Төв цэнгэлдэх хүрээлэнд “Намрын ногоон өдрүүд-үндэсний үйлдвэрлэл 2025” үзэсгэлэн, худалдааг өнгөрсөн долоо хоногийн турш явуулж дууслаа. Өнөө жилийн намрын ургац, шинэ бүтээгдэхүүний үзэсгэлэн, яармагт 21 аймгаас 200 гаруй тариаланч, хоршоологч болон хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч 300 гаруй хүн оролцсон байна. Үүний үр дүнд нийт 2.2 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өнгөрсөн оныхоос 400 сая төгрөгөөр нэмэгдсэн дүн болохыг албаныхан мэдээллээ. Тодруулбал, өнгөрсөн жилийн “Намрын ногоон өдрүүд”-ээр 1.8 тэрбум төгрөгийн худалдаа хийжээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.ЕсөнЭрдэнэ “Эх орны хөрсөнд ургасан эрүүл, чанарын баталгаатай, шинэхэн хүнсний ногоо, дотоодын үйлдвэрүүдийн мах, махан болон сүү, сүүн бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс ширэн эдлэлүүдийг хэрэглэгчдийн гарт нэг дороос хүргэх энэхүү нэгдсэн арга хэмжээнд аймаг, орон нутгийн үндэсний үйлдвэрлэгчид бүсчилсэн зохион байгуулалттайгаар оролцлоо.
20 дахь жилдээ болж буй тус үзэсгэлэн, яармагт хэрэглэгчид өргөнөөр үйлчлүүлж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжин, шинэ бүтээгдэхүүнтэй танилцаж, сонирхсон бараагаа худалдан авдаг болсон. Эл арга хэмжээ жил ирэх тусам хүрээгээ тэлсээр хүнс, хөдөө аж ахуйн салбарын намрын баяр болтлоо өргөжөөд байна. Үйлдвэрлэгчид ч өөрсдийн тарьж ургуулсан, үйлдвэрлэсэн брэнд бүтээгдэхүүнээрээ хүн ардаа хангах, нутаг орныхоо бүтээлч, хөдөлмөрч иргэдийг сурталчлан таниулах, харилцан туршлага солилцож хамтын ажиллагаагаа хөгжүүлэхээр хүсэн хүлээдэг өдөрлөг нь энэ болсонд олзуурхууштай” хэмээв.
Ташрамд дурдахад, үзэсгэлэн, худалдааны хаалтын үеэр газар тариалан, хүнс, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн салбарын шилдгүүдийг тодруулж, шагнал гардуулсан юм. Газар тариалангийн салбарын шилдэг сумаар Сэлэнгэ аймгийн Мандал, хүнсний үйлдвэрлэлийн шилдгээр “Төгс уураг” компани, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрлэлийн шилдгээр “Дархан нэхий” ХХК шалгарсан байна. Түүнчлэн бүсүүдийн шилдэг аж ахуйн нэгжээр “Хужирт цагаан”, АБМЭ, “Нүнжиг хангайн жимс”, “Хараагийн баян үрс” хоршоо, “М агро”, “Тэвшийн хажуу ус хоршоо” тодорсон бол Улаанбаатар бүсийн шилдэг аж ахуйн нэгжүүдийг “Жожилдаян” ХХК тэргүүлжээ.
О.Оргилох