Барилгын салбарын хамгийн том, стратегийн ач холбогдол бүхий “Барилга экспо-2025” 38 дахь удаагийн үзэсгэлэн, яармагийг энэ сарын 12-14-нд “Буянт-Ухаа” спорт ордонд зохион байгууллаа. Энэ удаагийн үзэсгэлэн, худалдаагаар шинэ орон сууцын төсөл, хөтөлбөрүүдийг олон нийтэд танилцуулж, салбарын шинэчлэлийн бодлого, хөгжлийн чиг хандлага, ногоон барилгын шийдэл, дэвшилтэт техник, технологийн хэрэглээ, олон улсын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын боломжуудыг сонирхуулсан юм. Мөн энэ үеэр иргэд барилгын материал, тоног төхөөрөмж, интерьер дизайн, архитектур, инженерийн дэвшилтэт шийдлүүд, олон улсын хөрөнгө оруулалт татах, шинэ гарц эрэлхийлэх, түрээслээд өмчлөх орон сууц болон барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн талаарх нэгдсэн мэдээллийг нэг дороос авав.
2023 онд салбарын бүтээн байгуулалт, барилга угсралт, их засварын ажилд 7.9 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт “эргэлджээ”. Тэгвэл өнгөрсөн онд эл үзүүлэлт 9.1 их наяд төгрөг болж өссөнийг үзэсгэлэн, худалдааны үеэр албаныхан танилцуулав. Одоогийн байдлаар барилгын салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 3.3 хувийг бүрдүүлж, нийт 96.1 мянган ажилчинтайгаас 8154 нь мэргэшсэн, зөвлөх инженер аж.
“Барилга экспо-2025” үзэсгэлэнд мэргэжлийн холбоодын удирдлага, төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөлөл болон ОХУ, БНХАУ, БНСУ, Герман, Итали, Турк, Япон зэрэг 20 гаруй орны 60 гаруй компани, дотоодын 300 гаруй аж ахуйн нэгж оролцож, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ иргэдэд санал болголоо.
О.Ундрах