Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ынхон Архангай, Баян-Өлгий, Завхан, Ховд, Сэлэнгэ, Увс, Говь-Алтай аймгийн 17 сумд өнгөрсөн сард хяналт шалгалт хийжээ. Энэүеэрээсургуулийн өмнөх боловсролын болон эрүүл мэндийн байгууллагатай холбоотой цөөнгүй зөрчил илрүүлсэн байна. Тухайлбал, Архангай аймгийн Тариат сумын хүүхдийн цэцэрлэгийн танхим агааржуулалт муутай, стандартын шаардлагад нийцэхгүй барилга, байгууламжтай байжээ. Мөн Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын цэцэрлэг эко ариун цэврийн өрөөтэй ч өвөл хөлдчихдөг тулхүүхдүүд нүхэн жорлонд бие засдаг аж.
ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаяр “Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өнгөрсөн онд баталж, есдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Бид уг хуулийн хэрэгжилтийг орон нутагт хэрхэн хангаж буйг өнгөрсөн сард шалгалаа. Ингэхэд хүүхэд хамгааллын байгууллагын уялдаа холбоо маш сул байна. Мөн хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлж буй ажилтнуудын мэдлэг, чадвар хангалтгүй. Бас орон нутгийн цэцэрлэгийн барилга, байгууламжийн чанар, хүртээмж муу. Зарим сумын цэцэрлэгийн хүүхдүүд гадаа бие засаж байна. Түүнчлэн хүүхдийн хувийн мэдээллийг нэгдсэн самбарт ил байршуулсан зөрчил түгээмэл илэрсэн” гэсэн юм.
Архангай, Баян-Өлгий, Завхан, Ховд, Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн байгууллагад хяналт шалгалт хийхэд барилгын чанар стандартад нийцэхгүй, эмч, мэргэжилтний болон тоног төхөөрөмжийн хүртээмж хангалтгүй байх зөрчил түгээмэл илэрчээ. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан сэргээн засах тоног төхөөрөмж дутагдалтайгаас гадна хөдөлгөөн засалчгүй аж. Мөн тус аймгийн Алтай сумын эрүүл мэндийн төв эмэгтэйчүүдийн эмчгүй. Бас сумын хэмжээнд бохир соруулах машингүйн улмаас эрүүл мэндийн төв доторх ариун цэврийн өрөөг ашиглах боломжгүй болжээ. Улмаар өвчтөнүүд эрүүл мэндийн төвийн гадна байрлах нүхэн жорлонд бие засаж буй гэнэ. Ийнхүү эмнэлгийн санхүүжилт хязгаарлагдмал байгаа нь чанартай тусламж, үйлчилгээ үзүүлэхэд эрсдэл учруулж буй тул эл асуудлыг салбарын удирдлагын түвшинд яаралтай анхааралдааавахшаардлагатайг ХЭҮК-ынхон онцоллоо.
У.Сүрэн