АНУ тусгаар тогтнолоо баталгаажуулсны 250 жилийн ойг тохиолдуулан Дональд Трампыг дүрсэлсэн нэг ам.долларын зоос үйлдвэрлэхээр төлөвлөж буйгаа өнгөрсөн нэгдүгээр сард мэдээлсэн билээ. Тэгвэл тус улсын Сангийн яамнаас эл зоосны нооргийг өнгөрсөн баасан гарагт танилцуулжээ. Зоосны нэг талд “Fight, fight, fight” гэж бичсэн бөгөөд Трампын толгойны ард Америкийн далбааг дүрсэлсэн байна. Харин эсрэг талд нь liberty буюу эрх чөлөө, in god we trust буюу бид бурханд итгэдэг хэмээн бичжээ. Дональд Трамп 2020 онд буюу анхны бүрэн эрхийнхээ хугацааг дуусах үед Америкийн тусгаар тогтнолыг тэмдэглэж, 250 жилийн ойд зориулсан нэг ам.долларын зоос гаргах зарлиг гаргасан бөгөөд энэ шийдвэрийг нь хоёр намын дэмжлэгтэйгээр баталсан байдаг. Гэвч зоосон дээр Трампыг дүрслэхэд өдгөө багагүй бэрхшээл тулгарч буй гэнэ. Учир нь тус улсын хуулиар зөвхөн нас бараад хоёр жил болсон Ерөнхийлөгчийн зургийг л зоосон дээр дүрсэлж болдог байна.
У.Цэцэгсүрэн