УИХ дахь АН-ын бүлгийнхэн өчигдөр Улс төрийн зөвлөлтэйгөө хамтарч өргөтгөсөн хуралдаан хийжээ. Улмаар эрх баригч МАН-д үүсээд буй зөрчил нь төрийн хямрал болох эрсдэл нүүрлэсэн, УИХ, Засгийн газар хоорондын зөрчил болон даамжирсан байна гэж үзсэн аж. Тиймээс зарим шаардлага, шийдвэр гаргасан байна. АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл энэ талаар “УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон МАНын зарим өндөр албан тушаалтан авлигын, мөн эрүүгийн онц ноцтой гэмт хэрэгт холбогдсон байж болзошгүй, түүнчлэн хуулийн байгууллага нь улс төрчдийн захиалгаар ажилладаг тухай эрх баригч намын хариуцлагатай албан тушаал хашиж байсан, одоо хашиж буй хүмүүс мэдэгдсэн учраас хуулийн байгууллага үүнийг шалгаж, тогтоох ёстой. Уг ноцтой мэдээллийг шалгуулж, асуудлаа шийдэх хүртэл Д.Амарбаясгалан нэгдсэн чуулганыг удирдах ёсгүй гэж үзэж байна. Хэрэв түүнийг гүтгэсэн бол тухайн хүмүүст хариуцлага тооц” гэв.
УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын зөрчил засаглал хоорондын хямрал болон гүнзгийрч буй нь ирэх оны улсын төсөв зэрэг чухал асуудлын хэлэлцүүлэгт нөлөөлж байна гэж тэд үзжээ. Мөн Засгийн газрын эрх зүйн чадамжийн талаар ч ярьж буй тул Монгол Улсын ирэх оны төсвийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах, улмаар эгүүлэн татахыг Ерөнхий сайд Г.Занданшатараас тэд шаардсан юм. Эрх баригч энэ хямралаа шийдэхээс нааш АН-ын бүлэг төсвийн хэлэлцүүлэг, УИХ-ын аливаа үйл ажиллагаанд оролцохгүй бөгөөд Засгийн газарт тавих хяналтаа илүү сайжруулах чиглэлийг мөн Удирдах зөвлөлөөс нь бүлэгтээ өгчээ.
С.Уул