Гаалийн ерөнхий газраас гадаад худалдааны энэ оны эхний найман сарын үзүүлэлтүүдийг танилцууллаа. Манай улс эл хугацаанд импортоор нийт 7.4 тэрбум ам.долларын бараа, түүхий эд оруулж ирсэн нь өнгөрсөн жилийнхээс 25 сая ам.доллароор буюу 0.3 хувиар буурсан дүн юм байна. Импортын нийт бүтээгдэхүүний 18.3 хувийг шатахуун, дизель түлш, 15.8 хувийг суудлын болон ачааны тээврийн хэрэгсэл, 4.8 хувийг том машин механизмын эд анги, гангаар хийсэн цулдан туйван гэх мэт цахилгаан эрчим хүч, барилга, уул уурхайд ашиглах багаж, техник бүрдүүлжээ.
Монгол Улс дээрх хугацаанд 18.1 мянган тонн малын мах, дайвар бүтээгдэхүүн экспортолсон нь өмнөх жилийнхээсээ мөн л буурсан үзүүлэлт болов. Алтны экспорт ч 32.3 хувиар доошилж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 16.6 тэрбум ам.доллар болсон байна. Гэхдээ экспортын дүн импортынхоос 1.6 тэрбум ам.доллароор давж, гадаад худалдааны тэнцэл эерэг гарчээ. Энэ нь зэсийн хүдэр, баяжмалын экспорт 39.9 хувиар өссөнтэй холбоотой гэнэ. Нийт экспортын барааны 74.4 хувийг зэсийн хүдэр, баяжмал, нүүрс бүрдүүлсэн аж. Тайлант хугацаанд нүүрсний экспорт 8.1 хувиар буурсан ч зэсийн хүдэр, баяжмалынх өсөж, Монголын гадаад худалдааг “аварчээ”. Нүүрсний экспорт буурч, орлого нь багассан нь хилийн үнээс шууд хамаарсан гэв.
Манай улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьсан. Тэгвэл өнгөрсөн сарын байдлаар 49.4 сая тонн нүүрс арилжжээ. Энэ эрчээрээ явбал жилийн эцэст төлөвлөсөн хэмжээндээ хараахан хүрэхгүй байх магадлалтайг эдийн засагчид хэлсэн юм.
О.Ундрах