Япон болон Монгол Улсын Засгийн газар хооронд 2020 оны нэгдүгээр сарын 16-нд байгуулсан техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд “Сүрьеэ болон ям өвчний хяналт” хамтарсан төслийг сүүлийн таван жилд хэрэгжүүлж дуусжээ. Тус төслийн багийнхан ажлаа дүгнэж, уулзалт зохион байгуулсан бөгөөд ХӨСҮТ-ийн ерөнхий захирал С.Энхболд, Хоккайдогийн их сургуулийн профессор Т.Кимура, “Тогтвортой хөгжлийн төлөө шинжлэх ухаан, технологийн судалгааны түншлэл” төслийн зөвлөх С.Митарай болон бусад мэргэжилтэн оролцсон байна. Монгол Улсад үхрийн сүрьеэ, адууны ям өвчнийг нэг эрүүл мэнд үзэл баримтлалд тулгуурлан, шинжлэх ухааны үндэслэлтэй хянах тогтолцоог бүрдүүлэх гол зорилготойгоор төслийг хэрэгжүүлсэн аж. Үүний хүрээнд халдварт зооноз өвчнийг оношлох шинэ технологид суурилсан хуурай ЛАМП (dry LAMP), иммунохроматографын тест (ICT) зэрэг шинжилгээний түргэвчилсэн оношлуурыг зохион бүтээж, үхрийн сүрьеэ, адууны ямын халдварыг илрүүлэхэд ашиглах гэнэ.
Ч.Туяа