АНУ-ын Мичиган мужийн Гранд Блан хотын мормончуудын сүмд орон нутгийн цагаар уржигдар 10.00 цагийн орчимд зэвсэгт халдлага гарчээ. Мөргөлийн үеэр галт зэвсэгтэй этгээд сүмд дайран орж, халдлага үйлдсэний улмаас дөрвөн хүн нас барж, найман иргэн шархаджээ. Халдлага үйлдсэн этгээд нь 40 настай Томас Жэкоб Сэнфорд бөгөөд тэрбээр тус сүмийн автомашины зогсоол дээр цагдаа нартай буудалцах үеэрээ нас барсан аж.
Томас Жэкоб Сэнфорд нь Гранд Бланы зэргэлдээх Буртон хотод амьдардаг АНУ-ын тэнгисийн явган цэргийн ангид алба хаасан ахмад дайчин байж. Түүнийг чухам ямар шалтгаанаар мормончуудын сүмд халдлага үйлдсэнийг одоогоор тогтоож чадаагүй гэнэ. Ташрамд дурдахад, АНУ-д шашны сүмүүд халдлагад өртөх нь сүүлийн жилүүдэд нэмэгджээ. Тухайлбал, тус улсын Миннесота мужийн Минниеаполис хотын нэгэн сүмд өнгөрсөн наймдугаар сард зэвсэгт халдлага болж, хоёр хүүхэд нас барж, хэдэн арван хүн шархадсан юм.
Э.Сүйлэн