Ираны эсрэг тавьсан хоригийг сэргээх хугацааг зургаан сараар хойшлуулах тухай Орос, Хятадын санал болгосон тогтоолоор өнгөрсөн баасан гарагт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд санал хураалгахад 15 гишүүний ердөө дөрөв (Орос, Хятад, Алжир, Пакистан) нь дэмжиж, ес нь эсэргүүцэж, хоёр нь түдгэлзсэнээр НҮБ-ын хориг бямбаас нямд шилжих шөнө хүчин төгөлдөр болсон байна. Ираны Гадаад хэргийн сайд Аббас Аракчи хоригийн механизмыг хууль зүйн хувьд тоож үзсэнгүй. Америкийн төлөөлөгч Дороти Ши “Европын гурвал” (Герман, Франц, Британи)-ын гол асуултад Иран хариулт өгөөгүй болохоор хоригийг буцааж хэрэглэх нь гарцаагүй гэж Аюулгүйн Зөвлөлийн хуралдааныүеэрмэдэгджээ. Москва, Бээжингийн чармайлт талаар болсон ч Ираны эсрэг тавьсан НҮБ-ын хатуу хориг буцаж хэрэгжихгүй гэж Орос мэдэгдлээ. Иранд зэвсэг нийлүүлэх, ураныг баяжуулах, дахин боловсруулахыг, цөмийн зэвсэг зөөх чадалтай баллистик пуужинтай холбоотой аливаа үйл ажиллагааг хориглохоор түүндтусгасан байжээ. Түүнчлэн Ираны төрийн олон арван ажилтныг гадаад оронд зорчихыг хориглож, мөн олон хүн, байгууллагын хөрөнгийг царцааж, Ираны цөмийн хөтөлбөрт ашиглаж болох бүхнийг нийлүүлэхгүй болгожээ.
Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан эх орон руугаа буцахын өмнө сэтгүүлчидтэй уулзахдаа НҮБ-ын хориг ойрын үед сэргэлээ ч тус улс цөмийн зэвсэг дэлгэрүүлэхгүй байх тухай гэрээнээс гарах бодолгүй байна гэж хэлсэн гэнэ. Энэхүү гэрээг 2015 онд Иран болон АНУ, Британи, Франц, Герман, Орос, Хятадын хооронд байгуулсанаж. Нэг жилийн өмнө АНУ гарсны улмаас 2019 онд Иран уг гэрээнээс мөн гарч, цөмийн хөтөлбөрөө үлэмж тэлсэнд олон улсын хамтын нийгэмлэг түгшүүр зарлажээ. Иран улмаар МАГАТЭ-гийн ажилтнуудыг улсаасаа гаргаж, 440 гаруй килограмм баяжуулсан ураны гарал үүслийг тайлбарлахаас татгалзав. Энэ хэмжээний уран цөмийн 10 цэнэгт хошуутай болоход хангалттай хүрэлцэх боломжтой.