Монгол Ардын нам (МАН)-ын нарийн бичгийн дарга, Хэвлэл мэдээлэл, цахим бодлогын газрын дарга Ц.Чулуунзагдын гэр, албан өрөөнд АТГынхан нэгжлэг хийж, улмаар түүнийг 48 цагийн хугацаанд хойшлуулшгүйгээр албадан саатуулсан талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн билээ. Улмаар түүнийг яллагдагчаар тооцон цагдан хорих санал Нийслэлийн прокурорын газраас гаргасныг өнгөрсөн баасан гаргийн үдэш Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Билгүүн хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Ц.Чулуунзагдыг Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсгийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон, 18.6-1-ийн мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар тооцсон аж. Шүүгч хавтаст хэргийн болон шүүхийн хэлэлцүүлэгт танилцуулсан нотлох баримтууд, прокурор, өмгөөлөгч нарын гаргасан санал, тайлбар зэрэгтэй танилцаад Ч.Чулуунзагдыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9-1.3 дахь хэсгийн “оргон зайлах, эсхүл хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэж дүгнэн нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын “Админерал” ХХК-тай холбоотойгоор албан тушаал, эрх мэдлээ урвуулсан байж болзошгүй хэрэгт хамтран зохион байгуулагч, хамжигчаар оролцсон хэмээн буруутган багагүй хугацаанд шалгасан юм. Тавантолгойн бүлэг ордын нэг хэсэг болох Бортээгийн уурхайд “эзэн сууж” баяжуулах үйлдвэр барьсан “Админерал” ХХК хууль ёсны дагуу тусгай зөвшөөрөл авсан, эсэхийг АТГ-т шалгаад гурван ч жилийн нүүр үзэж буй аж.