Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг гишүүн Ж.Алдаржавхлан УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн байна. Өмнөх парламентаар уг хуулийг шинэчлэн найруулж баталсан бөгөөд 2024 оны нэгдүгээр сараас мөрдөж буй юм. Тэгвэл үүнд дахин “засвар” хийх хэрэгтэй гэж дээрх гишүүн үзжээ. Хуульд улс төрийн нам зөвхөн нэг данстай байхаар тусгасныг тэрбээр санхүүгийн тайлагналын хувьд олон дамжлага дамжиж, ил тод, нээлттэй байх зарчмыг хангах боломжгүйд хүргэж байна гэж үзсэн юм. Хуулийг хэрэгжүүлсэн нэг жилийн хугацаанд намын шат шатны байгууллагын үйл ажиллагаа, санхүүгийн төлбөр тооцоо, мөнгөн гүйлгээтэй холбоотойгоор зогсонги байдалд орох, хугацаа алдах хүндрэл үүссэн гэнэ. Мөн парламентад суудал бүхий улс төрийн намуудад санхүүжилт олгох, мөнгөний хэмжээнээс хамаарч бусад орлогын хэмжээнд хязгаарлалт тогтоож байгаа нь намын үйл ажиллагааг тогтвортой явуулах, санхүүгийн хувьд дотооддоо бэхжих боломжийг хааж буй хэлбэр гэдгийг гишүүн хэлжээ.
Тиймээс Улс төрийн намын тухай хуулийн 26.7, 27.8, 35.4 дэх намын үйл ажиллагааг санхүүгийн хувьд хязгаарлаж буй заалтад өөрчлөлт оруулж, олон данстай байх боломжийг бүрдүүлэхээр төсөлд тусгасан аж.
С.Уул