Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийнхөн өнгөрсөн сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын уснаас дээж авч шинжилжээ. Мөн голын ойролцоох, эрэг орчмын хөрсний дээжүүдэд шинжилгээ хийхэд ялгадасны гаралтай бохирдол байгаа нь тогтоогдсон байна.
Голын усны дээжүүдэд колиформ, и-коли, салмонеллёз зэрэг гэдэсний халдварт өвчин үүсгэгч нян илэрчээ. Мөн хөрсний дээжид салмонеллёз нян бүртгэгдсэн байна. Энэ нь үерийн дараа жорлон, бохирын ус, ил задгай хог хаягдал нь голуудыг, түүний ойр орчмын хөрсийг бохирдуулж буйг харуулсан хэмээн албаныхан дүгнэв. Иймд иргэдийг ялангуяа их хэмжээний борооны үеэр болон дараа нь хувийн ариун цэврийг чанд сахиж, гараа тогтмол угаах, ил шархтай бол үерийн усанд ойртохгүй байхыг сэрэмжлүүллээ.
Салмонеллёз нь хоолны хордлогын шинж тэмдгээр илэрч, нарийн, бүдүүн гэдсийг үрэвсүүлдэг, цочмог халдварт өвчин аж. Тэгвэл и-коли нь суулгалтаар эхэлж, бүдүүн гэдэсний салст бүрхэвчийг гэмтээдэг, муудсан мах, сүү, сүүн бүтээгдэхүүн, бохир усанд амьдрах чадвартай гэнэ. Колиформ нь саваа хэлбэртэй нян бөгөөд бохирдсон хоол, хүнс, хүрээлэн буй орчин, усанд үрждэг, гэдэсний халдвар юм.
О.Бат