Нийслэлийн Боловсролын ерөнхий газраас сурах бичгийн хүртээмж, багшийн хомсдолын асуудлаар өчигдөр мэдээлэл хийв. Боловсролын яамны Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Х.Тамираа “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 175 барилга байгууламжийн төслийг улс даяар хэрэгжүүлж байна. Энэ хичээлийн жилд 72 сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулна гэсэн төлөвлөгөөтэйгөөр сандал, ширээ, тоног төхөөрөмж худалдан авсан. Одоогийн байдлаар 17 сургууль, цэцэрлэг ашиглалтад оруулсан. Мөн нийслэлийн хөрөнгө оруулалтаар барьсан долоон сургууль, цэцэрлэгт шаардлагатай ширээ, сандал, тоног төхөөрөмж олгоод байна. Боловсролын салбарт нийт 32.4 тэрбум төгрөгийн төсвийг өнгөрсөн онд баталсан. Үүнийг 39 төсөл багц, арга хэмжээнд зарцууллаа. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу тавдугаар сарын 31-нд амжиж худалдан авах ажлыг зохион байгуулаагүй гэдэг үндэслэлээр сургууль, цэцэрлэгийн ширээ, сандал, тоног төхөөрөмжийн гэрээг татсан. 2025 оны төсвийн тодотголыг УИХ-аар батлах үеэр 7.4 тэрбум төгрөг нэмж батлуулснаар ширээ, сандал, тоног төхөөрөмжийг бүрэн худалдан авах боломж бүрдсэн” гэв.
Харин Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир “Сурах бичгийг бага ангийнханд төлбөргүй, дунд, ахлах ангийнханд номын сангаар нь дамжуулан төлбөртэй олгож байна. Харин ном хүрэлцэхгүйн улмаас сурагчдыг сугалаа сугалуулж болохгүй. Бүтэн өнчин, асрамжийн газар болон амьдралын боломжгүй айлын хүүхдүүд сурах бичиггүй үлдэх эрсдэлтэй. Дунд, ахлах ангийн сурах бичгийн түрээсний үнэ 38-48 мянган төгрөг. Сурах бичгийн багцын худалдааны үнэ 94-129 мянга, нэгж сурах бичгийн үнэ 2600 төгрөг байхаар тусгасан. Төлбөрийг эцэг, эхчүүд хувааж, эсвэл дараа төлөх гэх мэт сонголттой. Өөрөөр хэлбэл, сурах бичгийг цахимаар aрlus.mn хаягаар захиалах юм” гэв.
Ч.Болор