Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өчигдөр мэдээлэл хийж, Засгийн газрын 55 дугаар тогтоол төсөвт 200 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх мэдээллийг няцаав. Ашигт малтмал экспортлогч аж ахуйн нэгжүүд тухайн бүтээгдэхүүнийхээ дөрөвний нэгийг биржээр арилжаалсан тохиолдолд АМНАТ-ийг биржийн арилжааны үнээр тооцож ногдуулахаар уг тогтоолд тусгасан аж. Эл шийдвэрийг улс төрийн зорилгоор мушгин гуйвуулж байна хэмээн тэр тайлбарлав. Мөн уг тогтоолоор харин ч биржийн арилжааг дэмжсэн гэнэ. Тэрбээр “Биржийн арилжаа бол хэн хамгийн өндөр үнэ санал болгосонд нь бүтээгдэхүүнээ худалддаг. Ил тод, өрсөлдөөнтэй арилжаанаас 120 гаруй тэрбум төгрөгийн нэмэлт орлого олно. Дээрх тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн үйл ажиллагааг ашигтай болгож, иргэдэд 1072 хувьцааны ногдол ашиг тараах боломжийг бий болгосон. П.Сайнзориг гишүүний БЭТ-өөр нь ажиллаж байсан энэ компани хамгийн их үр ашиг хүртэнэ. П.Сайнзориг өөрөө ХЗДХЯнд 2013 оноос хойш ажиллахдаа нийт 10 тогтоолын тавд нь оролцсон. Тэр үед яагаад Засгийн газрыг огцруулах талаар яриагүй юм. Шударга л байх хэрэгтэй шүү дээ. Биржийн тухай хуулийг болиулах талаар гадна, дотноос олон шахалт ирдэг. Би нуухгүй. Одоо хулгайг нь ярихаар үсрээд гараад ирж байгаа юм уу. “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн борлуулалтыг ашигтай байлгахыг хүсэхгүй байгаа хүмүүс л дээрх мэдээллийг тарааж байна. Засгийн газар хэнд ч давуу байдал олгоогүй” гэлээ.
Засгийн газар дээрх шийдвэрийг гаргаснаас хойш 40 хоногт 5.1 сая тонн нүүрс биржээр борлуулж, 2.3 их наяд төгрөгийн орлого олсон аж.