УИХ-ын нэгдсэн чуулган өчигдөр хуралдаж, Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийв. Уг чуулганыг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа удирдсан юм. Нүүрсний хулгайн хэрэгт холбоотой, эсэх асуудлаа цэгцлэхээс нааш нэгдсэн чуулганыг удирдахгүй байхыг УИХ дахь АН-ын бүлгийнхэн Д.Амарбаясгалан даргаас шаардсан. Тиймээс дэд дарга нь түүнийг орлов бололтой. АН-ын дарга О.Цогтгэрэл “Уг хуулийн төсөл тунхгийн чанартай учраас завсарлага авч байна” гээд, үүнээс гадна Удирдах зөвлөлөөс нь өгсөн чиглэлийн дагуу байр сууриа тодорхойлж, шийдвэр гаргахын тулд бүлгийнхээ ээлжит бус хурлыг хийнэ хэмээснээр тэд хурлыг орхиж гарав. Бас олонх өөрсдөө ирцээ бүрдүүл гэж хүсэхээ мартсангүй. Гэхдээ АН-ын гишүүд бүгд ирцээ бүртгүүлсэн байлаа.
Тэд ээлжит бус хуралдаанаа хийсний дараа АН-ын гишүүн Х.Тэмүүжин мэдээлэл өгсөн. Тэрбээр “Даваа гарагт болсон өргөтгөсөн хуралдааны үеэр Улс төрийн зөвлөл УИХ дахь бүлэгт хоёр чиглэл өгсөн. Эрх баригч намын даргын сонгуультай холбоотойгоор хариуцлагатай албан тушаалтнууд нь гэмт хэргийн шинжтэй олон мэдээллийг задаллаа. Мөн УИХ-ын даргатай холбоотой асуудал үүсэж буй учраас үүнийгээ шийдтэл Д.Амарбаясгалан парламентын нэгдсэн чуулганыг удирдах нь зохимжгүй, сонирхлын зөрчил үүснэ гэж үзсэн. Хэрэв энэ хүн хурал удирдвал УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд хуралд оролцохгүй гэдэгт бид улс төрийн нэгдмэл байр суурь баримтлах нь зөв гэж үзлээ. Асуудлаа цэгцэлтэл, ядаж олон нийтэд итгэл төрүүлэхүйц тайлбар хийтэл нь Д.Амарбаясгалангаар хурал даргалуулах ёсгүй. Хоёрдугаарт, төр эзэнгүйдлээ, бүх яамд хүлээлтийн байдалтай байна. Улсын төсөв эзэнгүй, үүнийг хэлэлцэх гэхээр сайд нар нь ч итгэл үнэмшилгүй, ажилдаа хариуцлагагүй хандаж байна. Тиймээс төсвөө буцааж тат гэж буй юм. Гудамжинд ахмадууд тэтгэврээ, багш нар цалингаа нэмүүлэхийг шаардаж байхад ямар ч хариу алга. Д.Амарбаясгалан ч, Г.Занданшатар ч ялгаагүй ашиг сонирхлын зөрчилтэй болж, эзэнгүй байдлыг үүсгэлээ. Үүнийг шийдэхгүйгээр улс орон урагш явахгүй нь. АН-ынхан ажлаа хийнэ. Бид парламентын ажлыг гацаагаагүй, Үндсэн хуулийн зөрчил үүсгэхгүй. АН улсын төсвийн хэлэлцүүлгээс завсарлага аваагүй шүү дээ. Парламент яах гэж дэд дарга нартай байдаг юм. Дэд дарга нь хурлаа удирдвал бид оролцоод төсвөө хэлэлцээд явна. Гэхдээ дээрх хоёр хүнгүйгээр ажлаа үргэлжлүүлэх ёстой. Тэдний нэг нь намдаа, нөгөө нь парламентад итгэл даахгүй байна” гэлээ.