Жил бүрийн есдүгээр сард уламжлал болгон зохион байгуулдаг автомашингүй өдрийг нийслэлчүүд хүлээдэг гэхэд дэгсдэхгүй. Авто зам, талбайд нэг өдөр иргэд хүссэнээрээ алхаж, хүүхдүүдтэйгээ цагийг хөгжилтэй өнгөрүүлэхийг хүсдэг. Гэвч энэ удаагийн “Автомашингүй өдөр” арга хэмжээг цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан цуцалж буйг өнгөрсөн бямба гаргийн 12.00 цагт нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин мэдэгдсэн. Уг арга хэмжээтэй холбоотойгоор хаасан авто замуудын хөдөлгөөнийг тухайн өдрийн 12.00 цагт гэнэт нээсэн юм. Харин төв талбайд зохион байгуулж буй тоглолт, эрүүл мэндийн үзлэг зөвлөгөөн, спортын тэмцээн уралдааныг хэвийн үргэлжлүүлжээ. Энэ тухайд А.Амартүвшин “Цаг уур, орчны шинжилгээний газраас өнгөрсөн өдрүүдэд өгсөн мэдээллээр бороо 09.30 цаг хүртэл орох төлөвтэй байсан боловч өнөөдөр (бямба гараг) 17.00 цаг хүртэл үргэлжлэн орохоор байна. Цаг уурын төлөв өөрчлөгдсөн. Тиймээс “Автомашингүй өдөр” арга хэмжээг цуцалж, авто замын хөдөлгөөнийг нээж байна. Энэ өдөр сондгой цифрээр төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно” гэв.
Энэ сарын 16-ныг хүртэл тээврийн хэрэгслүүдийг авто замын хөдөлгөөнд тэгш, сондгой дугаарын хязгаарлалттай оролцуулж буй. Эл арга хэмжээг дуусаагүй байхад автомашингүй өдрийг зохион байгуулж, дээрх дугаарын хязгаарлалтыг мөрдүүлэх болсонд иргэд ихээхэн бухимдалтай байсан юм. Автомашингүй өдөр зах, томоохон худалдааны төвүүдийн үйл ажиллагааг хаадаг. Гэтэл бямба гаргийн өглөө нь “Ажиллуулах мэдэгдэл” хүргэж эхэлсэн талаар нийслэлээс мэдээлж байв. Ингэж эргэж буцсан шийдвэр гаргаж, аж ахуйн нэгж байгууллага, олон хүний ажлыг алдагдуулсныг олон нийт шүүмжилж буй.
Ч.Цэлмэг