Ховд аймаг дахь “Хөгжил” политехник коллежийн хүүхдүүд үйлдвэрлэлийн дадлагын ажлаараа нэгэндээ байшин барьж өглөө. Тодруулбал, тус сургуулийнхан барилгын техникчийн ангидсуралцагч Т.Отгонбаатарт байшин барьж өгч, бэлэглэсэн байна. Сургуулийн захирал болон хамт олны төлөөлөл нь байшингийн түлхүүрийг өчигдөр гардуулан өгчээ. Мөн сургуулийн залуучуудын зөвлөлөөс гал тогоо болон бусад тавилгыг хийж, гэрийг нь тохижуулсан гэнэ. Ингэснээр Т.Отгонбаатар тухтай орчинд гурван дүүгийнхээ хамт амьдрах боломжтой болсон байна. Хичээл үйлдвэрлэлийн дадлагын ажлаа багш, суралцагчид ийнхүү бүтээлчээр сэтгэж, найзыгаа шинэ байшинтай болгосонд тухайн орон нутгийнхан талархаж буй аж.
“Хөгжил” политехник коллежид есдүгээр анги төгсөгчид тогооч, үсчин, барилгын цахилгаанчин, өрөг угсрагч, засал чимэглэл, сантехникч, гагнуурчин, мэдээллийн технологи, гоо засалч зэрэг олон мэргэжлээр суралцах боломжтой. Мөн 12 дугаар анги төгссөн хүүхдүүд малын бага эмч, зоотехникч, агротехникч, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний техник технологич зэрэг ховор мэргэжил эзэмшиж болох нь. Түүнчлэн насанд хүрэгчдэд зориулсан нэг жилийн хугацаатай, мэргэжлийн сургалт зохион байгуулдаг аж.
Ташрамд, тус коллеж нь энэ онд гүйцэтгэл, үр дүнгийн үнэлгээгээр улсад тэргүүлсэн байна.
Ч.Туяа