Ази, Номхон далайн бүсийн нэр хүндтэй арга хэмжээний нэг болох Азийн үнэт цаасны форумын 30 дахь удаагийн ерөнхий чуулганыг энэ сарын 11, 12-нд Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна. Энэхүү чуулганы үеэр хөрөнгийн зах зээлийн хөгжил, шинэ сорилт, боломжууд, хууль, эрх зүйн орчноос эхлээд тулгамдсан, шийдвэрлэх, олон нийтэд таниулах шаардлагатай асуудлуудыг ул суурьтай хөнддөг бөгөөд бүс нутгийн улсууд ээлжлэн зохион байгуулдгаараа онцлог.
Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос зохион байгуулах энэ удаагийн чуулганд дэлхийн хөрөнгийн зах зээлийн 30 гаруй хувийг бүрдүүлдэг Ази тивийн 20 орчим улсын 100 орчим мэргэжилтэн оролцож, хамгийн сүүлийн үеийн мэдээлэл, туршлагаасаа хуваалцах нь. Чуулганы стратегийн түншээр технологийн болон банк санхүүгийн салбарт тэргүүлэгч “Анд глобал”, “Мандал санхүүгийн нэгдэл” ХХК ажиллах бол урилгаар Японы JSDA, БНСУ-ын КОFIA, Британийн LSE, Хонконгийн HKSA зэрэг дэлхийд томоохонд тооцогддог хөрөнгийн бирж, хөрөнгө оруулалтын сан, брокерын нэгдэл бүхий байгууллагын төлөөлөл оролцохоор болжээ.
Н.Мишээл