Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас томилсон ажлын хэсэг олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд ажиллаж, хяналт, шалгалт хийснийг мэдээлээ. Шалгалтаар зусланд ажиллаж буй 142 ажилтан, албан хаагчийн чиг үүрэг, хөдөлмөрийн нөхцөл, ачаалалд үнэлгээ өгөх, давхардлыг арилгах, мөн зуслангийн стандартуудын хэрэгжилтэд хяналт хийж, дүгнэлт гаргажээ. Энэ үеэр зуслангийн газрыг 2021 онд сунгахдаа хэмжээнээс нь 14 550 ам метр талбайг “хумсалсан” байсныг илрүүлсэн гэнэ. Улмаар зуслангийн хассан хэсэг газрыг Сонгинохайрхан дүүргийн газрын албанаас 14 иргэнд олгосон байж. Түүнчлэн зуслангийн бүсэд нийслэлийн газрын албанаас нэр бүхий байгууллагуудад дахин газар олгосон зэрэг ноцтой зөрчил илрүүлсэн байна. Зуслангуудын хяналт, шалгалтын үр дүнг нэгтгэн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүргүүлсэн аж.
О.Оргилох