Салбарын голлох арга хэмжээний нэг “Монголын уул уурхайн долоон хоногMining pro expo-2025” энэ сарын 11-13-нд Налайх дүүргийн Тайж хайрхны бэлд болж өндөрлөлөө. Уул уурхайн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 30, аж үйлдвэрийн салбарын 72, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 79, экспортын 94, улсын төсвийн орлогын 30 хувийг дангаараа бүрдүүлж ирсэн, Монголын эдийн засгийн гол хөдөлгүүр билээ. Олон улсын зах зээлд түү¬ хий эдийн үнэ ганхахад манай эдийн засагт шууд нөлөөлдөг. Тиймээс бодлогын томоохон шийдвэрүүдээс гадна хайгуулыг өргөжүүлэх, технологийн шинэчлэлийг нэвтрүүлэх, хүний нөөцийн тогтвортой байдлыг хангах зэрэг олон сорилт хүлээж байгааг дээрх арга хэмжээний үеэр хөндлөө.
Уул уурхайн энэ удаагийн долоо хоногт оролцсон, салбарын судлаач, шинжээчид арга хэмжээний зохион байгуулалт чамбайрч, нүсэр, залхмаар илтгэлүүдийг цөөлж, хэлэлцүүлгийн цагийг богиносгосныг онцоллоо. Түүнчлэн танхим дүүрэн цугларсан хөрөнгө оруулагчдад товч бөгөөд тодорхой мессеж хүргэхэд анхаарч, ажил хэрэгч хандсан, гадаадын том хөрөнгө оруулалт татах хамгийн потенциалтай төслүүдийг удирдагч нарын байр суурийг чухалчилсан, том ордыг төр ашиглана гэх ойлголт бүх түвшинд өөрчлөгдсөнийг харуулснаараа онцлог боллоо хэмээжээ.
Уул уурхай эрхлэгчид “Үндэсний баялгийн сангийн иргэдэд зориулсан хуримтлалын данс арвижиж л байвал төрийн өмчит компани заавал менежмент хийх шаардлагагүй. Энэ зарчмыг Асгатын мөнгөний, бусад бүлэг ордын тодорхой хэсгүүд, газрын ховор элементийн төслүүдэд баримтална. Аж үйлдвэрийн суурийг тавихад төр, хувийн хэвшлийн зааг ялгааг гаргасан. Төр дангаараа зэс боловсруулан, ган хайлуулж, кокос, химийн үйлдвэр бариад, ажиллуулаад, менежмент хийнэ гэдэг боломжгүй. Харин орд ашиглаж буй хувийн хэвшлүүд аж үйлдвэрийн үндсэн түүхий эдийг олборлоод, үр ашигтай ажиллуулж чадах компаниудтай гэрээ хийгээд явъя. Тиймээс хөрөнгө оруулагчдад менежментийг нь хариуцуулж, гол нь байгаль орчны стандартыг хангуулах, Монгол Улсын хүртэх шууд үр ашиг 50+1 хувь байх шаардлага тавих ёстой” хэмээжээ.
О.Оргилох