Сонсголгүй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын долоо хоног энэ сарын 22-28-нд тохиож буй юм. Эдгээр өдрийг “Дохионы хэлний эрхгүйгээр хүний эрх гэж үгүй” уриан дор дэлхий нийтэд тэмдэглэн өнгөрүүлж байна. НҮБ-аас 2017 оны арванхоёрдугаар сард жил бүрийн есдүгээр сарын 23-ныг албан ёсоор Олон улсын дохионы хэлний өдөр болгохоор шийдвэрлэжээ.
Манай улсад өнгөрсөн оны байдлаар сонсголын бэрхшээлтэй 7561 хүн бүртгэлтэй байна. Энэдолоо хоногт өдөр бүр өөр өөр сэдвийн хүрээнд арга хэмжээзохион байгуулах гэнэ. Тухайлбал, сонголгүй иргэдийн манлайлал ба түншлэл, дохионы хэлний эрхгүйгээр хүний эрх бүрэн дүүрэн хэрэгжих боломжгүй, сонсголгүй суралцагчдын олон хэлний боловсрол, хямралын үе дэх иргэдийн эрх, үндэсний дохионы хэлийг хүлээн зөвшөөрөх нь зэрэг сэдвээр уулзалт, өдөрлөг, үйл ажиллагаа болох нь.
НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод зааснаар Засгийн газрууд дохионы хэлний харилцаа, хэрэглээг бүх түвшинд дэмжих, мөн сонсголын бэрхшээлтэй иргэдийн соёл, хэлний онцлогийг хамгаалан түгээн дэлгэрүүлэх үүрэгтэй. Манай улсын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд “Дохионы хэлний хэрэглээг дэмжиж, харилцаа холбоонд өргөн ашиглах нөхцөлийг бүрдүүлэх” гэж заасан байдаг. Гэвч манай улсад дохионы хэлний хэрэглээ бага, хэлмэрч тун цөөн. Улсдаа ганц байдаг, сонсгол, хэл, ярианы бэрхшээлтэй хүүхдүүдийн суралцдаг 29 дүгээр сургуулийн багш нар ч дохионы хэл мэддэггүй хэмээн шүүмжлүүлдэг билээ.
Б.Болор