Манай улс гадаадын жишигт нийцсэн хөдөлмөрийн бирж байгуулж, нийгмийн үйлчилгээний үндэсний платформыг нэвтрүүлэх замаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн. Үүний хүрээнд өнгөрсөн онд Улаанбаатар хотод ажлын байр, хөдөлмөр зуучийн иж бүрэн үйлчилгээ үзүүлэгч “Job center” нэртэй дөрвөн төв нээж, ашиглалтад оруулсан билээ. Тэгвэл он гарснаас хойш дахиад ийм дөрвөн төв нийслэлд нэмж байгуулжээ.
“Job center” төвийг уламжлалт биржүүдээс ялгаатайгаар, гэр бүлүүдэд, хүүхдээ асардаг ээжүүдэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд, хөдөлмөр эрхлэхийг хүссэн хүн бүрд төрөлжүүлэн чиглүүлснээрээ онцлогтой. Нийслэлийн Хан-Уул, Баянгол, Сүхбаатар, Баянзүрх дүүрэг, цөөнгүй аймагт нийт 14 төв үйл ажиллагаа явуулж буй аж. Цаашид орон нутагт таван төв нэмж барих гэнэ. Иргэд энэ мэт өөрт ойр салбараар үйлчлүүлснээр ажил, мэргэжлийн чиг баримжаа олох, ур чадварын үнэлгээ хийлгэх, зөвлөгөө авах, ажил хайх, зуучлуулах, хөдөлмөрийн зах зээлийн сүүлийн үеийн болон салбарт хэрэгжүүлж буй хууль тогтоомж, дүрэм журмын талаарх мэдээ, мэдээллийг нэг дороос авах боломжтой.
Монгол Улс ажиллах хүчний хомсдолтой, тэгсэн хэрнээ ажилгүйдэл, ядуурал ихтэй. Энэ нь боловсон хүчин бэлтгэх тогтолцооны гажуудал бий болсны, хөдөлмөрийн зах зээлийн нийлүүлэлтийн бодлого алдагдсаны наад захын жишээ хэмээн албаныхан хэлсэн. Тиймээс хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд суурилсан бодлого хэрэгжүүлэх, хэрэгжилтийн чанар, хүртээмжийг сайжруулахын тулд үүнтэй холбоотой хууль, эрх зүйн орчныг эхний ээлжид шинэчлэх шаардлагатай гэв.
М.Гэгээ