Богдхан уулын суурьшлын бүс бүхий хэсэгт буга элбэг үзэгдэх болсон талаар иргэд нийгмийн сүлжээнд бичиж, зураг болон дүрс бичлэг түгээсээр байна. Мөн хүн рүү буга дайрсан гэх дуудлага, мэдээлэл Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанд энэ намар цөөнгүй бүртгэгджээ. Үүнтэй холбогдуулан тус байгууллагаас иргэдэд зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргэлээ. Бугын дуудлага буюу ороо, нийллэгийн үе тохиож буй энэ үед шилжилт, хөдөлгөөн нь эрчимжиж, ууртай ширүүн болдог гэнэ. Ойртох, цочоох үед хүн рүү дайрах, мөргөх тохиолдол гардаг аж. Иймд иргэдийг ойн сан, тусгай хамгаалалттай нутгийн бүс бүхий газарт зориулалтын зам, маршрутаар зорчиж, зэрлэг амьтдыг үргээж цочоохгүй, дуу чимээ гаргахгүй байхыг анхаарууллаа.
У.Сүрэн