асуудал байна. Эцэст нь хуулийн төслийг хойшлуулбал ахиад хэн хожих вэ гэдэгт хариултаа олох хэрэгтэй. Хуулийн шинэчилсэн найруулгад эх сурвалжийн, худал мэдээллийн, МОНЦАМЭ, редакцын, хэвлэл мэдээллийн байгууллагын гээд олон асуудлыг тусгасан. Явцын дунд сайжруулж өөрчилж болно. Өнөөдөр бид бүгдэд хамгаалалт байхгүй. 1998 оны хуулиа бариад ч нэмэргүй. Үндэсний хамгаалах хуульгүй л явж байна.