МАН-ын Хяналтын ерөнхий хороо өнгөрсөн баасан гарагт хуралдаж, цаг үеийн асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар тус ерөнхий хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Баярбаатараас тодрууллаа.
-МАН-ын даргын сонгуульд өрсөлдөнө гэдгээ УИХ-ын дарга Д.Амарбаясгалан албан ёсоор зарлалаа. Уг нь танай намын дүрэм ёсоор сонгуульд ялсан намын дарга Ерөнхий сайд болдог биш үү?
-Манай намын дүрэмд “Сонгуульд ялсан намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ” л гэсэн заалт бий. Намын дарга Ерөнхий сайд байх ёстой тухай ямар ч заалт дүрэмд, өөр хуульд байхгүй. Мөн ингэж хатуу заавал Үндсэн хууль болон УИХ-ын, Засгийн газрын, Улс төрийн намын тухай хуулийг зөрчсөн болно. Манай нам өнгөрсөн хугацаанд дотоод ардчиллаа хангаж, намын даргад 2-3 хүн өрсөлдөж ирсэн. У.Хүрэлсүхийг намын даргад өрсөлдөх үед тухайн үеийн УИХ дахь бүлгийн дарга Д.Хаянхярваа нэрээ дэвшүүлсэн. Мөн М.Энхболд даргатай Т.Аюурсайхан өрсөлдөж байлаа. Улс төрийн намын тухай хуулийн 8.1- д “Нам гишүүдээ намын удирдах байгууллага, албан тушаал, сонгуульд нэр дэвших, сонгох, томилоход аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байж, тэгш боломж олгоно” гэж заасан. М.Энхболд дарга сонгуульд ялсан ч Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлээгүй, харин УИХ-ын дарга болж, Ж.Эрдэнэбат Засгийн газрын тэргүүнээр ажилласан саяхны жишээ бидэнд бас бий. Тиймээс нам аливаа асуудлаа нийтээр хэлэлцэж шийдвэрлэх нь дотоод ардчиллын нэг чухал зарчим. Өрсөлдөөнийг хязгаарлаж болохгүй. Гишүүн бүр намын даргад нэрээ дэвшүүлэх эрхтэй. Бага хурлын үеэр танхимаас нэрээ дэвшүүлэх нь ч нээлттэй шүү дээ.
-Гэвч танай намын Бага хурал байтугай, Удирдах зөвлөл хэзээ хуралдах нь тодорхойгүй байх юм. Энэ долоо хоногт Бага хурлаа зарлах уу?
-Намын Удирдах зөвлөл хуралдаж Бага хурлыг зарална. Өнгөрсөн баасан гарагт Хяналтын ерөнхий хороо хуралдаж, шат шатны гишүүдэд зөв ойлголт өгч, эв нэгдлээ хангах, мөн үүсээд буй нөхцөл байдлыг Удирдах зөвлөлөөр хэлэлц гэсэн чиглэл гаргасан. Үүнийг өнөөдөр Удирдах зөвлөлд гардуулна. Аливаа асуудлыг нам дотооддоо хэлэлцэж, ярих ёстой. Нийгмийн талцал үүсгэж болохгүй. Бодлогын асуудлаар зөрчилдөж буй бол эрүүл, харин хэн намын дарга байх тухай албан тушаал тойрч талцаж буй бол эрүүл бус үзэгдэл. Хамтын шийдвэр, дотоод ардчилал, нээлттэй өрсөлдөөний зарчмаар л асуудлыг шийдэх учиртай.