Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлүүдийн нэг болох утга зохиол, ном хэвлэлийн салбарыг хөгжүүлэх, бүх нийтийн эх хэл, уран зохиолын боловсролыг дэмжих, хүүхэд, залуучуудын үндэсний ухамсар, сэтгэлгээ, бахархлыг төлөвшүүлэх зорилгоор “Утга зохиолын долоо хоног” аяныг энэ сарын 22-28-нд орон даяар амжилттай зохион байгууллаа. Энэ хүрээнд зохиосон жүжгийн зохиолын улсын уралдаанд шинэ залуу уран бүтээлчид, туршлагатай зохиолчид түүхэн, орчин үеийн, хүүхэд, залуучуудын сэдвээр уран бүтээлээрээ өрсөлдөв.
Түүхэн сэдэвт жүжгийн төрөлд Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Сарантуяа “Цусан тамгатай хатан” бүтээлээрээ түрүүлсэн бол Э.Батболд “Маргааш мандах нар”, О.Элбэгтөгс “Доголон Төмөр: Алтан илдийн гэсгээл” зохиолоороо удаалжээ. Тэгвэл Аттила хааны тухай жүжгийн зохиолын төрөлд Төрийн шагналт зохиолч Д.Төрбат “Аттила” бүтээлээрээ тэргүүн байрт шалгарсан бол дэд, гутгаар байрыг Ч.Нарансоёл “Тэнгэрийн ташуур-Аттила”, Т.Султан “Тэнгэрийн ташуур”-аараа хүртсэн байна. Мөн Орчин үеийн сэдэвт, мюзикл жүжгийн төрөлд залуу зохиолч Ч.Зоригтбаатар “Хуучин сүмийн дуун” бүтээлээрээ тэргүүлж, Н.Бадамжав “Агч мод”, А.Итгэл “Хаалгаа нээгээрэй” зохиолоороо удаалжээ. Харин Хүүхэд, залуучуудын сэдэвт зохиолын төрөлд зохиолч О.Элбэгтөгс “Тэнгисийн хоёр эрэг” бүтээлээрээ тэргүүн байрт шалгарсан бол нэрт зохиолч, сэтгэгч Д.Урианхайн “Өглөө бүхэн хүлээлгэх ув улаан галт тэрэг”, Д.Дашдондовын “Хийлийн эгшиг” жүжиг хоёр, гуравдугаар байр эзэлсэн аж. “Энэ жилийн жүжгийн зохиолын уралдаан нь шинэ зохиолчид, шинэ сэдэв, шинэ эрч хүчийг Монголын тайзны урлагт залж ирсэн түүхэн үйл явдал боллоо” хэмээн зохион байгуулагчид онцолжээ.
Л.Аргамжин