“Шунхлай” ХХК өнгөрсөн долоо хоногт зээлжих зэрэглэлийн А үнэлгээ бүхий 50 тэрбум төгрөгийн нээлттэй бонд гаргасан бол “Сүү” ХК уржигдар бондын арилжаагаа эхлүүлж, таван тэрбум төгрөг амжилттай татан төвлөрүүллээ. Ингэснээр Топ-100 аж ахуйн нэгжид багтдаг хоёр компани долоо хүрэхгүй хоногийн хугацаанд нэрийн бондоо гаргаж, санхүүжилтийн эх үүсвэрээ нэмэгдүүлэв. Ийм байдлаар хөрөнгийн зах зээлд идэвхтэй оролцож, бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагааны цар хүрээгээ нэмэгдүүлэх аж ахуйн нэгжийн тоо цаашид өсөх хандлагатай гэж Санхүүгийн зохицуулах хорооныхон үзэж байна. Энэ боломжийг Өрийн хэрэгслийн бүртгэлийн журамд оруулсан өөрчлөлт олгож буй гэнэ. Тодруулбал, тус хороо үндэсний томоохон компаниудыг хөрөнгийн зах зээлд идэвхтэй оролцуулах, нэмэлт санхүүжилт татан төвлөрүүлэх таатай боломжоор хангах зорилгоор дээрх журамд өөрчлөлт оруулж, таван тэрбум төгрөг хүртэлх үнийн дүнтэй бонд гаргаж буй тохиолдолд барьцаа, батлан даалт, андеррайтертай гэрээ байгуулахгүй байх, өрийн хэрэгсэл гаргах хүсэлтийг ажлын 10 өдөрт багтаан шийдвэрлэх нөхцөл бүрдүүлжээ. Түүнчлэн бондоо бүхэл дүнгээр бүртгүүлээд, хэсэгчлэн гаргах боломжийг ч бий болгосон байна.