Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүсэн байгуулагдсаны 35 жилийн ой энэ сард тохиож байна. 1990 оны долоодугаар сард манай улсад анх удаа олон намын тогтолцоо бүхий чөлөөт, ардчилсан сонгууль болж, Ардын их хурлыг шинэчлэн байгуулсан байдаг. Уг АИХ-аас БНМАУ-ын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан баталсны дагуу хууль тогтоох, хянан шалгах эрх бүхий Улсын бага хурал (УБХ)-ыг байгуулсан аж. Нийт 62 гишүүнтэй УБХ есдүгээр сарын 13-нд анхны хуралдаанаа хийснээр орчин цагийн байнгын ажиллагаатай парламентын түүх бичигдэж эхэлсэн юм. Эдүгээ бидний хэрэгжүүлэн мөрдөж буй Үндсэн хуулийг уг УБХ-ын гишүүд боловсруулж, АИХ-ын 430 төлөөлөгч хэлэлцээд, 1992 оны нэгдүгээр сарын 13-нд баталсан билээ. Үүний дагуу өнөөдрийн УИХ-ыг байгуулах анхны сонгууль болж, эхний 76 гишүүнийг сонгосон байдаг. Улмаар үүнээс хойш нийт есөн удаа парламентын сонгууль явуулаад байна.
С.Уул