Хүүхдийн бие махбодын болон бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Би хэлнэ” аяныг бүх цэцэрлэг, хүүхэд харах төвд өрнүүлж эхэллээ. Баянзүрх дүүргийн ЗДТГ, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсийнхэн төр, хувийн хэвшлийн хариуцлага, хамтын ажиллагааны жилийн хүрээнд уг нөлөөллийн аяныг санаачлан эхлүүлсэн бөгөөд бусад дүүргийнхэн ч нэгдэх болжээ.
Сүүлийн жилүүдэд үе тэнгийн дээрэлхэлт, бие болоод бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг нэмэгдсээр буй. Иймд хүүхдийг багаас нь өөрийгөө хамгаалах, өрөөлийг хүндэтгэх, зүй бус үйлдэл гаргахгүй, мөн хүлээн зөвшөөрөхгүй байх дадалд сургах үүднээс дээрх нөлөөллийн аяныг өрнүүлж байгаагаа албаныхан хэлсэн. Үүний хүрээнд бага насныханд тохирсон дуу, хөгжим, хөдөлгөөнөөр дамжуулж биеийнх нь хил хязгаар, хүрч болох, болохгүй хэсгийг таниулснаар хүүхэд бусдын хувийн орон зайг хүндэтгэхээс гадна аливаа гаднын халдлага, хүчирхийлэл, таагүй үйлдлийг танин мэдэж, эцэг, эх, асран хамгаалагч, бусад итгэлт хүнд мэдээлж, аюулгүй байдлаа хангах, хамгаалах дадалд сургах аж.
Олон улсад бага насны хүүхдийн цогц хөгжлийн хөтөлбөрт энэ төрлийн мэдлэг нь заавал үзэх хичээлийн тоонд ордог байна. Дуу, хөгжмөөр дамжуулан хүүхдэд боловсрол олгох нь агуулгын ойлголтыг 30-40 хувиар нэмэгдүүлдэг болохыг ч тогтоожээ. Тиймээс бүх цэцэрлэг Гавъяат багш, хүүхдийн дууны элч зохиолч С.Батболдын “Би хэлнэ” дууг хүүхдүүддээ зааж, эцэг, эх, асран хамгаалагч нарыг хамтдаа дуулж, хөдөлгөөнийг нь даган дуурайж, агуулгыг нь ярилцах байдлаар аянд нэгтгэх гэнэ.
М.Гэгээ