Чихрийн шижин нь цусан дахь инсулин даавартай холбоотой үүсдэг өвчин. Нойр булчирхай хүний идсэн хоол, хүнснээс өөх, сахарыг шүүн авч задалдаг бөгөөд инсулин даавар ялгаруулдаг. Харин чихрийн шижингээр өвдсөн хүмүүс инсулин ялгаруулахгүй, эсвэл бие нь инсулинд хариу нөлөө үзүүлдэггүй аж. Чихрийн шижин өвчтэй хүмүүсийн хэрэглэдэг инсулинийнөөц дууссан, хэдэн сар хүлээж, тарилгатайгаа золгож байгаа гэх мэдээллийн дагуу Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Эм хангамжийн газрын ахлах мэргэжилтэн Д.Оюун-Эрдэнээс тодрууллаа.
-Инсулин тарилгын нөөц дууссан гэдэг нь үнэн үү?
-Монгол Улсын эмийн бүртгэлд 2025 оны есдүгээр сарын 8-ны байдлаар чихрийн шижингийн эсрэг инсулин тарилгын уусмал эмийг Дани, Франц, Бразил улсын гурван үйлдвэрээс, худалдааны 24 нэрээр бүртгэсэн. Эдгээр улсаас манай эм ханган нийлүүлэх хоёр байгууллага импортолдог. Одоогийн байдлаар уг тарилгын уусмал 45-102 хоногийн нөөцтэй байна. Тодруулбал, “Инсулин аспарт-Новорапид флекспен” 102, “Хүний инсулин-актрапид” 50, “Инсулатард” 45, “Инсулин деглудек-тресиба флекстач” 45 хоногийн тус тус нөөцтэй. Харин “Инсулин детемир-левемир флекспен” тарилгын уусмал эм долоо хоногоос бага нөөцтэй буюу тасалдах эрсдэлтэй байна. Бид Дани улсын “Ново Нордиск” компаниас шалтгааныг нь тодруулахад үйлдвэрлэлийн техникийн саатал буюу савлалтын машины хүчин чадал түр хугацаанд буурсан. Харин чанар, аюулгүй байдлын асуудал байхгүй, нөхцөл байдлыг аль болох богино хугацаанд шийдвэрлэх тухай мэдэгдлийг энэ сарын 5-нд бичгээр ирүүллээ.
-Манай улс жилд хэчнээн хэмжээний инсулин тарилга хэрэглэдэг юм бол?
-Дани улсаас 2024 онд худалдааны таван нэрээр инсулин тарилгын уусмал эмийг нийт 224 890, 2025 оны хагас жилийн байдлаар нийт 41 500 ширхгийг импортолсон байна.
-Иргэд дүүргийн эмнэлгээсээ уг тарилгыг үнэ төлбөргүй авдаг. Гэтэл тэдгээр эмнэлэгт нь байхгүйгээс хувийн эмийн сангуудаас авч байна.
-Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн өнгөрсөн нэгдүгээр сарын 23-ны 04 дүгээр тогтоолоор төрөөс төлбөрийг нь хариуцах зарим өвчин, эмгэг, түүний эм, хэлбэр, тунгийн жагсаалтад инсулин тарилгын уусмал (суспензи), тариур эм багтдаг ба чихрийн шижин оноштой иргэдэд үнэгүй олгодог. Эрүүл мэндийн сайдын тушаалаар төрөөс зардлыг нь хариуцах эм олгох үйлчилгээг төрөлжсөн мэргэшлийн, аймаг, дүүргийн Нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв, тусгай эмнэлэг, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлж байна. Энэ сарын 5-нд эрүүл мэндийн 50 байгууллагаас “Левемир флекспен” 100 ОУН/мл-3мл тарилгын уусмал эм тасалдсан тухай бидэнд мэдээлсэн.
-Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Тусгай зөвшөөрөл бүхий ханган нийлүүлэх байгууллагуудад холбогдох чиглэлийг хүргүүлсэн. Тухайлбал, Дани улсын “Ново Нордиск” компаниас Казахстан улсад нийлүүлэх бэлэн нөөцөөс “Монос трейд” ХХК нь 5000 хайрцаг, “Монгол эм импекс концерн” 8000 хайрцаг буюу нийт 65 000 ширхэг “Левемир флекспен” тарилгын уусмал эмийг Бразил улсаас импортлох хүсэлт ирүүлсэн. Энэ нь улсын хэмжээнд дунджаар зургаан сарын хэрэгцээ юм. Дээрх хүсэлтийн дагуу Эмийн зөвлөлийн хурлаар яаралтай хэлэлцүүлж, аравдугаар сарын эхний долоо хоногт Монгол Улсын зах зээлд нийлүүлж, тасалдлыг арилгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мөн “Ново Нордиск” үйддвэрээс шаардлагатай тарилгыг энэ сарын 16-нд 4101, ирэх сарын 10-нд 8000 хайрцгийгтус тус үйлдвэрлэж, нийлүүлэх тухай мэдээлэл ирүүлсэн.
Ч.Болор