Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд дахин хоёр хаалга шинээр барьж орц, гарцыг нэмэгдүүлэхээр болжээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 17, 18, Баянзүрхийн 26, 36 дугаар хорооны иргэдээс ийм санал удаа дараа ирүүлсэн тул уг хүсэлтийн дагуу цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн урд “Маршал таун” хотхон талд, баруун хойно буюу “И-Март” худалдааны төв чиглэлд хүйтрэхээс өмнө хоёр хаалга барих гэнэ.
Мөн цаашид Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хөшөө дурсгал, барилга, байгууламж нэмж барихгүй, талбай цементлэхгүй байхаар хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөндөө тусгасан талаараа мэдээллээ. Түүнчлэн хүрээлэнгийн баруун урд хэсгийн 15 орчим га талбайг “Ханталст” ХХК-ийнхан амралт зугаалга, наран шарлагын газар, усан бассейн байгуулах зориулалтаар эзэмшиж байгаа аж. Үүнээс гэрээний дагуу 11 га-д нь тохижилт, бүтээн байгуулалт хийж буй.
М.Гэгээ